Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ дахь албан ёсны айлчлалаа амжилттай өндөрлөөд эх орондоо ирлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар чухал тохиролцоонд хүрч, хамтарсан мэдэгдэл гаргасан, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд бодитой, дэвшилтэт алхмууд хийсэн гээд энэ айлчлалын тухай олон сайн мэдээ хэлж болох ч хамгийн анхаарал татсан хоёр үйл явдлыг онцлохгүй байхын аргагүй юм. АНУ-ын Сенат Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг тохиолдуулан нэгэн тогтоол гаргасан нь Сенат түүхэндээ анх удаа иргэнд зориулж тогтоол гаргасан явдал байсан юм. Сенатор Жон Керри, Мич Макконнелл, Ричард Лугар, Лиз Муркавски, Жин Вэб нарын санаачилгаар баталсан, АНУ-ын 112 дугаар Конгрессийн нэгдүгээр хуралдааны гэх энэхүү тогтоолд "Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Вашингтон хотноо айлчилж байгааг болон АНУ, Монгол Улсын хоорондын түншлэлийг нэмэгдүүлэхэд энэхүү айлчлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг АНУ-ын Сенат дэмжиж, энэхүү тогтоолыг гаргаж байна" гэжээ.
Уг тогтоол хоёр улсын харилцааны түүхэн дэх чухал үйл явдлууд, баримт бичгүүдийн талаар дурдаад, ирэх жилүүдэд хоёр орны харилцааны хүрээнд хэрэгжих үйл ажиллагааг баталгаажуулжээ. Мөн Монголын ард түмэн чөлөөт, шударга, ардчилсан Ерөнхийлөгчийн сонгуулиа 2009 оны тавдугаар сарын 24-нд тайван замаар явуулж, сөрөг хүчин болох Ардчилсан намын нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгосон болохыг тусгайлан дурдаж, түүний Вашингтон хотноо хийсэн түүхэн айлчлал нь АНУ, Монгол Улсын төр засаг, ард түмнүүдийн нөхөрлөлийг улам бэхжүүлснийг энэхүү тогтоол баталгаажуулсан юм. Мөн "Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газар ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, ил тод байдал, хууль ёсыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг хамгаалах талаар ажиллаж байгааг сайшаан тэмдэглэж байна" гэжээ. АНУ-ын Засгийн газар эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихээ үргэлжлүүлэх, хоёр орны хөгжил цэцэглэлтийг дэмжихийн тулд хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн тогтолцоогоо сайжруулж, хөгжлөө хурдасгах чиглэлээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажиллахад нь Монгол Улсын Засгийн газрыг АНУ-ын Засгийн газар дэмжих ёстой, АНУ-ын Засгийн газар Монгол Улстай боловсрол, соёл, хүмүүс хоорондын харилцаа, солилцоог улам өргөтгөх ёстой хэмээн АНУ-ын Сенатаас баталсан энэүү тогтоолд бичжээ.
Ийнхүү АНУ-ын Сенат Монгол оронтой харилцах харилцаандаа онцгой анхаарч байгаагаа илтгэж тогтоол баталсан нь "Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал түүхэн чухал айлчлал боллоо" хэмээн дүгнэж болох нэгэн үйл явдал байлаа. Өөр нэгэн анхаарал татсан үйл явдал бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Азийн нийгэмлэг"-ээс "Төрийн гарамгай зүтгэлтэн" шагнал хүртсэн явдал байсан юм. Хагас зууны тэртээ алдарт Рокфеллерийн гэр бүлийнхний санаачлан үүсгэн байгуулсан "Азийн нийгэмлэг" бол Ази тив, Азийн улс орнуудыг дэлхийд сурталчлан таниулахад голлох үүрэг гүйцэтгэж байгаа, АНУ-аас Ази тив рүү чиглэсэн бодлогыг тодорхойлдог нэр хүнд, хамрах хүрээгээрээ "номер нэг" төрийн бус, ашгийн бус байгууллага юм. "Азийн нийгэмлэг" улс төр, бизнес, хүмүүнлэгийн үйл ажиллагааг зөвхөн Азийн төдийгүй дэлхийн хэмжээнд гүйцэтгэж, гарамгай гавьяа байгуулж байгаа хүмүүсийг шагнадаг уламжлалтай бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь ч хэвлэлийнхэн, улс төрийн хүрээнийхний тухайн жилийн хамгийн анхаарал татах үйл явдлуудын нэгд зүй ёсоор тооцогддог байна.
Энэ сарын 16-ны өдөр АНУ-ын Вашингтон хотын Риц Карлтон дахь зочид буудлын хүлээн авалтын танхимд болсон ёслолын ажиллагаанд Америкийн мэдээллийн "бүхий л томоохон" хэрэгслэлүүд ирсэн байлаа. Азийн нийгэмлэгийн гишүүд болох улс төрчид, дипломатчид, бизнес эрхлэгчид болох 1000 гаруй зочид энэхүү шагнал гардуулах ёслолын гэрч нь болсон юм. "Азийн нийгэмлэг"-ийн 2011 оны шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Нобелийн Энхтайвны шагналт, сүүлийн хагас зуун жилийн турш Америкийн гадаад бодлогыг тодорхойлоход "голлон тоглогч" байсаар ирсэн алдарт Хенри Киссинжер хүртлээ.
"Азийн нийгэмлэг" өмнөх жилүүдийн шагналаа АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Поуэлл, Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн, "Кока Кола" компанийн удирдах зөвлөлийн дарга Невил Исделл," Үаhоо"-г үндэслэн байгуулагч Жерри Янг зэрэг дэлхийд нэр хүндтэй, алдартай хүмүүст олгож байжээ. Харин энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байгаа нь тэрбээр лидерийнхээ хувьд дэлхийн анхаарлыг татах болсонтой холбоотой гэж дүгнэж болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал авах үеэрээ хэлсэн үгэндээ "Хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа гол аюул бол ус, эрчим хүч, хүнсний хомсдол юм” гээд энэхүү аюулыг даван туулах боломжийн талаар санал дэвшүүлсэн юм. "Түүний хэлсэн үг үнэхээр анхаарал татаж чадлаа" хэмээн ёслолын ажиллагааг сурвалжилсан сэтгүүлчид онцолж байлаа. Ийнхүү айлчлалаа амжилттай хийсэн Ерөнхийлөгч эх орондоо ирлээ. Эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж, олимпийн дэвжээнээс алтан медаль авсан аваргуудаас ялгаагүй нэр төр авч ирлээ. Талархан хүлээн авцгаая.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )