“КОВИД-19”-ын үед монголчууд бид маск зүүгээд хэвшчихлээ. Улаанбаатар шиг утаатай хотод өвчинтэй, өвчингүй ингэх л ёстой байсан. Сайн хэрэг. Улирлын томуу, хамрын ханиад ч үгүй өвөлжинө гэдэг хэдэн жилийн өмнө бол бүтэшгүй санаа байлаа. Дээрээс нь гудамжинд талбайд урд яваа хүн нус, шүлсээ хаядаг муухай үзэгдэл ч арилав. Хувь хүний биеэ авч явах соёлд ч цар тахал ул мөрөө үлдээж байгаа нь, энэ. Надтай адил нүдний шилтэй хүмүүс өвлийн улиралд нэг удаагийн маск зүүж явах жаахан бэрхшээлтэй. Шил нь цантана, шилээ авчихаар орчин тойрон сайн үзэгдэхгүй болчихдог. Тийм ч болохоор заримдаа маскаа авч алхаад хэнэггүйтэх нь бий.
Саяхны нэг өдөр маскаа аваад жаахан алхлаа. Ахмадууд бол тоохгүй байна. Залуусын зарим нь өөдөөс ирж явснаа замаа гажуулах, замын нөгөө тал руу гарч явах зэргээр дөлж, үггүй зэмлэл оноох аж. Гэтэл “Маскаа жүүгээрэй ах аа” (сонссоноороо биччихэд юу нь буруу болох билээ гэж бодлоо) гэсэн цангинасан дуу гарав. Хартал дугариг том нүдний шил нь цантаад цайрчихсан, сургуулийн дунд ангиас хэтрээгүй болов уу гэмээр жижигхэн охин зогсож байна. Надад шаардлага тавихдаа уцаарын өөдөс ч үгүйгээр харин ч бүр баяр баясгалантай байсныг нь яана. Зөрөөд өнгөрсөн хойноо маскаа зүүлээ, өөрөөсөө ч жаахан ичлээ. Хойшдоо маскаа тайлж байснаас шилээ тайлаад алхах хэрэгтэй шүү гэж шийдлээ. Нас, насны ялгаагаараа бид өөр хүмүүс болчихжээ. Ирээдүй цаг руу ойртох тусам тэд биднээс илүү төлөвшилтэй, бусдад садаа болдоггүй, санаа тавьдаг болж байгаа юм байна даа.
Сэтгэгдэл ( 0 )