С.Эрдэнэбат: Иргэд цалингийнхаа 19 хувийг зөвхөн тэтгэврийн даатгалд төлөхөөр болж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 02

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмж тооцон, нийт 26 хувийн шимтгэл авах хуулийн хэрэгжилтийг төрийн байгууллагууд,  төрийн болон  орон нутгийн өмчит компаниуд 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ханган ажиллаж байгаа юм. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд буюу дээрхээс бусад ажил, үйлчилгээ эрхлэгчид хуулийг ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх заалт үйлчилж байна.

Тэгвэл уг асуудлаар өнөөдөр МҮЭХ-ноос дахин байр сууриа илэрхийллээ. Нийгмийн даатгалын санг цөлмөсөн буруутай этгээдүүдээр мөнгийг нь төлүүлж, сангаа бүрдүүл. Тэдний тарьсан өр, гайг "Цалингаас өөр орлогогүй ажилтан хүн"  үүрэх ёсгүйг санууллаа.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ “ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2017 онд  хэрэгжүүлж эхлэх үед Нийгмийн даатгалын сан тэр дундаа Тэтгэврийн даатгалын санд Засгийн газар буюу төрөөс өгч байгаа татаас өндөр байна, сангийн орлого, зарлагыг тэнцвэржүүлэх ёстой гэдэг үүднээс орлогын хэмжээг нэмэх шаардлагатай байна гэж үзсэн. Ингэхдээ  шууд шимтгэл нэмэх байдлаар шийдэх гарцыг сонгосон нь нэг талаар буруу гэдгийг тухайн үед ч МҮЭХ-ны зүгээс  тавьж байсан.

Тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийхгүйгээр, үр өгөөжийг сайжруулахгүйгээр илүү шимтгэл төлөх дарамтыг  ажилтнууд болон ажил олгогч нарт үүрүүлж буй нь 100 хувь зөв шийдэл биш юм аа гэсэн байр суурийг дандаа илэрхийлж байгаа.  ОУВС-гийн хөтөлбөрт орсноос хойш гурван ч Засгийн газар солигдлоо. Энэ хугацаанд хөтөлбөр дууссан. Коронавирусний хүндрэлтэй үе залгасан.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 1 хувь,  2019 онд 0.5 хувиар шимтгэл нэмэгдсэн. 2020 онд нэмэгдүүлэхээр тусгасан шимтгэл яагаад хэрэгжээгүй вэ гэхээр МҮЭХ-ноос  шаардлага тавьсантай холбоотой. Нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед тэтгэврийн шинэчлэлийг хйихгүйгээр шимтгэлийг нэмж байгаа нь буруу гэдэг шаардлагаа дахин  тавьсантай холбоотойгоор  УИХ,  Засгийн газар тухайн үедээ шаардлага хүлээж авсан. Хүлээж авахдаа хуулиа  бүрэн цуцлаагүйгээр хэрэгжилтийг  нэг жилээр хойшлуулсан. Үүнийгээ  тайлбарлахдаа ОУВС-гийн хөтөлбөр дуусаагүй. Амлалт авсан тул буцаж болохгүй гэж байлаа.

Одоо ч манай шаардлага хэвээрээ. Дээр нь коронавирусний улмаас нөхцөл байдал улам хүндэрсэн байна. Гэтэл сая намрын чуулганаар үүнийг шийдсэнгүй. Оны өмнөөс уг асуудлыг МҮЭХ байнга тавьж байсан.

Төрийн байгууллага, төрийн  болон орон нутгийн өмчит компаниуд, үйлчилгээний газруудын 300-400 мянган иргэн нэгдүгээр сараас эхлэн нэмэгдэлтэй хэмжээгээр НДШ төлж эхэлсэн. Иргэд сарын цалингийнхаа 19 хувийг зөвхөн тэтгэврийн даатгалд төлөхөөр болж байна. Цалингийн  0.1 хувь ч орлогод хэрэгтэй байгаа үед энэ буруу гэдгийг бид хэлж, сануулж байна. Энэ асуудлыг заавал жагсаал цуглаанаар шийдэх байдалд оруулж байгаа бол МҮЭХ бэлэн. Гэхдээ хүнд хэцүү цаг үед аль болох эв зүйгээр, аль аль талдаа хүндрэл үүсгэхгүйгээр шийдэх ёстой байна.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.159) 2021 оны 02 сарын 04

Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалыг нөхөн төлье гэхээр заавал хувиараа татвар төлөгчийн бүртгэлд урьд нь орсон байх ёстой гээд боломж өгөхгүй байх юм.

0  |  0
Иргэн (66.181.183.65) 2021 оны 02 сарын 04

УЛСЫН ТӨСӨВ ХҮРЭЛЦЭХГҮЙ ШАЛТГААНААР НДС ААС 10 ГАРАН ИХНАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖ БАЙСАНЫГ ЯАГААД ЯРИХГҮЙ БАЙГААМ БЭ АРД ОЛОН МАРТААГҮЙ ШҮҮ

0  |  0
Иргэн (66.181.183.65) 2021 оны 02 сарын 04

УЛСЫН ТӨСӨВД НДС ЫН 10 ГАРУЙ ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ТӨВЛӨРҮҮЛЖ БАЙСАНЫГ АРД ОЛОН МАРТААГҮЙ БАЙГАА ШҮҮ

0  |  0
Бат(202.9.46.131) 2021 оны 02 сарын 03

НД-ын хуримтлагдсан жаахан хөрөнгийг АН дарга Эрдэнэ Н/Д байхдаа баруун солгүй зарж хот аймаг дүүрэг суманд хүртэл НД-ын байрууд барисан эрхэмдээ

0  |  0
Иргэн(64.119.24.94) 2021 оны 02 сарын 02

Тэр даатгалын мөнгө төгрөгийг хэдэн зуун тэрбумаар нь идсэн амьтдаас гаргуулж болдоггүй юм уу??

0  |  0
Зочин(139.5.219.139) 2021 оны 02 сарын 02

Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгнүүдийг шамшигдуулсан нөхдүүдээс буцаан төлүүлэх тухай ХУУЛЬ САНААЧИЛЧИХ алга байна уу чааваас даа.\n

0  |  0
Top