Хүмүүний амьдралын ээдрээ, нугачаан дунд бие биеэсээ төөрөлдөн салсан эх үр, ахан дүүсийг уулзуулдаг ТВ 8 телевизийн “Тавилан” нэвтрүүлгийн 2020 оны аравдугаар сарын 24-ний дугаарыг танд хүргэж байна.
УЧИГ:------------------------
Тэртээ 1966 онд Баянхонгор аймгийн иргэн Б.Даваа анхны нөхөр Жаргалаас гэр бүлээ цуцлуулжээ. Үүний дараа Жаргал том хүү Болдбаатараа аван Улаанбаатар хот руу нүүсэн байна. Тавь гаруй жил уулзаагүй том хүүгээ хайсан Б.Даваа гуай “Тавилан” нэвтрүүлэгт захидал бичсэнээр эрэл эхэлжээ. Нэвтрүүлгийн баг Ж.Болдбаатарын гэрийг зорин очиж хүүгээ хайсан ээжийнх нь захиаг уншиж өгсний дараа сая тэр учрыг ойлгож ээжтэйгээ уулзахыг зөвшөөрсөн юм. Даваа гуай 1974 онд хүүтэйгээ нэг уулзаж байсан. Хүн харахад ээждээ гомдон хатуурхах хэдий ч дотогшоо сэтгэл нь өмөрч, ээжийнхээ тухай цаг үргэлж бодож байгааг Болдбаатарын харц, зангирч буй хоолойноос нь илхэн байлаа. Болдбаатар алдаж онож явсан ч өдгөө эцгийн голомтыг таслалгүй энэ биеэ цэгнэж, мөр тэгш амьдарч явна.
Ц.ГЭРЭЛМАА: Таныг төрсөн ижий Даваагийнхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж азай буурлыг баярлуулах болов уу гэж зорин ирлээ?
Ж.БОЛДБААТАР: Би ээжтэйгээ ухаан орсноосоо хойш ганц л удаа харсан. Тэгээд ахиж ерөөсөө барааг нь хараагүй. Сонин л юм байна. Хэцүү л юм байна. Жаран нас хүртлээ эцэгтэйгээ хоёулаа байсан. Эхгүй өссөн хүн чинь... гомддог л байхгүй юу. Ер нь би хадам ээжийгээ “ээж” гэж дуудаж чаддаггүй.
Ц.ГЭРЭЛМАА: “Ээж” гэдэг үг танд эвлэж өгөхгүй байна уу?
Ж.БОЛДБААТАР: Тэр үгийг угаасаа хэлж сураагүй. Хадам ээжийгээ би “та” гэж дууддаг. Миний аав 1923 оны хүн. 1997 онд 76 насандаа өөд болсон. Би айлын ганц хүү, эрх, дураараа, өссөн хүүхэд. Надад идэр залуудаа хүчийг үзэж алдаж онож явсан үе бий. Миний хажууд түшиж тулах хүн олон байсан бол би өдийд ингэж ганцаараа алдаж онож явахгүй байсан байх. Гэхдээ одоо би жаргаж байна.
Ц.ГЭРЭЛМАА: “Ижийтэй хүн энэ орчлонд хамгийн баян” гэж ярьдаг. Жаран жилийн өмнө танай гэр бүлд юу болсныг бид тааж мэдэшгүй. Таны эхийн хайраас хол өссөнийг энд шүүж суух цаг биш. Таныг ээжийнхээ хамгийн сүүлчийн хүсэл мөрөөдлийг нь биелүүлээгүйдээ хожим харамсах вий гэж бодож байгаа учир бидний хүсэлтийг хүлээж аваасай гэж хүсэж байна.
Ж.БОЛДБААТАР: Яаж ч бодсон энэ хүсэлтийг хүлээж авахгүй байхын аргагүй.
ХҮЛЭЭЛТ:------------------------
Улаанбаатар хотоос 650 км орчим зайд орших Хонгор нутгийг нэвтрүүлгийн багийнхан зорьж явна. Хөдөө нутагт намрын сэрүү хэдийн оржээ. Нар бууж манан суусан энэ л өдөр нийслэлээс нэвтрүүлгийн хамт олон ирж байгааг сонссон өндөр настан Б.Даваа нь нойр нь хулжин хоножээ. Өндөр настан Б.Даваа гуайн бүлтийтэл хүлээх харц, хүлээлт горьдлого хослон угтлаа. Баянхонгор аймгийн уугуул Б.Даваа гуай 1939 онд төрсөн. 1967 онд гэр бүл болсон хань Тогоохүү, бага хүү Сүхбаатартайгаа хамт амьдардаг. Өдгөө 81 нас хүрч буй тэрээр залуудаа уртын дуу, ардын дуугаараа, нутгийн зон олноо баясгаж явжээ. Тогоохүү гуай хүүгээ бүлтийтэл хүлээж шаналах ханийнхаа сэтгэлийг хамгийн их ойлгодог нэгэн. Том хүүг нь олоод уулзуулчих санаатай хэд хэдэн удаа мал туун хот орсон ч харамсалтай нь эрэл бүр нь мухардаж төгсжээ.
