-Америкийн түүхчид, улстөр судлаачдын хариултууд-
Америкийн шинэ үеийн түүхэн дэх хамгийн өвөрмөц удирдагчдын нэг болох Дональд Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа өнгөрөгч лхагва гарагт дуусгавар болов. Түүний ажил үйлс болон хэлсэн үгсээс юу нь мартагдаж, харин юу нь түүхийн сурах бичигт үлдэх бол оо. Энэ талаар Америкийн зарим шинжээчид, түүхчид ВВС-д хэрхэн хариулсан талаар толилуулья. Тэднээс дараах хоёр асуултад хариулт авчээ:
1. Трампын өв уламжлалыг та хэрхэн харж байна вэ?
2. Та өөр юуг онцлохыг хүсэж байна вэ?
Шинэ хэт барууныхны харилцаа
Мэтью Континетти-Америкийн аж ахуйн нэгжийн хүрээлэнгийн ажилтан, Бүгд найрамдах нам болон АНУ дахь консерватив хөдөлгөөнүүдийн түүхийн шинжээч
1. Америкийн түүхэнд хоёр удаа импичмент зарлуулсан Ерөнхийлөгч гэдгээрээ Дональд Трамп дурсагдах болно. Тэрбээр сонгуульд ялалтаа луйвардуулсан мэтээр “үлгэр зохиож”, сонгогчдын саналын баталгаажуулалтыг эсэргүүцэхийн тулд Вашингтонд өөрийн дэмжигчдээ цуглуулангаа улс орныг хүчээр өөртөө эргүүлэн авах тухай мэдэгдэж, үндсэн хуулийн заалтыг биелүүлэхэд саад хийх зорилгоор Капитоли ордныг дайрахад өдөөн турхирсан юм. Иймд энэхүү эмх замбараагүй бослогын “призм” дундуур шагайнгаа түүний ерөнхийлөгчийн хугацааны тухай ирээдүйн түүхчид бичих биз ээ.
Тэд Трамп хэт барууныхантай хэрхэн харьцаж байсан, мөн эрдэнэт хүний амь нас эрсдэхэд хүрсэн Шарлоттсвилл дэх эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбогдуулан түүний илэрхийлсэн харгис байр суурь, түүний өөгшүүлэн дэмжиж байсан хорлонт хуйвалдааны онолууд хэрхэн түгэн тархаж байсан зэрэгт голлон анхаарах магадлалтай.
2. Хэрэв Трамп өмнөх удирдагчдын үлгэр жишээгээр эрх мэдлээ тайван замаар, нэр төртэйгөөр шилжүүлсэн бол хэдийгээр популист ч гэсэн тууштай удирдагч байсан хэмээн сайнаар дурсагдан үлдэх байлаа. Мөн түүнийг төрийн эрх барих хугацаанд АНУ-ын Хятадад хандах харилцаанд өөрчлөлт гарч, цар тахлаас өмнө эдийн засгийн өсөлт цэцэглэж, террорист бүлэглэлүүдийн удирдагчид хөнөөгдөн, сансрын хөтөлбөр шинэчлэгдэж, Дээд шүүхэд консерватив олонх зонхилж, Ковид-19-ийн эсрэг вакциныг боловсруулах хөтөлбөрийг маш богино хугацаанд батламжилсан гэх мэт олон сайн зүйлсээр Тэр дурсагдан үлдэх байв.
Дэлхийг захирахаа больсон
Лора Белмонте-Виржинийн Политехникийн их сургуулийн чөлөөт урлаг, шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч, профессор, гадаад бодлого болон соёлын дипломатын мэргэжилтэн
1. Тэр дэлхийн удирдлагаас татгалзаж, түүнийг “бүслэгдсэн цайзын” дотогшоо чиглэсэн сэтгэлзүйгээр солих оролдлого хийсэн боловч амжилтанд хүрээгүй. Энд гол асуудал нь, олон улсын тавцан дээрх Америкийн нэр хүнд унасан явдал. Хэр зэрэг ноцтой хор хохирол учирсан болохыг бидэнд цаг хугацаа харуулах л үлдлээ.
