-Монголчуудыг нийтээр нь хохироосон хуурамч шатахууныг хатуу хуульчилж л хязгаарлана-
Монголд даяар хуурамч шатахуун борлуулж байгааг төрийн хяналтын байгууллагуудаас эхлээд газрын тосны салбарынхан, хэрэглэгчид бүгд мэддэг болж, нэгэнт эвлэрсэн. Өнөөдөр ч хуурамч шатахууны бизнес хэрэглэгчдийг хохироосоор байгааг эх сурвалжууд өгүүлж буйгаас дүгнэхэд, энэ бусармаг далд бизнестэй тэмцэж, хязгаарлах хүсэл Монгол төрд л лав алга. Хэсэг бүлэг иргэний нийгмийн байгууллагууд болон ганц нэг улстөрч асуудал болгож байгаа харагддаг, даруулдаг. Олон зуун мянган хэрэглэгчийг хохироож буй уг асуудлын ул суурьтай нь тэмцэж буй УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг баримт дурдан сэргээсэн. Түүний хувьд хуурамч шатахууны гол орц болох керосин, нафта гэх хоёр нэмэлт бүтээгдэхүүний Онцгой албан татварыг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлан УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Б.Пүрэвдоржийн ярьсныг “Сод монгол групп”-ийн эзэн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар баталгаажуулсан. Тэдний ярианаас эшлэхэд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Жилд 220 мянган тонн керосин, нафтa хилээр орж ирж байгаа. Монгол Улсад ийм их хэмжээний хэрэгцээ байхгүй ч эдгээр бодисыг улсын хилээр Онцгой албан татваргүй оруулж ирдэг. Хэрэв татвар тогтоовол хуурамч шатахуун үйлдвэрлэлийг хязгаарлах боломжтой. Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг 2-3 компани бий.
Тухайлбал, Сингапурт амьдардаг, орос эзэнтэй компани монголчуудын эд хөрөнгийг эвдчихээд жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн орлого олж байна" гэсэн байгаа юм. Тэгвэл Монголын шатахууны магнат Ц.Анандбазар дэлхийд Монгол болон Африкт л хуурамч шатахуун хэрэглэж байгааг анхааруулсан. Тэрбээр "Монгол Улсад сүүлийн зургаан жилийн турш хуурамч шатахуун буюу керосин, нафта гэж нефтийн туслах бүтээгдэхүүнийг Онцгой албан татваргүйгээр оруулж ирэн автомашинд хэрэглэж байгаа. Үүнээс улсын төсөв жил бүр 60-70 тэрбум төгрөг алдсан. Монголд нийт хөдөлж байгаа автомашинуудын мотор нь тун удахгүй бүгд эвдэрнэ. Төсвийн байгууллагын, уул уурхайн гээд бид бүгд үүнийг мэдэхгүйгээр хэрэглэж байна. Иймд зайлшгүй татвар тавьж, нефтийн бусад бүтээгдэхүүнтэй адил Онцгой албан татвартай болгосноор төсвийн орлого нэмэгдэхээс гадна ард иргэдийн автомашиныг эвдрэлээс хамгаалах онцгой ач холбогдолтой. Дэлхийд Африкийн орнууд, Монгол гэсэн хоёрхон газарт л ийм юм хэрэглэж байна. Монголд хэн нэгэн хүмүүсийн оролцоотойгоор Онцгой албан татварыг нь чөлөөлчихсөн гэсэн үг. Яваандаа энэ нь олон хүнийг шоронд суулгаж ч магадгүй. Ийм хуурамч шатахуун борлуулдаг компани улсын компаниас том борлуулалттай болсон. Яагаад гэвэл үнэ нь 100-200 төгрөгөөр хямд" гэсэн.