Ц.ГЭРЭЛМАА : Танд хүүгийнхээ тухай сонин содон мэдээ бий юу?
Б.ДАВАА: Байхгүй ээ. Уулзмаар л байна. Одоо намайг таних үгүйг мэдэхгүй. /Хөгшний нүдэнд нулимс тунараад ирэв/
ТОГООХҮҮ: Миний хань залуудаа сумын аварга саальчин, сумын ганц уртын дуучин байсан.
Ц.ГЭРЭЛМАА: Эмээ та надад нэг зүйлийг амла. Хэрвээ таны хүүг дагуулаад ирвэл та бидэнд уртын дуу дуулж өгөх үү?
Б.ДАВАА: За тэгье. /Буурай инээд алдаад, амлалт өгөв/
ТОГООХҮҮ: Миний хань баяр наадам болох үед олноороо цуглахад том хүүгээ хайн уйлаад байдаг юм. Хань минь харвалт өгөөд хэл нь муудаж, бариачид бариулаад, доод бие нь мэдээгүй болсон. Хүүгийнхээ сургийг гаргаж, амьддаа ганцхан удаа ч болтугай царайг нь харах хүсэлтэй. Тэр жил Баянхонгор аймгийн даншиг болоход том хүүг нь харуулдан, “заавал ирэх байх” гэж хүлээсэн ч ирээгүй.
Энэ үед Б.Даваа гуайн бэтгэртлээ санаж суугаа хүү Ж.Болдбаатар Түйн голын эрэгт хүүтэйгээ ярилцаж, нутаг усаа танилцуулж зогслоо. Өчнөөн жилийн дараа нутагтаа ирсэн Ж.Болдбаатар ээжийнхээ тухай сонссоноос хойш сэтгэл нь гэгэлзэж, хэдэн шөнө нойргүй хоножээ. Ийнхүү олон жил уулзаагүй ижийmэйгээ золгохоор явж буй нь энэ.
Ж.БОЛДБААТАР: Хэдий гомдож туньж байсан ч ээж минь, гурван бүсийн нутаг минь намайг хүлээж байжээ. Одоо надад тосоод авах нутаг, хүлээн суух ээж байна. Би энэ орчлонгийн хамгийн баян эр боллоо. Би ч мөлхөж яваад биш далавчтай юм шиг яваад насыг барна гэж боддог хүн. Аавынхаа буянд хүүхэд насаа жаргалтай өнгөрөөсөн. Аав минь 1997 онд нас барснаас хойш 23 жил хорвоог ганцаараа туулж байна. Жаран насандаа ээжийгээ харах гэж байгаа хувьтай эр хүн гэж өөрийгөө бодож байна. Би Баянхонгор аймгийн хуучин Жинстийн Ламын гэгээний хүүхэд байгаа юм. Миний буурал аав Ламын гэгээнд сууж байсан мундаг том эрдэмтэй лам. Борооноор морьтой явахдаа норохгүй ороод ирдэг хүн байсан гэдэг. Миний буурал ээж 98 нас насалсан. Миний хувьд аавынхаа нутаг усыг тахиад, буян үйлдэх хүсэлтэй явдаг.
Ц.ГЭРЭЛМАА: Улаанбаатар хотоос гараад 670 орчим км замыг туулаад 46 жилийн дараа ижийдээ ирж байна. Ижий тань хүүгээ ирж байгааг мэдээгүй байгаа. Улаанбаатар хотод тантай нэг удаа очиж уулзсан гэсэн. Ээжийн тань төрх танд үлдсэн үү?
Ж.БОЛДБААТАР: Ерөөсөө сайн санадаггүй юм. 1985 онд мал тууж ирээд манайхаар орж ирсэн гэж санаж байна. Одоо л ээжийгээ хармаар байна. Миний хувьд ээждээ идээ будаагаа авч ороод барааг нь харчихад болно доо гэж бодож байна.