АНУ-ын сонгуульд Орос хутгалдсан байж болзошгүй талаарх маргаанд чиглэсэн хамтарсан хэвлэлийн бага хуралд тэрбээр 2018 онд Хельсинки хотноо Владимир Путинтэй хамт оролцохдоо Америкийн тагнуулын байгууллагын талд бус, харин Путины талыг дэмжсэн байр суурьтай оролцсон явдал миний гайхашралыг төрүүлсэн. Ерөнхийлөгч маань ардчилсан бус, өрсөлдөгч орны талыг тэр чигтээ дэмжиж байсан өөр түүхийг би санахгүй байгаа.
Энэ нь улс хоорондын гэрээ хэлцлүүд, ялангуяа цаг уурын талаарх Парисын хэлцэл болон Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрээс гарсан явдалд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.
2. Трамп Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нараар бахархдаг байсан. Тэрбээр АНУ-ын дэлхий дахинд авчирч буй үнэт зүйлсийг үгүйсгэдэг тэдгээр удирдагчид болон дэглэмтэй холбогдохыг хүсэн “толгой нь эргэсэн” гэж болно. Энэ бол түүний ялгагдах өвөрмөц шинж.
Бас нэгэн асуудал бол, АНУ олон улсын тавцан дээр хүний эрхийг идэвхтэй дэмжихээс татгалзсан явдал. Үүний нэг жишээ нь, Төрийн департментаас жил бүр гаргадаг хүний эрхийн тухай тайлангийн агуулгад өөрчлөлт орж, ЛГБТ эрх гэх мэт олон сэдвийг оруулалгүй үлдээсэн.
Ардчиллын бат бөх байдлыг туршсан
Кэтрин Браунелл-Америкийн Пердью их сургуулийн түүхийн ухааны профессор. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь улстөрчид болон массын соёлтой яаж холбогддог, энэ нь ерөнхийлөгчийн засаглалын институтэд хэрхэн илэрдэг талаарх асуудлуудыг судалдаг.
1. Ерөнхийдөө Дональд Трамп болон Бүгд найрамдах нам доторх түүнийг дэмжигчид, мөн консерватив хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зүгээс Америк дахь ардчиллын бат бөх байдлыг урд хожид байгаагүй аргаар туршиж үзэв.
Хэвлэл мэдээлэл болон ерөнхийлөгчийн засаглал хоорондын шүргэлцэх цэгийг судалдаг хүний хувьд хэлэхэд, үйл явдлын талаарх өөрийн зохиомол хувилбарыг үнэн гэдэгт тэдгээр олон сая хүмүүсийг хэрхэн итгүүлж чадав гэдэгт би Трампыг гайхаад байгаа юм.
Нэгдүгээр сарын 6-нд Капитоли ордонд болсон үйл явдал бол сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Трамп хуурамч мэдээллийг идэвхтэй түгээж байсны оргил цэг болсон гэхэд хилсдэхгүй. Уотергейтийн хэрэг болон түүний араас залгасан импичмент нь Ричард Никсонтой холбоотой өв соёлын түүхэн ойлголтод олон арван жилийн туршид голлох байр суурь эзэлж байсны адилаар энэ удаагийн сонгуулийн дараах үйл явдлууд ч гэсэн Дональд Трампын ерөнхийлөгчийн засаглалыг нэгтгэн илэрхийлсэн түүхэн ойлголт болж үлдэх биз ээ.
2. Дональд Трамп албан тушаалаа авснаас хэдхэн хоногийн дараа Трамп, Барак Обама хоёрын хэнийх нь тангараг өргөх ёслолын үеэр илүү олон хүн цугларсан талаар санал зөрөлдөх үед Ерөнхийлөгч Трампын зөвлөх Келлиэнн Конвэй “өөр баримтууд” гэх ойлголтыг анх гаргаж ирсэн юм. ХХ зууны туршид төрийн эрх барьж байсан Ерөнхийлөгч нар өөрсдийнх нь засаглал хэвлэл мэдээлэлд хэрхэн тусгагдаж байгааг хянан анхаарч, тэдний дэвшүүлсэн улстөрийн бодлого болон тодорхой үйл явдлуудыг олон нийтэд илүү эерэгээр тайлбарлан, өөрсдийн арга барилаа байнга сайжруулсаар ирсэн билээ.
