Алтанбулаг боомт хоёрдугаар сарын 01-ээс нээгдэнэ

2021 оны 01 сарын 28

ЭМЯ-наас өгсөн коронавируст халдварын өнөөдрийн /2021.02.28/ мэдээллийн үеэр МХЕГ-аас улсын хилийн хөдөлгөөнтэй байгаа боомтууд болон гүнийн гаалийн бүс дээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрхэн авч байгаа талаар мэдээлэл өглөө.


МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар: Ер нь мэргэжлийн хяналтын байгууллага байнгын бэлэн байдалд ажилладаг. 2020 оны нэгдүгээр сарын 06-аас эхэлсэн бэлэн байдлын үед өнөөдрийг хүртэлх 2021 оны нэгдүгээр сарын 28-ний байдлаар улсын хилийн боомтоор нэвтэрсэн 409 мянган тээврийн хэрэгсэл, 554 мянган иргэний зорчих хөдөлгөөнд хяналт тавьсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний 1692 тохиолдол байгаа. Үүнээс 410 нь зөөвөрлөгдөн орж ирсэн. Зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг ХӨСҮТ-д эмчлэгдэж гарсан.

Өчигдрийн байдлаар Монгол Улсын хилийн байнгын ажиллагаатай 26 боомтоос 12 боомт хөдөлгөөнтэй байсан. Үүнд Буян-Ухаа боомт дээр карго ачаа тээврийн хоёр онгоц буусан. Мөн өчигдөр Ховд-Улаанбаатар чиглэлийн дотоодын нислэг дээр хяналт тавьсан.

-Буян-Ухаа дахь хилийн мэргэжлийн хяналтын байгууллага бол зөвхөн олон улсын нислэгээс гадна олон улсын карго ачаа, дотоодын орон нутгийн нислэгүүд дээр хяналт хийж, ариутгал халдваргүйтгэл, эрүүл мэндийн хяналт, тандалтыг зохион байгуулж байна.

-Замын-Үүдийн төмөр замын боомт, автозамын боомт хөдөлгөөнтэй байгаа. Сүүлийн үед Замын-Үүд боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн нэмэгдсэн. Одоогоор өдөртөө 150-160 ачааны машин нэвтэрч байна. Эдгээр авто машинуудыг ногоон бүсийн журмаар, жолооч нарыг сэлтгэлийн журмаар буюу Эрээнээс Замын-Үүд хүртэл, Замын-Үүдээс дотоодын жолооч нар ачаагаа авах байдлаар зохицуулагдаж байна.

-Даргийнх нь Сүхбаатар төмөр замын боомт байгаа. Өдөртөө 22 ачааны вагон эргэлтэд орж байна. 

-Алтанбулаг боомт одоогийн байдлаар Засгийн газрын тогтоолын хүрээнд ажиллахгүй байгаа. Тус боомт бол хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Засгийн газрын 8-р тогтоолын хүрээнд ажиллагаанд орно. Энэ хүрээнд зөвхөн хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл импортоор татан авалт хийгдэнэ. Тэгэхээр үйл ажиллагаа гарагийн системээр явагдана. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 01-07-ны хооронд, долоо хоног өнжөөд хоёрдугаар сарын 15-21-ний хооронд гэх мэтчилэн Засгийн газрын тогтоолын хүрээнд зөвхөн эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн татан авна.

Энэ хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд түр журам боловруулж ажиллаж байна.

-Мөн Эрээнцавын боомт ажиллагаатай байгаа. Тус боомтоор импортын газрын тосны бүтээгдэхүүнийг татан авах зорилгоор Засгийн газрын 195-р тогтоолын хүрээнд ажиллаж байгаа бөгөөд мөн гарагийн системээр ажиллаж байна. Өчигдрийн байдлаар тус боомтоор хоёр компанийн 477.2 тонн шатахуун импортлогдсон. Үүнд машинистуудын эрүүл мэндийн аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж байгаа. Түүнчлэлн ачаа тээшний вагоны халдваргүйтгэл дээр хяналт тавьж байна.

Бусад боомтууд буюу Хятад улстай хиллэдэг Бичигт, Ханги, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Булган боомт зэрэгт боомтууд ажиллаж байна. Үүгээр голчлон ашигт малтмалын экспорт хийгдэж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(122.201.21.186) 2021 оны 01 сарын 30

Нээгээд ер нь хэрэг байна уу ковид өдөр бүрэл ихсээд байхад!!!

0  |  0
Top