2015 оны Зун. Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төв
Ахмад настнууд гадаа сүүдэрт агаар амьсгалан сууна. Энэ үеэр хотоос хүмүүс ирчихсэн клипний зураг авч байлаа. Тэдний дундаас 20 дөнгөж гарч яваа нэгэн залуу клипэнд тоглуулах хүнээ сонгох гэж байгаа бололтой, хөгшдийг нэг бүрчлэн их л анхааралтай харна. Гэтэл нүдэнд нь нэг биш хоёр хүн торох нь тэр. Жар гарч яваа болов уу гэмээр өвөө, эмээ хоёр бие биенээ ихэд анхаарч, халамжилна. Өнөө залуу харж байгаа зүйлээ клипний нэг хэсэг билүү хэмээн эргэлзэнэ. Гэвч үгүй. Түүний харж байгаа зүйлд ямар ч хуурамч зүйл үгүй байв. Ахмадын асрамжид байгаа хөгшчүүлийн дийлэнх нь ганцаараа, ганцаараа ирсэн, ганцаараа буцна. Харин тэд энэ газарт хамтдаа иржээ. Айлын ганц болж төрцгөөсөн тэдэнд бурхан үрийн заяа хайрлаагүй нь харамсалтай. Үр хүүхэдтэй болохыг юу юунаас илүү хүссэн тэд нэг хүү өргөж авсан ч насны бөгсөнд асрамжид ирэх зам өөрчлөгдсөнгүй. Иймээс тэд бие, биеээ халамжилдаг. Нэг нэгнээ түшдэг. Үүнийг үйлдэл бүрээс нь мэдрэх залуу тэдэн дээр явж очин эелдгээр мэндлэн, зөвшөөрөл авч гэрэл зургийг нь дарлаа. Сүүлийн хэдэн жил гэрэл зураг даруулаагүй тэд зургаа угаалган авна гэсэн амлалт авснаар хотын хүмүүсийг үдэж өгөв.
Үүнээс хойш өнөөх залууд Батсүмбэр орж амласан амлалтаа биелүүлэх боломж хараахан олдохгүй л байв. Гэсэн ч тэдний зургийг хадгалсан хэвээр.
2020 оны зун буюу таван жилийн дараа залуу өвөө, эмээгийн зургийг угаалган жаазлаад, хайртай бүсгүйнхээ хамт Батсүмбэрийн асрамжийн газрыг зорилоо. Энэ удаа тэднийг очиход өвөө тэргэнцэр дээр суудаг болж, эмээ ч мөн адил цагийн аясаар хөгширчээ. Өөрсдийг нь хэн ч зорьж ирдэггүй болохоор гэнэтийн зочныг хачирхан хүлээж авна. Залуу тэдэнд зургийг нь үзүүлэхэд хэн болохыг нь таньж, ихэд баярлан нулимс дуслуулах нь тэр. Ийн тэд хоорондоо сайтар танилцаж, хэдэн цагийн турш ярилцан, олон жил ханилсан хөгшид залуу хосыг үр хүүхэд шигээ санаж, анх танилцсан түүхээ ярьж, амьдралд нь зөвлөгөө өгнө. Залуугаар өргүүлэн тэргэнцэр дээр суун, гарч агаар амьсгалах өвөө бусад хүмүүсийн өмнө их л бардам харагдана. Аргагүй биз дээ. Энд байгаа хөгшид дээр сайн үйлсийн аян хийгчдээс өөр хүн ирдэггүй тул тэд бүгд л хэнийг ч юм яагаад ч юм хүлээдэг юм.
Өвөө, эмээ хоёр инээмсэглэн гараа далласаар хоцорлоо. Машины цонхоор жаргаж буй нар хамаг илчээрээ тусна. Залуу хос бие биенээ аз жаргал, итгэл найдвараар дүүрэн харцаар ширтлээ...
А.АЗЖАРГАЛ
Сэтгэгдэл ( 1 )
Энэ юу юм бэ