Гэвч ерөнхийлөгчийн засаг захиргаа нь өөрийн гэсэн “өөр баримтуудыг” гаргах эрхтэй гэх ойлголт даамжирсаар сүүлдээ энгийн улстөрийн стратегийн хүрээ хязгаараас хальж, ингэснээр Трампын засаг захиргаа хуурамч мэдээллүүд цацах замаар ажил хэргээ явуулдаг болсон. Трамп өөрийг нь шүүмжлэгчдээс холуур тойрон, дэмжигчидтэйгээ ямар ч зохицуулалтгүйгээр шууд холбогдох боломжийг түүнд олгосон олон нийтийн сүлжээний хүч чадалд хэт дулдуйдах болсноор улстөр болон шоу-бизнесийн хоорондын хил хязгаарыг бараг арилгахад хүрсэн юм.
Франклин Рузвельт, Жон Кеннеди, Рональд Рейган нар ч шинэ технологиудыг хэрэглэх замаар өөрсдийн алдар нэрийг ашиглан ард түмэнтэй шууд харьцаж байсан, энэ нь аажмаар ерөнхийлөгчийн засаглалын үйл ажиллагааг өөрчилсөөр ирсэн нь эцсийн дүнд Трамп руу мөн хөтөлжээ.
Шүүхийн өөрчлөн байгуулалт
Мэри Франсис Берри- Пенсильванийн их сургуулийн профессор, нийгмийн бодлого болон эрхзүйн түүхийн асуудлуудаар мэргэшсэн эрдэмтэн бөгөөд 1980-2004 оны хооронд АНУ-ын Иргэний эрхийн Комиссын гишүүнээр ажиллаж байсан.
1. Шүүгчидтэй холбоотой хийсэн Трампын үйлдэл нь тухайн ерөнхийлөгч эсвэл засаг захиргаанаас санал болгосноос үл хамааран улстөрийн шийдвэрүүдийг хууль эрхзүйн хэм хэмжээгээр баталгаажуулж, түүнийг практикт хэрхэн ашиглахыг шийдэх маягаар удаан хугацаанд буюу ойрын 20-30 жилд ул мөрөө хадгалах магадлалтай. Одоо шүүхийг Бүгд найрамдах намын томилсон хүмүүс хянадаг болсон. Шүүгчид заримдаа бидэнд таалагддаг хэдий ч тэд ихэвчлэн өөрийн улстөрийн харьяаллаас даалгасан зүйлийг л хийдэг болохыг түүх гэрчилдэг.
2. Хар арьст хүн амын тодорхой хэсэгт чиглэсэн багц арга хэмжээнүүдийг тэр дэмжсэн. Жишээ нь, “Эхний алхмын тухай хууль”-шийтгэлийг зөөлрүүлэх буюу хорих хугацааг багасгах. Мөн дийлэнх нь хар арьст оюутнууд суралцдаг коллеж, их сургуулиудад хөрөнгө оруулалт хийх зорилгоор төсвийн хуулин дахь өөрчлөлтийг дэмжин, бүгдийг нэг багцад нэгтгэсэн. Хар арьст бизнес эрхлэгчдэд өмнө нь олддоггүй байсан зээлийн төрлүүдийг авах боломж бүхий санхүүгийн урамшууллын хөтөлбөрийг тэр анх удаа нэвтрүүлсэн гэх мэт сайн зүйлсийг хийж байсан хэдий ч заримдаа хар болон өөр өнгөт арьстнууд руу чиглэсэн цочирдом мэдэгдлүүдийг нэг бус удаа хийж байсан билээ.
Хятадтай худалдааны хэлэлцээрээ чангатгасан
Саикришна Пракаш- Виржинийн Их сургуулийн профессор бөгөөд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудлууд, үндсэн хуулийн болон олон улсын эрхзүйн чиглэлээр мэргэшсэн судлаач
1. Үндсэн хуулийн 25 дахь нэмэлт өөрчлөлт /Ерөнхийлөгч ямар нэгэн шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрвэл түүний бүрэн эрхийг зогсоох тухай шийдвэрийг Засгийн газрын гишүүд гаргаж болохыг зөвшөөрсөн/ болон импичментийн талаар Билл Клинтоны үеэс хойш төдийлөн бодоцгоож байсангүй. Харин Трамп мэтийн хэн нэгэн энэхүү өндөр сэнтийд залрахад хүрвэл түүний бүрэн эрхийн талаар нухацтай бодолцох хэрэгтэйг хүмүүс одоо ойлгосон гэж болно. Иймд Конгрессийн зүгээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хэсгээс тасдаж авснаар засгийн эрхийг өөртөө илүү төвлөрүүлэх боломжтой юм.
