Системийн нөлөө бүхий 5 банк IPO гаргах ҮҮРЭГ хүлээнэ

2021 оны 01 сарын 29

1990 оноос хойш өнөөдрийг хүртэлх он жилүүдэд санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банкны сектор дангаараа бүрдүүлж ирсэн. Эдийн засаг дахь энэ үнэмлэхүй нөлөөлөл нь банкны секторт  давуу болон сул талын аль алийг дагуулж байдаг. Сүүүлийн мэдээллээс үзэхэд Монгол Улсын арилжааны банкуудад хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл хэт өндөр. Гурав хүртэлх тооны хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 90-ээс дээш хувийг эзэмшиж байгаа юм. 2020 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар банкны салбарын нийт активын хэмжээ 35.8 их наяд төгрөг. Үүний 90 орчим хувийг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, үлдсэн 10 гаруй хувийг банкны эздийн өмч бүрдүүлж байгаа юм. Банкны салбарын засаглалыг сайжруулах, илүү ил тод, нээлттэй болгох нь Монголын эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэйг эдийн засагчид хэлж, ярьж өнөөдрийг хүрсэн.

Түүнчлэн Банкны тухай хуульд оруулах  энэ удаагийн өөрчлөлтөөр Монголын банкны салбар ХОЁР ШАТЛАЛТ тогтолцооноос ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТТАЙ НЭЭЛТТЭЙ БАНК болох шинэ тогтолцоо руу шилжинэ гэсэн хүлээлттэй байна.

Өчигдөр УИХ-ын чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Нэр бүхий зургаан гишүүнээс 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тус Байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцжээ. Ингэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн, банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй байхаар, мөн банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл олгох тухай, төлбөр барагдуулах дараалал болон хуулийн зарим нэр томьёог тодорхой болгосон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуулийн төсөлд нэг бүрчлэн тусгасан гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлсний дагуу Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх хугацааг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэхээр, мөн төслийн 3 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн 73 дугаар зүйлийн 73.1.10, 73.1.11 дэх заалтын дарааллыг өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн  "Банкны тухай хуульд энэ удаад голлох ямар өөрчлөлт орж байгаа вэ?" гэдэгт дараах хариултыг өгч байна.

“Банкны тухай хуульд 2018 онд 45 хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бол одоо 15 хувьд нь нэмэлт, өөрчлөлтийг хийхээр хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Үүнд дараах үндсэн дөрвөн зарчмыг баримтлан өөрчлөхөөр төсөлд тусгасан байгаа.

Нэгт, банкийг нээлттэй болгох. Банкны системийн хэмжээнд нийт 12 банк үйл ажиллагаа явуулж байна. Үүний таван банк нь банкны системд нөлөө бүхий банк байна. Тус банкууд хуулийн зохицуулалтаар 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй болно. Харин бусад банкуудад нээлттэй эсхүл хаалттай хувьцаат компани байх сонголт хийх эрхийг нээлттэй үлдээнэ. Өөрөөр хэлбэл, хувьцаат компани хэлбэрт шилжих юм.

Хоёрт, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулна. Энэ нь банкны шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажил бөгөөд нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Тус зохицуулалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хуулийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн байх ёстой. Энэ нь хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулна.

Харин Төрийн өмчийн оролцоотой банкийг хувьчлах тухай асуудал бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулагддаг бөгөөд энэ үйл ажиллагаа нь Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах харилцаа байдаг. Тиймээс үүнтэй холбоотой асуудлыг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Засгийн газраас хуульд заасан хугацаанд бүх банкны адил хувьцаат компанийн хэлбэрт шилжих болон бусад арга хэмжээг хуульд заасны дагуу шийдвэрлэх талаар тусгасан байгаа.

Банкууд IPO гаргаснаар банкны үйл ажиллагаа ил тод нээлттэй болж, хяналтын тогтолцоо илүү боловсронгуй болох, банкны засаглал сайжрах, санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэх зэрэг банк, санхүүгийн салбарын экосистемийн тогтвортой хөгжлийг дэмжих боломж бүрдэх юм.

