Хурд гаргаж авахдаа азарга, гүүний тохироог бүрдүүлэх учиртай

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 24

Монголын алдартай уяачдын удамт хурдан адуутай болсон түүх, эрдмийг хүүрнэсэн Шарын Ганхуягийн “Эрдэнийн хүлэг оршвой” ном хэвлэгдэн гарчээ.

Хэвлэлийн будаг нь ханхлах шинэхэн номын хуудсыг дэлгэж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, Зууны манлай, Тод манлай уяач Д.Даваахүүгийн яриаг уншигч танд хүргэж байна.

Д.Даваахүү өгүүлэх нь: Хурдан морины бярыг нэг хүчин дээр нь тогтоож уявал бяр тогтоно. Давхил нь гараад ирсэн морийг давхил нэмэх гэж оролдох хэрэггүй. Гарч ирсэн давхилыг нь хадгал. Уяа нь таарсан адууны өнгө гурав хувирна. Зөв уяатай адууны үс босоо өнгөтэй харагдана. Үс хугаралттай бүрсгэр бол уяа буруудаж, зүдэргээ суусных юм. Хурдан морийг ерөнхий таван шинжид хуваана. Энэ таван шинж 16 язгуурт хуваагдана. Үндсэн таван шинжээр морины уяаг тохируулна гэж хурдан морины судар бичгүүдэд эрт дээр үеэс бичиглэн үлдээхдээ гөрөөс, хандгай, буга, бөхөн, чоно, туулай, хулан, тахь, мэлхий, арслан гэх мэт хэлбэр хийцийн язгуурыг дүйцүүлэн тэмдэглэжээ. Ингэхдээ тэр морины биеийн бүтэц, уяаны нөхцөл байдлыг тухайлан зааж өгсөн байдаг.

Миний хурдлуулж байсан Морин тойруулгын Алтангадас гэдэг зээрд халзан азарга зээрэн шинжийн адуу юм. Ийм морины уяа ойрхон байдаг тул хөнгөн уяагаар сойно. Цавьдар халзан азарга буга шинжтэй тул уяа нь хол гойруулсхийж сойно. Мөн хурдан адууны дээд их бие хөнгөн, үе мөч шударгуу, бат бэх, үеийн зангилаа товгор бөөрөнхий зангилаа сайтай бол хурдан цуцаагүй байна. Дээд бие хүнд, хөл нарийн байх тусам холд амархан цуцна.

Хурд гаргаж авахдаа азарга, гүүний тохироог бүрдүүлсэн байх учиртай. Хөнгөн ястайг хүнд ястайд, хүнд ястайг хөнгөн ястайд хураалга. Мөн галбир шинжээр хандгай шинжийн азарганд туулай, гөрөөс шинжийн гүү, туулай шинжийн азарганд хандгай, луу шинжийн гүү хураалгана. Энэ азарга гүүний тохироог хэчнээн сөөлжүү байх тусам хурд гарах эвцэл сайн байна. Хурдан азарганы үр олон үедээ хурдлахгүй байна гэдэг азарга, гүүний тохироог алдсанаас болдог. Зөвхөн шинж төрхийг хөөж харах нь ихээхэн учир дутагдалтай. Хамгийн гол нь удам угшил сайн байх ёстой.

Сайн удмын адууны яс цус хэчнээн орсон байх тусам хурдан адуу төрөх үндэс язгуур болж өгнө. 1977 оны улсын наадамд түрүүлж, хоёр айрагдсан Салхин хэмээх хүрэн халзан азарганы төл цавьдар халзан азарга Улсын наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан. Түүний үр Өндөр зул гэдэг хонгор азарга улсын наадамд 1991 он хязаалан аман хүзүүлж, 1997 онд түрүүлсэн. Хонгор азарганы охин талаас гарсан хүү Баянбатын Наран хонгор азарга улс, бүсийн наадамд түрүүлэв. Энэ бол дөрвөн үедээ улсын наадамд түрүүлээд байгаа удамт хурдан азарга болж байна. Үүнийг тодотгох үүднээс зарим жишээг хэлье. Сайн уяач гэж адуутайгаа, морьтойгоо цэвэр харьцахыг хэлж байгаа юм. Нас насандаа сайн морь, сайн уяач гэж байдаг.

