Банкны эзэд Төрийн ордонд хувь эзэмшлээ хамгаалах лобби өрнүүлж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 27

-Хуулийн шинэчэлээр арилжааны банкуудын эрсдэл даах чадварыг дээшлүүлнэ-

Банкны тухай хуулийн шинэчлэлээр банкны өмчлөлийг 20-иос дээшгүй хувь болгон бууруулахаар болж байгаа. Нэр бүхий банкны эзэд таалаагүй энэ хэлэлцүүлгийн явцад 50 хүртэл хувь болж өсөх талаар яриа төрийн ордонд өрнөх болжээ. Тэдний төлөөлөл хувь эзэмшлээ хамгаалах лобби  хийж эхэлсэн нь ийм учиртай. Арилжааны банкуудыг нээлттэй хувьцаат компани болгосноор эрсдэл даах чадварыг дээшилнэ. Зарим тохиолдолд хувь эзэмшигч өөрөө банкны хамгийн том зээлдэгч болж, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг эрсдэлд оруулдаг байдлыг халах юм. Монголбанкны зүгээс ч банкны хяналт шалгалт, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж, хөрөнгийн зах зээлийн хөгжил, банкин дахь олон нийтийн оролцоо хяналтыг бий болгох олон ач холбогдолтой гэж танилцуулсан.  

Ер нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас гадна дэлхийн даяар банкны салбарыг хамарсан томоохон хямралууд гарч байсан нь эрсдэлээс ихэнх тохиолдолд банкны эзэд, удирдлагаас шууд шалтгаалсан байдаг аж. Улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх эхэлсэн Банкны хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн гол өөрчлөлт болох эздийн хувь хэмжээг дэлхийн олон улсад хатуу тогтоож өгч шийдвэрлэж байгаа. Тухайлбал,  БНСУ, Индонези, Иран, Оман, Канад, Тайланд, Бангладеш, Шриланк, Филиппин улсуудын туршлагыг авч үзэхэд банкны хувь эзэмшлийн төвлөрлийг хатуу зааж өгчээ. Олон улсын судалгаагаар хувь эзэмшлийн төвлөрөл өндөр байх тусам банкны санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг бөгөөд илүү эрсдэлтэй стратеги, үйл ажиллагааг эрхлэх хандлагатай байдаг нь санхүү төлбөрийн чадварын эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Харин банк  хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулснаар компанийн удирдлага, засаглалын үзүүлэлт сайжрах, олон нийтэд ил тод болж хяналт сайжирснаар эрсдэл буурах давуу байдлууд гарчээ.  

Уг өөрчлөлтөөр арилжааны банкны хамгийн том хувьцаа эзэмшигч 2026 он гэхэд эзэмшлийн хувьцаагаа 20 хувь хүртэл бууруулна. Өнгөрсөн хугацаанд арилжааны банкны холбогдох этгээдтэй хийсэн ашиг сонирхолын зөрчилтэй хэлцлээс шалтгаалж банкны төлбөрийн чадвар алдагдаж татан буугдсан гэдгийг төсөл санаачлагчийн зүгээс онцолсон. Ялангуяа өөрийн хөрөнгийн дутагдалтай банкууд дийлэнх тохиолдолд банкны хувьцаа эзэмшигчийн оролцоо нөлөөлж, банкны хувьцааны өмчлөл ба хяналтын тэнцвэрт нэг этгээдэд хэт төвлөрч, тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой байжээ. Тиймээс арилжааны банкуудыг нээлттэй хувьцаат компани болгож, нэг оролцогчийн хамгийн их эзэмшлийг ийн бууруулж өгч байгаа. Банкны эрх мэдлийн төвлөрлийг бууруулах энэ заалт 2023 оноос үе шаттай хэрэгжих учиртай. Гэвч зөвхөн энэ заалтаас шалтгаалан УИХ дээр хуулийн төсөл бүхэлдээ унах практик магадлал өндөр. Тэр нь УИХ-д банкны эзэдтэй ашиг сонирхол нэгтэй гишүүдийн эрх мэдлийн асуудал болж хувирна. Ийм зөрчил үүснэ гэж тооцвол хуулийн төсөл яаж ч дүрээ хувиргаж мэднэ. Ямартай ч санхүүгийн салбарт байгаа хамгийн том төвлөрлийг задлах ач холбогдолтой хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа нь сайн хэрэг.