2. Сонгогчдын ихэнх нь худалдааны олон хэлэлцээрүүдийг дэмждэггүй, тэдгээр хэлцлүүдийг “илүү шударга болгон” засаж залруулах хэн нэгний төлөө саналаа өгөхөд бэлэн байгаа мэтээр Трамп сурталчилж байв. Мөн тэрбээр Хятад улс нь АНУ-ыг өөрийн эрх ашгийн үүднээс ашиглаж байгаа нь үндэсний аюулгүй байдал болон улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна хэмээн үзэж байлаа.
Дотоод улстөрийн хувьд Трамп популист байсан бөгөөд түүний гаргасан улстөрийн шийдвэрүүдэд энэ нь тэр бүрчлэн илрээд байдаггүй байсан ч харин бүгд найрамдахчууд тэрхүү үзэл санааг ихээр хэрэгжүүлэх болсныг бид мэдэж байгаа.
2020 оны сонгуулийн үр дүнгийн маргаан
Маргарет О’Мара-Вашингтоны их сургуулийн профессор бөгөөд орчин үеийн Америкийн улстөр, эдийн засаг, хотын түүхийн судлаач
1. Үндсэн хууль болон тоон баримтуудаар баталгаажсан Жо Байдены илт тодорхой ялалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс Трамп татгалзсан. Засгийн эрх шилжүүлэхэд гарч байсан таагүй олон тохиолдлууд манай орны түүхэнд байдаг.
Жишээ нь, 1929-1933 онд төрийн эрхийг барьж байсан бүгд найрамдахч ерөнхийлөгч Херберт Хувер хоёр дахь удаагаа өрсөлдсөн сонгуулийнхаа ялагдалд таагүй хариу үйлдэл үзүүлж байсан түүхтэй. Тэрбээр өрсөлдөгчийнхөө тангараг өргөх ёслолын өдөр ерөнхийлөгчийн машинаараа Пенсильвани өргөн чөлөөгөөр явж, арга хэмжээний туршид Франклин Рузвельт-тэй ганц ч үг солиогүй хэдий ч засгийн эрхээ тайван замаар шилжүүлж байв.
Трамп бол хагас зууны туршид хүчээ хуримтлуулсан улстөрийн хүчнүүдийн илэрхийлэл болсон төдийгүй зөвхөн Бүгд найрамдах нам дотор төдийгүй, Ардчилсан нам, тэр ч байтугай Америкийн улстөрийн хүрээг бүхэлд нь хамруулан гайхашралд оруулсан үйл явдлыг өдөөсөн нэгэн юм.
2. Трамп олон талаар өвөрмөц хэдий ч ямар ч сонгуульт албан тушаал хашилгүй байж байгаад сонгогдсон цөөхөн ерөнхийлөгчдийн нэг гэдгээрээ бусдаас онцлог. Иргэд өөрсдийн сул дорой байдлыг мэдрэх тусмаа бүхнийг өөрөөр хийх болно хэмээн амласан хэн нэгэнд саналаа өгцгөөдөг. Трампыг ч мөн иймэрхүү байдлаар сонгосон.
Ерөнхийлөгчийн засаглал бол түүний томилсон хүмүүсээс бүрддэг бөгөөд бүгд найрамдахч, туршлагатай олон сайд түшмэдүүд Трампын засаг захиргаанд уригдалгүй үлдэж байсан билээ. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам түүний засаг захиргаа нь асуудал шийдвэрлэх ажлын арга туршлага багатай, төрийг ухаалгаар удирдах чадамж хомс тойрон хүрээлэгчдийн бүлэг болон хувирсан юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59
Chinese propagand