Стандартын бус хуурамч шатахууны нууц бизнес ингэж Монголын автомашинтай хүн бүрийг хохироож байгаа. Гэвч олон зуун тэрбум орлоготой нууц бизнесийн сүлжээг Онцгой албан татварын хуулиар дархалж өгснийг албаны хүн ч баталгаажуулсан байдаг. Тухайлбал, Ашигт малтмалын газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Нэмэлтээр орж ирж байгаа бүтээгдэхүүнд Онцгой албан татвар байдаггүй нь гол асуудал. Нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирж болохгүй гэсэн хуулийн заалт бас байхгүй” гэх арга мухардсан тайлбар хийсэн байна. Хуурамч шатахуун Монголын зах зээлд нэвтэрсэн асуудал 2015 оноос эхтэй гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа. Тухайн үед керосин, нафта жилдээ 20-30 мянган тонн орж ирдэг байсан бол 2017 онд 150 мянган тонн, өнгөрсөн жил 220 мянган тонн болж өсжээ. Өөрөөр хэлбэл, хуурамч шатахууны зах зээл ийм хэмжээгээр тэлсэн болж таарч байна. Одоогоор Монголд шатахуун, түлш импортлох байнгын тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компани бий. Тэд бүгд керосин, нафта импортлох зөвшөөрөлтэй байгаа аж. Зөвхөн нэг компани гэхэд л өдөрт 280 вагон энэ төрлийн бүтээгдэхүүн оруулж ирэн борлуулдаг мэдээлэл байгаа юм.
Авто засварын газрын эх сурвалжийн хэлж буйгаар хуурамч шатахуун автомашины моторт дутуу шаталт үүсгэж, улмаар эвдрэлд хүргэх гол шалтгаан болдог. Жолооч нарын зүгээс ийм бэрхшээлтэй тулгарах болсноо мэддэг ч хаана хандахаа мэдэлгүй эд хөрөнгөөрөө хохироод үлддэг байна. Цаашлаад хүний амь нас, эрүүл мэнд хохирох шалтгаан болж байх магадлалтай аж. Үүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газруудын хамтарсан шалгалтын дүн баталгаажуулдаг. МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга А.Бямбадорж “Шатахууны чанар, шахалттай холбоотой гомдол мэдээлэл 2016, 2017 оноос хойш нийгэмд яригдаж байна. Дээд байгууллага болон ард иргэдийн хүсэлтийн дагуу шатахууны чанарын шалгалт гурван удаа хийсэн. Шалгалтын дүнгээр Монгол Улсад хэрэглэж байгаа шатахуунд хүнд металл, хүхэр гэх мэт бодисууд илэрсэн. Өмнө нь хийсэн шалгалтуудаар шатахуунд агуулагдах бодис заасан хэмжээнээс их гарсан. Шатахуунд хүнд металл, хүхрийн агууламж их байгаа нь байгаль орчин бохирдуулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүр гэмтэх шалтгаан болдог. Цаашлаад шаардлага хангахгүй шатахууны шаталтын хий хүний эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэх хүчин зүйлс бий болоод байна. Шалгалтаар нафта, керосин гэх мэт дагалдах бүтээгдэхүүн маш их хэмжээгээр оруулж ирсэн байгаа нь илэрсэн. Монгол Улсад керосин, нафта ашиглан шатахуун, дизель үйлдвэрлэхийг зохицуулсан дүрэм, журам байхгүй. Төр бодлого шийдвэрээ тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна” гэж мэдээлсэн. Өнгөрсөн есдүгээр сард хуурамч шатахуунтай холбоотой төрийн байгууллагуудын нэгдсэн шалгалтын дүнд нэр бүхий 20 компани иргэдийг олон жилийн турш "хулхидаж" ирснийг албан ёсоор баталгаажуулсан юм. ШӨХТГ, МХЕГ тэргүүтэй байгууллагууд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас эхлэн нийслэлд шатахуун борлуулж буй станцуудад шалгалт хийсэн байдаг. Тэд нийслэлд шатахуун, түлш борлуулж буй 20 компани бүгд хэрэглэгчдэд Монгол Улсын стандартад нийцэхгүй бүтээгдэхүүн нийлүүлж буйг албан ёсоор зарласан. ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэгийн танилцуулснаар "Магнай трейд", "Мон-Суль", "М-Ойл","Петровис", "Петростар", "Нью энержи стар" зэрэг компанийн худалдаалж буй АИ92 төрлийн шатахуун 85.1-89.8 октантай гарчээ. Шилжилгээнд хамруулсан АИ92 төрлийн шатахуунууд дунджаар 88 октантай байсан гэдэг. Энэ нь бүгд Монгол Улсын MNS0217-2017 стандартын шаардлагыг хангаагүй гэсэн үг.
