ЗАХИДАЛ: Ирэх дөрвөн жил Баянзүрх дүүргээ өөд татаарай, Н.Баярмөнх Засаг дарга аа

Админ | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28

Баянзүрх дүүргийн  8-р хорооны иргэн Л.Сүрэнхорлоо тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөд хандан захидал бичжээ.


Баянзүрх дүүргийн иргэн хүний хувьд эгдүүцэл төрөөд өөрийн эрхгүй үзэг  цаас нийлүүллээ.  Нийслэлийн хамгийн  их хүн ам буюу 350 мянган хүн  амьдардаг манай дүүрэгт сүүлийн  8 жил төрийн бодлого дутагдаж, түмнээ гэсэн ажлууд ч алга болсон. Хур хогондоо дарагдаж,  төрийн байгууллагын хүнд сурталд дарамтлагдаж, хөлтэй хөлгүй хамаагүй  хүн бүхний амьдрал уруудан доройтсон нь юм.  Хатуухан хэлхэд  Ардчилсан намын удирдлага  нэрийн дор  манай дүүрэг  Д.Пүрэвдаваа, Т.Баясах, Д.Батцогт зэрэг залуусын  хувийн компани болж, “Тэнгэр бөөний төв”- ийн санхүүжүүлэгч бааз болсон.  Иргэд тэмцээд үгээ хэлэхээр  эсэргүүцлээ гээд зодчихно. Төрийн албан хаагчдыг дарамтална. Төрөл, хамаатан саднаараа ажиллаж, хороо дүүргийн дарга нарынхан амьдрал өдөр бүр сайжирч, приус машинаар шагнагдан хөлөглөж яваа харагддаг. Гэтэл манай дүүргийн Улаанхуаран, Цагаахуаран,  Шар хад,  Дарь-Эх,  Жуков, Амгалан  гээд  орон сууц, гэр хороолол хамаагүй хогондоо дарагдах болсон.  Хур их хогоо  ачдаггүй дарга нарын балгаар бид  халдварт өвчинд нэрвэгдэх,  хамар сэнхийсэн хог  үнэртэж  яваад найман жил боллоо.  Сүүлдээ хог бүр цаашаа асуудал болсон.  Автобусны буудал, өрхийн эмнэлгийн үйлчилгээ,  төрийн албаны харьцаа таг.  Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын хаалга үүд түгжээтэй.  Дарга нар нь улс төр хийж, уугчиж хашигарсан улс   телевиз, радиогоор  үзэгдэнэ. Харуул хамгаалалтад нь иргэдээ ойртуулдаггүй гээд зовлон их байсан.  Дүүргийн гэх эмнэлэг байхгүй. Хувьчлагдаж, аль хэдийн баячуудын  хөрөнгө болсоныг “ Ковид-19“ энэ хэцүү үед л  олон түмэн мэдлээ.  Харин  Баянзүрхчүүд бид энэ тухай  8 жил  бархирсан.  Гэвч хэн ч бидний сонсоогүй.  Ардчилсан намын  удирдлагын буруутай үйл ажиллагаас Баянзүрх дүүрэг  ийнхүү уруудан доройтсоны тод илрэл бол  Цар тахлын халдварын хамгийн том голомт болсон явдал.  Гэхдээ бид Монголын Ухань биш, хэн нэгэнд ад үзэгдэх, муучлуулах, шийтгэл хүлээх, гоочлуулах иргэд биш гэдгийг онцолмоор байна.  Төр таны буруутай алдаанаас  үүдэн бүхэл бүтэн  нэг дүүрэг  8 жилийн дотор хэрхэн  нүд үзүүрлэгдэх, шүд чигчлэх хэмжээнд хүрсэнийг  Монголын ард түмэн, Монголын төр, Нийслэлийн удирдлага та бүхэн харлаа.  Харин бид сонголтоо  НИТХ-ын 2020 оны сонгуулиар хийсэн. Сонголтоо ч бататгасан.

Монгол Ардын намын залуус өөрчлөлт авчирна гэж итгэж байна. Мэдээж  “Цар тахал”-ын хүнд үетэй  сонгуулийн дараа шууд тулсан Баянзүрх дүүргийн шинэ удирдлагад амаргүй байгаа.  Иргэдийнхээ итгэлийг битгий алдаарай гэж захиё.  Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга  А.Баяр,  дүүргийн засаг дарга  Н.Баярмөнх нар  ажлын гараагаа сайн эхэллээ.  Аливаа мэдээллийг иргэдээ шуурхай хүргэж байна.  Иргэд бидний дунд орж, ажил амьдралтай маань танилцаж, шийдвэр гаргахаар зүтгэж явна.

Нийслэлд цар тахлын том кластер болсон Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтыг  мэргэжлийн байгууллагатайгаа хамтран, иргэдийнхээ дэмжлэгээр хумиж чадлаа.  Хэсэгчилсэн хөл хорио, хүндээ хүрсэн үйлчилгээг   дүүргийн шинэ удирдлагын  чадлаараа хэрэгжүүлж байна. “ Далайд дусал нэмэр” аяны хүрээнд   нийгмийн хүндхэн амьдралтай бүлгээ хоол хүнсээр хангаад 2 сарыг давлаа. Сайн байна гэж хэлнэ.  Бүр сайхан мэдээ нь   Баянзүрх дүүрэг “ Хоггүй”  болж байна.  Хичнээн сэтгэлд өег гээч.  Мэдээж томоохон зах, худалдааны төв байгаа газар мэр сэр хог харагдана.  Харин хороолол,  суурин газар, үйлчилгээний төвүүдийн гадаа хог байхгүй болсон.  Дүүргийн эмнэлгийн асуудлыг ч эрх баригчид сөхөж байгаа нь  иргэн бидэнд ээлтэй гарцаар эерэгээр шийдэгдэнэ гэж итгэж байна.  Хорооны засаг дарга нарыг өөрчилж эхэлсэн сурагтай. Ашгүй гэж залбирч байна. 8 жил улс төржиж, зөвхөн дарга нарт үйлчилсэнийг тэднийг  хороо, хэсгийн ажлаас   чөлөөлж өгөхийг  Баянзүрхийн иргэний хувьд гуйж байна. Хүсч байна.

Эцэст нь Баянзүрхчүүд бид сонголтоо хийсэн.  МАН–ын залуусын энэ баг 4 жил дүүргээ сэвхийтэл өөд татаж,  сэтгэл өег, нийслэлийн манлайлагч дүүрэг болгоорой гэж хэлье.

Эх сурвалж: yazguur.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жудаг(150.129.143.73) 2021 оны 01 сарын 28

Юу үнэн энэ үнэн. Тийм байхаа нээрэн сүүлийн үед хэсгийн ахлагч нар Ардчилхл сонин тараахаа байчихсан юм.

0  |  0
Top