Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нар барилгын салбарынхантай уулзаж 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мэдээлэл өгч санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуу гэр бүлийг хэрхэн орон байртай болгох вэ гэдэг асуудалд Засгийн газар, хувийн хэвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллах талаар болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд хэрхэн гаргаж болох зэрэг асуудлаар ярилцахаа онцоллоо.
Залуу гэр бүлүүд орон сууц авахад 30 хувийн урьдчилгаа хүнд асуудал болдог бөгөөд гэр хорооллын 200 мянган өрх орон сууц худалдан авахад амаргүй байгааг тэмдэглээд, энэ хүрээнд 9 зорилго, 47 зорилт бүхий урт хугацааны бодлого хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хэллээ. Тухайлбал, уг зорилтод Улаанбаатар хотоос 25 километрийн тойрогт Багануур, Багахангай, Тэрэлж, Налайх, Аэросити, Био, Туул, Шувуу тосгон, Аргалант, Эмээлт зэрэг дагуул хот бий болгох дэд бүтэц шийдэхийг зорьж буйг тодотгов. Ингэхдээ, хотуудыг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, туслах аж ахуй, худалдааны гэсэн чиглэлээр төрөлжүүлэх бодлого баримтална гэдгийг хэллээ. Цаашлаад, хөдөө орон нутагт төвлөрөл бий болгохын тулд хувийн хэвшилтэй хамтарч тухайн газарт эдийн засгийн эргэлт бий болгох шаардлагатайг онцлов.
Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлт, дагуул хот барихтай холбоотой асуудлыг Барилга, хот байгуулалтын яамнаас шийдвэрлэж буйг цохон тэмдэглээд, "Энэ ажил нь нэг яам биш бүх яам, нийслэлийн хамтын ажил. Гэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажил хэрэг болох боломжтой" хэмээн үзэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.
Орон сууц барих газар, дэд бүтцийг төр үнэгүй өгч, эхний ээлжинд "Залуус 1, 2, 3" хорооллыг барихаар бэлтгэж байгааг дурдаад, энэ хүрээнд Яармагийн цаана болон Баянзүрх дүүрэгт дэд бүтэц шууд татах боломжтой нөөц газар байгааг тэмдэглэв. Мөн Хөшигийн хөндий рүү төлөвлөлтөө хөгжүүлж чадвал тэнд бизнесийн урсгал байгааг онцоллоо.
"Залуус 1, 2" хорооллыг Улаанбаатар хотод, "Залуус 3" хорооллыг орон нутагт барихаар зорьж байгаа юм.
Эх сурвалж: Барилга хот байгуулалтын яам
Сэтгэгдэл ( 1 )
Оюун-Эрдэнээ чи үнэхээр мундаг бөгөөд ухаантай залуу юм гээч.Өнөөдрөөс эхлээд би бурханд итгэж эхэлж байна. Энэ олон хүүхэд эмэгтэйчүүд-эхчүүдийн хувь заяа гэж нэг юм баймаардаа.Бурхан хэрэгтэй хүнийг илгээжээ. За болоодоо санаа амар хөгшцүүл бидэнд явах газарруугаа цаг нь ирэхэд очноо Сайн үнэнч туслахууд айдаа мөнч хэрэгтэйдээ.Атаархал,хорсол,хорлол бүгд зэрэгцээд явж байгааг мартаж болохгүй,Аажуурч хугацаа алдвал нөхөх боломжгүй Доод дунд шатны шүүхийг солих прокурор яагаад дорвитрйхон хөдлөхгүй байнаа.Амжилт