Миний аав Данзаннямын морь уях аргачлал дээд гурван насандаа сайн. Манлай уяач Гарамжав гуай гэхэд шүдлэн насандаа сайн байлаа. Энэ их уяач улсын наадамд зургаан шүдлэн түрүүлгэсэн байв. 

Уяач морьтойгоо хэдий чинээ ойрхон байж харьцаж, алдаа эндлийг нь засч, морины шинжид аль нэг дутуу байгааг нөгөө илүү шинжээр нь нөхөж чадсанаар амжилтад хүрнэ. Үүнийг тодруулбал, Сүврэгдэсний хавирга дээгүүрээ тэвхгэр адууны гэдсийг тогтоох хэцүү. Сүвээний хавирга богино бол цавиараа тасраад умс нь цээж рүүгээ огшин гэдэс тасрах аюултай. Чихний холбоос ойрхон стоон чихтэй адуу хэвтээ ястай суунги байна. Хурдан адууг уяхдаа зөөлөн хатууг тохируулах гэж байдаг. Энэ нь уян хатанг тохируулна гэсэн үг.

Тухайлбал зооны хатыг зооны бариа ч гэдэг түүнийг тааруулахдаа нимгэн зоотой адууны зооны махыг барвал зоогоороо тавил сайн боловч татах бяр нь хүрэхгүй. Тэгэхээр ийм морийг хатируулж хөлсөлбөл зооны махаа барах нь бага байна. Зооны бярыг хадгал. Хэрэв зооны мах зузаан бол хат ихдэж, татах хүч их байв, тавил бариатай тул муу байна. Ийм морийг цогиулж хөлсөлдөг. Энэ морины зооны махыг нимгэлэх хэрэгтэй. Хавирганы матаас доод үзүүрээрээ задгай тавиу байвал хий зай ихтэй учир хоолоо амархан гөвнө. Ийм морины гэдэс хоолыг задгайгаар тохируулна.

Хатуу шөрмөс, булчинг тавиулж уралдана. Зөөлөн шөрмөс уян хатан хөлийн тавилт сайн боловч татах хүч алгуур байх тул хадгалж уралдах нь зөв байдаг. Хурдан морины хөлийн шөрмөс дээрээсээ доош буухдаа үзүүрээрээ нарийсч буусан байвал хөлийн хурд ихтэй, хурц давхилттай боловч холд цуцаатай байна. Хэрэв доошоо өргөсч, тавиу болж буусан байвал цуцаа багатай байна. Шөрмөсний бариаг давхилаар тааруулна. Бариа тавиа нь таарсан шөрмөсийг барьж үзэхэд хурууны өндгөнд мөнгөн ус гүйх мэт мэдрэгдэнэ. Чихний үзүүр шовх, дээд уруул цорвоороо шөмбөгөр, туурай хурц ирмэгтэй, сүүлний үзүүр бийр мэт шингэн адуу барианы газар үзүүр дээрээ хурц зоримог дайрч дийлээч байна. Тэнгэрийн хаяа, холыг харж сортолзон зогсох адуу сэтгэл хөнгөн хөдөлгөөнтэй, биеэ дайчлах нь сайн боловч ир тогтоох амаргүй, зүрх зориг муутай байна. Газар шагайн духайгаад зогсох буюу унтаад байх адуу биеэ дайчлах нь удаан цалгар наазгай боловч ир тогтоох нь амархан, зүрх зориг сайтай, давхиач байна. Ийм морины уяа алдагдах нь бага байдаг.

Аав бид хоёрын уяаны арга барил арай өөр юм. Аав бол монгол морины уяач хүн. Морийг гойруулсхийж, хатуу сойно. Би бол морин тойруулгын эрлийз адууны уяач юм. Аавын хурдан морьд хөөж гүйцэх юм уу зуузайлж түрүүлдэг. Миний сойсон морьд голдуу зугтаж түрүүлдэг. Ер нь хүн мориныхоо алдааг мэдрэмжээрээ засч чадаж байвал уяач болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хурд(202.179.25.246) 2021 оны 01 сарын 24

Хурлан морь одоо цагт хэрэггүй болж. Дээр үед өртөө, улаа наадамд уралдуулахад хэрэгтэй байж. Өнгөрсөн цагт амьдрах гэсэн хүмүүсийн мөрөөдлийн гансрал морь уралдуулж амьтан зовоох.

0  |  1
Top