УУЛЗАЛТ:------------------------
Даваа гуай хань Тогоохүү, хүү Сүхбаатартайгаа нэвтрүүлгийн баг ирэхийг догдлон хүлээж байв. 50 шахам жил уулзаагүй хүүг нь дагуулаад ороод ирэхэд Даваа эмээ итгэж ядан харав. Ж.Болдбаатар эхнэр, хүү хоёртойгоо олуулаа болоод ирсэн нь баяр дээр баяр нэмж үхтэл үр харам гэдэг шиг эхийн сэтгэл уужран тавирч, уяран хайлан угтсан юм. Болдбаатар “Ээж минь, Амар мэнд сууж байна уу? та” хэмээн хүндэтгэлийн цэнхэр хадгийг ариун цагаан сүү, мэлтэлзсэн мөнгөн аягатай хамт барин золгов. Тэгээд “Миний ээж, нас өндөр болжээ.” гээд хоёр хацрыг нь үнслээ. Б.Даваа гуай итгэж ядан, нулимс дүүрэн нүдээр “Миний хүү мөн үү?” гэж давтан давтан асуусаар байлаа. Болдбаатар баяр жаргалын нулимс дуслуулан суугаа ээжийнхээ хажууд суун тайвшруулан тэврээд “Хүү нь ирлээ. Битгий уйл. Уйлж болохгүй бие тань өвдөнө” хэмээн аргадан хэллээ. Хариуд нь Даваа гуай инээмсэглэн баясаж, аз жаргалтай суух агаад хүүтэйгээ уулзсандаа итгэж ядан “Төрийн минь сүлд өршөө” гэж хэлээд залбирч байлаа.
Ж.БОЛДБААТАР: “Амьд явахад алтан аяганаас ус ууна” гэдэг. Тантайгаа эх үрийн холбоогоор ингээд амьд сэрүүндээ уулзах аз жаргалтай хувь тохиол ирдэг юм байна.
Ж.БОЛДБААТАР: Та нас сүүдэр хэд зооглож байна?
Б.ДАВАА: Наян настай.
Ж.БОЛДБААТАР: Би наян нас хүрвэл хоёул ихэр харагдах байх.
Б.ДАВАА: Сайхан байна миний хүү. Ингэж нэг уулзах гэж... Бид азтай байна.
Ж.БОЛДБААТАР: Би жаран жил ганцаар явсан. Одоо үнэхээр баян хүн боллоо. Надад ээж, дүү хоёр минь байна. Ээжийгээ харна гэдэг чинь... гээд хоолой нь зангиран ээжийгээ үнсэв.
Б.ДАВАА: Хүү минь бодогдоод байдаг юм...
Ж.БОЛДБААТАР: Таны сургийг сонсоод ямар ч байсан ээжтэйгээ уулзана гээд хүү нь хүрээд ирлээ.
Б.ДАВАА: Миний хүү олон хонох уу?
Ж.БОЛДБААТАР: Та намайг энэ өргөөндөө хэд хоно гэж хэлнэ яг тэдэн өдөр хононо доо
Б.ДАВАА: Би ч үгүй мөн буянтай хүн юм.
Ж.БОЛДБААТАР: Тийм ээ. Та буянтай хүн юм. Өчнөөн жилийн дараа том хүүгээ олж уулзаж байдаг. Би хэд хоног ээжийгээ харна гэхээс л унтаж чадахгүй байсаар ирлээ дээ.
Б.ДАВАА: Ээж нь үнэндээ намайг тоож ирэх болов уу хэмээн сэтгэл түгшин бодож суусан.
Ж.БОЛДБААТАР: Ээж минь, Та яагаад ийм машинтай (тэргэнцэр) болов?
Б.ДАВАА: Харин тэглээ. Машин аваад өгөхгүй юм уу. /Хүүгээ цаашлуулан наргиан хийв/
Ж.БОЛДБААТАР: Тэгье. /инээв/
Б.ДАВАА: Ээжийгээ машиндаа суулгаад аваад яв.
Ж.БОЛДБААТАР: Би таныгаа үүрээд явна аа.
Б.ДАВАА: Би чинь ингээд дөрвөн хүүтэй боллоо.
Ж.БОЛДБААТАР: Тийм ээ. Та их баян хүн юм.