Баримт, үйл явдлаар баталгаажсан хуурамч шатахууны хэрэглээ ийм байдлаар нийтийн хэрэглээнд нэвчжээ. Хуулиар хамгаалуулсан бизнесийн бүлэглэл ч цэцэглэж. Гэвч төр иргэдийг хохироож, хуурамч шатахууны үйлдвэрлэгчдийн толгойг илсээр өнөөдрийг хүрсэн нь нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа юм. Хэдийгээр ШӨХТГ, МХЕГ, СХЗГ, АМГТГ зэрэг бүх талын байгууллагууд хүртэл үүнийг баталгаажуулсан боловч хариуцлагын тогтолцоо сулдаж, хуурамч шатахууныг хязгаарлах зохицуулалт үгүйлэгдэж байна. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын газраас компанид зөрчил гаргасан дүгнэлт үйлдсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг ердөө гурав хүртэл сараар түдгэлзүүлдэг юм байна. Хуулийн энэ заалт амьдрал дээр хэрэгжихээсээ хэрэгжихгүй нь түгээмэл гэдгийг хуурамч шатахууны хэрэглээ батална. Тиймээс бид дараа дараагийн дугаартаа хуурамч шатахууны бизнес эрхэлдэг компани, тэдэнтэй сүлбэлдсэн төрийн албаныхныг нэр цохон зарлах болно.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Францын ТVZ- н ”Échapper belle ” нэвтрүүлэг үзлээ.Монгол залуус Хятад мотоцикл унаад бөөн адууг учиргүй элдэж,бүүр уургалаж үзүүлэв.Уг ТЗийн хөтлөгч жогтой инээж т” та нар морь унаж адуугаа уургаладагггүй юм уу ? Яаж эмнэг адууг сургадаг юм вэ”гэж асуухад аргагүй мотоциклоо бууж бх юм! Монгол хүн морио унаад уургаа сунануулзуулан исгэрэн давхидаг үе хаачив? Хятад мотоцикл зөвхөн Хятад бензин,дизель,тос хэрэглэдэг байлгүй? Монгол хүн Хятад мотоциклтай давхиад амь нас нь их аюулд орж бгааг бичсэн бсан! Монголчууд өөрсдөө ухаалаг
японд зүв зүгээр явж байсан машин монголд 6 сарын дараа чек асдаг монголын машинтай бүх хүн нэгдээд хохиролоо нэхэмжилэх хэрэгтэй чэк ассан болон мотор солисон хүмүүсийн засварын мөнгийг нэхэмжилцэгээе би гэхэд 1 удаа мотор солиулсан одоо чэк нь асаад бас 5 сар болж байна аргаа бараад 8 сарл тосоо солиулсан ч гэсэн 1 сард дахиад солиулсан урд нь өглөө асаахад өтгөн цагаан утаа гардаг байсан сүүлийн үед яг дизел шиг хар утаа гарч байна
Оруулж ирж байгаа эздэд нь унэхээр оруулж ирж байгаа бол хуулийн хариуцлага тооцохгуй байдаг нь сонин
Эрхмүүдээ та нарын хэлсэн үнээр л авч байгаа тэгээд хуурамч шатхуун зардаг нь арай дэндэхгүй байна уу
ICIC гэж сингапурт амьдардаг эзэнтэй найруулсан шатахуун зардаг компаниас Шунхлай ХХК мөн ихийг авч зарсандаа. Мөнхнаран, Сүхбаатар захирлууд нь2-3 байртай, дийлдэхгүй баячууд болсон доо.
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59