Гуравт, банк татан буугдсан үед төлбөр барагдуулах дарааллыг ойлгомжтой болгох, хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалахад чиглэсэн байдлаар оновчтой байлгах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Нийтлэг дагаж мөрддөг зарчмын хувьд төлбөр барагдуулах дарааллын тэргүүн хэсэгт тухайн банкны эрх хүлээн авагчийн зардал гарахаар туссан байдаг. Одоо хүчин мөрдөгдөж байгаа Банкны тухай хуулиар төлбөр барагдуулах дараалалд иргэн, аж ахуйн нэгжийг тусад нь зохицуулах нь маргаан дагуулсан асуудлууд үүсгэх тохиолдолд байдаг хэдий ч,  хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалах үзэл баримтлалын хүрээнд иргэд тэргүүн ээлжинд хадгаламж болон харилцах дансанд байгаа өөрийн мөнгөн хөрөнгийг хуулийн этгээдийн өмнө буюу тэдгээрээс тэргүүн ээлжинд авах зохицуулалтыг тусгаж өгсөн. Дараа нь хуулийн этгээд, түүний дараа Засгийн газар, УИХ-ын харьяа байгууллагууд гэх зэргээр төрийн байгууллагууд байхаар төлбөр барагдуулах дарааллыг нарийвчлан тусгалаа.

Дөрөвт, банкны систем дэх нөлөө бүхий банкны тодорхойлолтыг нарийвчлан боловсронгуй болгон хуульчлахаар тусгаж өгсөн. Системд нөлөө бүхий банкуудтай холбоотой асуудлыг Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд тусгайлан хуульчилсан байдаг. Одоогийн байдлаар нийт системийн таваас дээш хувийг эзэлж байгаа бол системийн нөлөө бүхий банк гэж тооцогддог. Харин энэ зохицуулалтаар ганцхан зах зээлд эзлэх хувиар бус банкны хөрөнгө, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал, мөн харилцагчдын тоо бусад хүчин зүйлсийг баримтлан энэ тодорхойлолтыг боловсронгуй болгож байна. Мөн ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаанд банкны системд томоохон үнэлгээ, дүгнэлт хийсэн. Энэ үнэлгээ, дүгнэлтийн хүрээнд хийгдэж байгаа чухал ажлуудын нэг юм.

 

Банкууд IPO гаргаснаар хөрөнгийн зах зээлийн хөгжилд том хувь нэмэр оруулна

 

Банкуудыг нээлттэй болгоход хөрөнгийн зах зээл бэлэн үү гэдэг асуудал анхаарал татаж буй. Тэгвэл тэрбээр үүнд дараах хариултыг өгч байна.

“Улсын Их Хурлаас Дэд ажлын хэсгийг банк, санхүүгийн салбарын үндсэн зохицуулагч байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл мөн Монголын банкны холбоо зэрэг энэ салбарын олон талын оролцогчдын төлөөллийг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Хөрөнгийн зах зээл нийт санхүүгийн системийн 10 хүрэхгүй  хувийг л эзэлж байгаа. Банк нээлттэй компани болж, санхүүгийн зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шинэ бүтээгдэхүүн гаргаснаар санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэж, энэ зах зээлийн хөгжилд маш том хувь нэмэр оруулна гэж харж байгаа. Харилцагч нар зөвхөн банкинд мөнгөө хадгалуулах бус хөрөнгийн биржээр дамжуулан тухайн аж ахуйн нэгжийн хувьцааг авснаар өөрийн санхүүг төлөвлөх, санхүүгийн салбарын мэдлэг мэдээлэл нэмэгдэх, ногдол ашиг болон бусад үр шимийг хүртэх бүрэн боломжтой болно. Тэгэхээр банкнаас хэт их хамааралтай санхүүгийн зах зээлийг задалж, хөрөнгийн биржийг хөгжүүлэхэд энэ хууль тодорхой ач холбогдолтой.

Хөрөнгийн бирж дээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд үүнийг нэлээд таатай хүлээн авч байгаа. Гэхдээ бид бүхэн үндсэн зарчим, суурь зохицуулалтуудаа хэвээр хадгалж шинэчлэлтэй холбоотой эхний суурь алхмаа хийн зохицуулагч байгууллагууд болох Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо болгоомжтой хандах нь зүйтэй. Нөхцөл байдлаас хамаараад тодорхой үнийн дүнтэй арилжааны хувьд хяналтын уян хатан бодлого, тогтолцоог хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ ФАТФ-аас тавигдаж байгаа шаардлага, шалгуурыг тогтмол ханган хэрэгжүүлж, үр дүнтэй тогтолцоог хэвийн үргэлжлүүлэх учиртай. Бид ФАТФ-ын саарал жагсаалт болон Европын холбооны хар жагсаалтаас гараад удаагүй байгаа хэдий ч удахгүй дахиад харилцан үнэлгээ хийгдэж, үнэлгээний баг ирэх учир аливаа мөнгөний урсгалд бид байнгын хяналт тавьж ажиллах болно” гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top