ОЛОН УЛСАД АРИЛЖААНЫ БАНКНЫ ХУВЬ ЭЗЭМШЛИЙН ТОГТООСОН БАЙДАЛ
 

Энэ талаас нь харвал арилжааны хөрөнгийн төвлөрөл өндөртэй манай санхүүгийн салбарын 90 хувий эзэлдэг банкуудад дархлаа болох сайн талтай. Тухайлбал, хамгийн сүүлд дапуурал зарласан “Капитал” банк хоёр хувьцаа эзэмшигтэй байсан бол өнөөдөр хүндрэл ороод буй “Чингис хаан” нэг хүний мэдлийнх байгаа юм. Нэг, хоёр хүн олон мянган хүний хуримтлалын хөрөнгийг дур зоргоороо зарж, эрсдэлд оруулж буй нь өөрөө манай санхүүгийн салбарын эрсдэл. Хэрэв системийн нөлөө бүхий “Худалдаа хөгжлийн банк”, ХААН, “Голомт” банкны эзэд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг үр ашиггүй буруу зараад эхэлбэл, Монгол Улсын эдийн засгийг тэр чигт нь чирэх аюултай. Тиймээс банкуудыг системдээ ач холбогдолтой, ач холбогдолгүй гэх ойлголт бий. Системд томоохон байр суурь эзэлж буй банк хүндрэлд орвол нийт системээ араасаа дагуулах эрсдэлтэй. Жишээлбэл, системийн нийт хөрөнгийн 20 хувийг төвлөрүүлсэн банкинд хүндрэл үүсвэл, үлдсэн 80 хувьд хүчтэй нөлөө үзүүлнэ. Тиймээс системийн хувьд ач холбогдолтой томоохон банкуудыг ангилж, илүү өндөр хяналт тавьж үйл ажиллагааг нь хянах шаардлагатай болж байгаа юм. Энэ бол зөвхөн Монголд баримталж буй бодлого биш. 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр үүссэн асуудлуудын нэг нь энэ. Тухайн үед ач холбогдолтой банкууд системдээ том хувь эзэлдэг, мөн нэг нь нөгөөгөөсөө маш их хамааралтай болчихсон байсан. Улмаар нэг банк нь хүндрэхэд системийн хэмжээний эрсдэл үүссэн. Энэ бол дэлхийн санхүүгийн хямралаас авсан том сургамж. Монголд түүнээс өмнө системийн ач холбогдолтой, ач холбогдол багатай банк гэх ойлголт байгаагүй аж. Монголбанкны тодорхойлсноор банкны системд нөлөө бүхий банкуудад ХААН, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн зургаан банк багтаж байна. Эдгээр банкууд нь системийн 90-ээс дээш хувийг бүрдүүлж буй. Түүнчлэн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс банкуудыг дотор нь том-3, дунд-3 болон бусад банкууд гэж ангилан авч үзсэн байдаг. Таван их наяд төгрөгөөс дээш активтай бол том, 1-5 их наядын активтай бол дунд ангилалд оруулж байгаа. Нэг их наяд төгрөгөөс бага активтай банкуудыг системийн бус гэж үздэг. Одоогоор систем хамгийн их нөлөөтэй гурван том банкаар “Худалдаа хөгжил”, ХААН, “Голомт” тооцогдож байна. Тэгвэл 1-5 их наядын автивтай буюу дунд ангилалд “Хас”, “Төрийн банк” “Улаанбаатар хотын банк”-ууд багтдаг бөгөөд “Чингис хаан”, “Капитрон”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Ариг”, “Богд”, “Кредит”, “Тээвэр хөгжлийн банк”-уудыг системийн бус банк гэж үзэж байгаа. Энэ ангилалаас үзвэл, аз болж өнөөдөр системийн бус банкууд л эздийнхээ уршгаар хүндрээд байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.182) 2021 оны 01 сарын 27

БАНКНЫ ӨМЧЛӨЛИЙГ 10 % -С ИХ БАЙЛГАЖ БОЛОХГҮЙ. БАНКУУД 30 ЖИЛ МОНОПОЛДСОН, ОДОО БОЛООШ ТЭЭ...

1  |  0
Matilda(154.66.132.133) 2021 оны 01 сарын 27

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59

0  |  1
Zochin(64.119.16.2) 2021 оны 01 сарын 27

Хэрвээ банкны энэ хуулийн тосол унавал энэ их хурал тарвал таарна

0  |  0
vb(103.57.94.46) 2021 оны 01 сарын 27

20

0  |  0
Зөв (66.181.181.27) 2021 оны 01 сарын 27

Зөв баярллаа амжилт тэгэхгүй бол банк бараг бүх бизнесийг булаасан

1  |  0
Уих(202.9.40.199) 2021 оны 01 сарын 27

хуульд чинь ийм ч заалт оруулна тэгж ч дордуулна ,батална гэж айлгаж өөрийгээ аргадуулдах ажил хийхгүй байхаа

0  |  0
Top