Улсын онцгой комисс өчигдөр /2021.01.31/ хуралдан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн шинэ улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэв.
Хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээлэл зэргийг нэгтгэн судалгаа хийсэн байна. Судалгаанаас үзэхэд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг улсын хэмжээнд 2,4 хувьтай. Он гарсаар цэцэрлэг, сургуулийн насны 9,400 орчим хүүхэд эмнэлэгт ханджээ. 2-4 дүгээр сард найман аймагт олон жилийн дунджаас ахиу цас орох хэдий ч нийт нутгаар хүйтний эрч өмнөх жилүүдийн түвшинд байна. Отроор болон өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 26 мянга гаруй өрхөд цэцэрлэг, сургуулийн насны 20 орчим мянган хүүхэд байна. Энэ бүхнийг харгалзан бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтыг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацаанд теле болон цахимаар явуулахыг Улсын онцгой комисс дэмжив.
Боловсрол, шинжлэх ухааны яам гуравдугаар сарын нэгнээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүллээ. Бүх шатанд бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Oyutnuudiig цахимааар хичээлүүлээд энэ жилийг дуусгах хэрэгтэй.