Монголын Өдөр тутмын сонинуудын холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2021.01.29/ болж, тус холбооны Гүйцэтгэх захирлаар “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч Э.Энхболдыг сонголоо.
Монголын Өдөр тутмын сонинуудын холбоог анх “Өнөөдөр” сонины Ерөнхий эрхлэгч Ц.Балдорж агсан, тухайн үеийн “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Б.Ганболд, “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн нар үүсгэн байгуулж байсан түүхтэй. Тус холбоо нь хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа өдөр тутмын сонинуудын хараат бус байдал, сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулж, уншигчдын мэдэх эрхийг хамгаалахын төлөө олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллага юм.
Тус холбооны үүсгэн байгуулагчдын нэг Б.Ганболд эрхлэгч өдгөө холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бол өнөөдрийн хурлаараа Гүйцэтгэх захирлыг сонгон томилсон байна.
Монголын Өдөр тутмын сонинуудын холбооны шинэ Гүйцэтгэх захирлаар сонгогдоод буй “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч Э.Энхболд нь 2009 онд Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн. 2011-2019 онд “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албанд парламентын сэтгүүлчээр ажиллаж байгаад 2019 онд “Өглөөний сонин”-ы орлогч эрхлэгч, 2020 оноос Ерөнхий эрхлэгчээр томилогдон ажиллаж буй сэтгүүлзүйн шинэ залуу үеийн төлөөлөл болсон туршлагатай сэтгүүлч юм.