ТАЙЛАЛ:------------------------
Ээжтэйгээ уулзаж нар нь гарсан Ж.Болдбаатар дүү Т.Сүхбаатар дүүдээ хандаж “Ах нь 60 нас наслахдаа олон зүйлийг тууллаа. Бүх л амьдралынхаа турш айлын ганц явсан хүнд баян цатгалан байхад хуваалцах хүн үгүй, зүдрүү явах цагт сэтгэлээ уудалж суух хүн үгүй явлаа. Ээж дүү хоёртойгоо уулзахад үнэхээр сайхан байна” гэж хэлэв. Бас “Бид хоёр адилхан байна уу” хэмээн дүүтэйгээ зэрэгцэн зогсож олныг инээлгэж байлаа. Сүхбаатар дүү нь ахтай гэдгээ мэдрэх сайхан байна хэмээн сэтгэл дүүрэн байв. Өвчнөөсөө болж хоолой нь цахиртах Б.Даваа гуайг хань Тогоохүү нь дэмжин уртын дуу эгшиглүүлэв. Хагарсан шаазан өнөөдөр эвлэрч, энэ гэр бүл элэг бүтэн боллоо. Орсон гарсан гийчин бүрээс чимээ сурдаг Даваа эмээ оонын хоёр эвэр шиг хоёр хүүгээ уулзуулах хүслээ ийнхүү биелүүллээ.
Ц.ГЭРЭЛМАА: Даваа эмээ, энэ олон жилийн дараа таны хүсэл биелж том хүүтэйгээ уулзлаа. Сайхан байна уу?
Б.ДАВАА: Сайхан байна. Хүүтэйгээ уулзаад баярлаж байна. Та бүхэнд маш их баярлалаа. /уйлав/
Ц.ГЭРЭЛМАА: Хүү нь ээжийнхээ энгэрт эрхэлдэг байсан бол өнөөдөр ээж нь хүүгийнхээ энгэрт эрхэлж харагдаж байна.
Б.ДАВАА: Үгүй ээ мөн сайхан байна шүү.
Ж.БОЛДБААТАР: Янз янзын амьдрал үзсэн болохоор ч тэр юм уу уяхан болчихдог юм уу. Нас нь яваад тэгдэг юм уу жаахан юм сонсохоор л уйлчих гээд байдаг болж дээ.
Б.ДАВАА: Миний хүү одоо ээжийгээ аваад явах уу?
Ж.БОЛДБААТАР: Тэгнэ ээ. Ээж минь айлын эрх хүүхэд шиг хүзүүнээс зүүгдээд хамт явах шинжтэй шүү. Цуг явна даа. Ээж маань буянтай байна. Энийг хувь тавилан гэхгүй юм бол өөр юуг хэлэх вэ. Ная гарсан ээжтэй минь жаран жилийн дараа уулзуулж байгаа та нарт мянга түм наслахыг ерөөе. Одоо би удам угсаа, үр сад, аав ээж, ах дүүтэй, хязгааргүй баян болчихлоо. Үүнээс илүү аз жаргал гэж дэлхийд байхгүй байх. Та нартаа баярлалаа.
Ирсэн шувуу буцдагийн адилаар нэвтрүүлгийн хамт олон Улаанбаатар хот руугаа буцлаа. Тэд өнгөрсөн жараад жилийн хуримтлагдсан их түүх, санаж бэтгэрсэн сэтгэл, баяр хөөрөө хуваалцан, сэтгэлээ онгойтол ярилцсаар үлдлээ. Халуун ам бүл, бүтэн гэр бүлээрээ баярын нулимстай, инээд хөөртэй үлдсэн тэдэндээ аз жаргалын дээдийг ерөөе. Хүмүүний алаг хорвоогийн тавилан заяанд хагацсан бүхэн уулзаж л байвал ямар сайхан бэ.
Г.ЦЭНГҮҮН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Амжилт хүсье! ээ
Сайхан нэвтрүүлэг болсон шүү насаараа л айлын ганц явсан хүн элэг бүтэн боллоо доо энэнээс илүү буян гэж хаа байхав азтай юм Болдоо.Тавилан нэвтрүүлгийн хамт олон ёстой буянтай сайхан хүмүүс юмаа төөрөлдсөн %заяаг уулзуулж учруулж буяны бурханлиг сайхан үйлс бүтээдэг.Цаашдынх нь их ажилд амжилтын дээдийг ерөөеөө баярт уулзалтууд олон байгээ
Mash ikh buyan yumdaa nevtrvvlgiin khamt olond sain saikhniig khvsii
Setgel uyaslaa
Хүний амьдрал аа гэж... Буянтай үйл хийж ээ
Сайхан нэвтрүүлэг . Нэвтрүүлгийн баг хамт олонд хамгийн сайхныг хүсье .
Дэлхийд хамгийн сайхан баяр баясал гэдэг энэ л юм даа.ээж хүү хоёрт сайн сайханыг ерөөе