Цар тахлын дэглэмийн улмаас Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэх боломжгүй болсонтой холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид ардын өв соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх түүчээ эхлүүлэхээр зэхэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолбор, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор хамтран энэхүү “Амар байна уу...” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн багийн мэндчилгээ болох аман болон хэлц үг, ерөөл магтаал, ардын болон богинын, уртын дуу, хөөмий, ардын бүжиг, бий биелгээ, үндэсний хөгжмийн үзүүлбэрийн дүрс бичлэгийн зураг авалт ид явагдаж байна.
Мөн үндэстэн ястны хувцас, урлал, хатгамал, эртний эдлэлийн цуглуулга, хөлөгт наадгай, оньсон тоглоом, ардын уламжлалт ёс заншил гэсэн агуулгын хүрээнд соёлын өв тээгч уурхайчид урын сангаа толилуулах юм. Үүнтэй зэрэгцэн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын харьяа, Эрдэнэт үйлдвэрийнхээ ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлдэг “Сэлэнгэ катеринг”-ийн хамт олон “Сээр хугалах” цахим дуудлага өрнүүллээ. Монголчууд нас гүйцсэн үхрийн сээр хуга цохисон эр хүнийг аливаад эв дүйтэй, овсгоотой гэж үздэг. Өвөрмөц энэхүү давалгааг “Сэлэнгэ катеринг”-ийнхан эхлүүлж, дараагийн цех, нэгжийг дуудах бөгөөд тэд 24 цагийн дотор сээр хугалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулснаар өртөө үргэлжилнэ.
Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчид XVII жарны цөөвөр хэмээх Төмөр үхэр жилийн сар шинийн баярыг утга төгөлдөр болгоод зогсохгүй ардын өв соёлыг түгээн дэлгэрүүлж, үлгэр дуурайлал үзүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )