Ковид-19 бидний амьдралын олон хэмнэлийг өөрчилж байна. Энэ өөрчлөлтийг хамгийн түрүүнд бизнесийн салбарынхан, тэр дундаа худалдаа, үйлчилгээнийхэн шүүрээд л авав. Europoos.com гээд пэйж хуудастай эхнэр нөхөр хоёр бий. Италид амьдардаг энэ хос өвөрмөц загвар, дизайнтай, боломжийн үнэтэй итали гутал онлайнаар зардаг. Ганцхан оройд л зуугаад гуталд эзэн олчихно. Онлайн дэлгүүрээ нээхээр нь багадаа 500, ихдээ хоёр гурван мянган үйлчлүүлэгч ороод танилцуулсан гутал бүрийг нь уралдаад л авна. Ковидоос болж хөл хориотой байсан ганцхан жилийн дотор тэд Европын орнуудаар зорчиж, үнэт эдлэл, тансаг хэрэглээний бараа санал болготлоо томорчээ.
Тэдний жишгээр Туркэд байдаг монголчууд онлайн наймаа гээчийг цэцэглүүлж өглөө. Хувцас хунар, сав суулга, ор хөнжлийн даавуу, хивс, кофе... Орой бүр лайв хийж, бас азтан шалгаруулна.
Солонгос, Хятад, Японоос бараа зөөдөг наймаачид юунаас дутах вэ. Хөөрхөн хөөрхөн нэртэй пэйж хуудсууд нээгээд хараа булааж, шунал хөдөлгөм зургууд тавьчихлаа. Авах гэхээр захиалгаар ирнэ, 7-10 хононо гэнэ. Онлайн бизнес Монголд утгаараа хөгжиж байна.
Хаа хол Туркээс захиалсан бараа 10 хоноод ирээд байхад хажууд 500 м-ийн зайтай байгаа брэндийн дэлгүүр 14 хоноход ч бараагаа хүргэхгүй, асуугаад залгахаар утас нь авахгүй, санал гомдлоо бичихээр хариу өгөхгүй байх тохиолдол ч гарч л байна. Эцсийн дүндээ манай худалдаачид захиалга авч болдог, мөнгийг нь урьдчилаад хураах боломжтой гэдгийг маш сайн ойлгосон. Одоо амлаад авчихсан шигээ хүргээд өгөх дээрээ л ажиллах хэрэгтэй байна. Түүнийг бизнесийн хэлээр “гүйцэтгэл” гэдэг. Дээр нь нэмээд “гүйцэтгэлийн хяналт”, “сайжруулалт” гэсэн хоёр шат бий. Эдгээрийг ойлгоод, ажилдаа хэрэгжүүлчихвэл манай жижиг наймаачид бизнесийн маш том сургалтад үнэ төлбөргүй суугаад зогсохгүй яст мэлхий шиг удаан хөдөлгөөнтэй, брэнд нэрээс өөр хурдгүй их задгай том худалдаачдыг онлайн орон зайд ялах боломж байна.
Сэтгэгдэл ( 0 )