Т.Алтангэрэл: Оюутолгой төслийн зардал 50 хувь өсөхөд улаан гэрэл асч, хариуцлагын асуудал тавьдаг болох хэрэгтэй

2021 оны 02 сарын 03

Бизнесийн эрх зүй, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн хуульч, арбитрч Т.Алтангэрэлтэй Оюутолгойн асуудлаар ярилцлаа. Оюутолгойн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч талуудтай Арбитр дээр тулахаар бэлтгэл хангаж буй Монголын Засгийн газар туршлагатай хуульчдынхаа үгийг сонсох ёстойг сануулъя.


 

Талуудад маргаантай, илт хохиролтой асуудал байгаа бол тэрийгээ удаашруулан даамжруулахаас сэргийлж, шийдвэрлэж, урагшилж байх нь зөв. Татварын асуудлаар маргаан үүссэнээр давхар олон үл ойлголцол, маргаантай зүйлс нэг мөр  цэгцрэх боломжтой болно.

 

-Та өмнө нь “Алтан дорнод Монгол”, Алстом Пауэрын ТЭЦ-3, Төмөртэйн ордтой холбоотой Хятадын компаниудтай холбогдох олон улсын хэрэг, маргаануудыг Арбитраар шийдвэрлүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын багийг удирдан ажиллаж, ялалт авчирч байсан туршлагатай хуульч, арбитрч шүү дээ. Оюутолгой төсөлтэй холбоотойгоор Монголын Засгийн газар Арбитрт дахин очиж буй нь тодорхой болсон энэ үед таны байр суурийг сонирхох гэсэн юм?

-Арбитрт очихоороо ялагдана, өр төлбөрт унана гэсэн ойлголт их явах юм. Аливаа бизнес шулуун дардан замаар явдаггүй, ямар нэг асуудал, бусадтай хамтран ажиллах хүрээнд маргаан гарч тэрийгээ шийдэх арга механизмтай байдаг. Олон улсын арбитр гэдэг нь иймэрхүү маргааныг шийдвэрлэхэд чиглэсэн, мэргэшсэн, аль нэг улс орноос хараат бус шүүх бөгөөд олон улсын хөрөнгө оруулалтын маргаанууд ихэвчлэн арбитраар шийдвэрлэгдэж байна. Монгол Улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Засгийн газар  таны дурьдсан хэд хэдэн олон улсын арбитрын хэрэгт хариуцагчаар татагдаж байсан, одоо харьцангүй туршлагатай болж байгаа. Монголын Засгийн газар орсон ихэнх хэрэгтээ ялсан байдаг нь бодит түүх учир ялагдсан ганц хоёр хэргээр нь харлуулж, дандаа ялагддаг мэтээр ярих нь ор үндэсгүй юм.

Монголын Засгийн газрын хэрэг маргаанд ялсан, ялагдсан тоог олон улсын дундажтай харьцуулахад муугүй байдаг. Өөрөөр хэлбэл, олон улсын арбитр нь харьцангуй хараат бус юм гэсэн итгэл үнэмшил хөрөнгө оруулагчдад ч, улс орнуудад ч байдаг. Оюутолгой төсөлтэй холбоотой үүссэн арбитрын хэргийн явцын талаар нарийн мэдээлэл надад алга. Ямартаа ч Монгол Улсын татварын албанаас “Оюу Толгой” ХХК-д хоёр удаагийн татварын шалгалтаар нийт 370 сая ам.доллар буюу 1 их наяд орчим төгрөгийн татварыг төлүүлэхээр акт тавигдаж, тэрийг нь төлөх үндэслэлгүй гэж “Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл” компани олон улсын арбитрт манай Засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргасан. Монголын тал болон “Туркойз Хилл” нарын хооронд үүссэн уг маргаан нь талуудын хооронд эвийн журмаар буюу хэлэлцээрээр шийдэх гээд болоогүй, нилээн удсан, одоо арбитраар эцэслэн шийдэх шаардлагатай болсон гэж ойлгож байна. Оюутолгой төсөл бол урт хугацааны төсөл учраас харилцан ашигтай, шударга, аль нэг талд хэт хохиролгүй баймааж урт хугацаанд тогтвортой, амжилттай хэрэгжинэ гэж үздэг. Хэрвээ талуудад маргаантай, илт хохиролтой асуудал байгаа бол тэрийгээ удаашруулан даамжруулахаас сэргийлж, шийдвэрлэж, урагшилж байх нь зөв. Татварын асуудлаар маргаан үүссэнээр давхар олон үл ойлголцол, маргаантай зүйлс нэг мөр  цэгцрэх боломжтой болно. Монгол Улс өмнө нь Хятадын болон Оросын, Канадын хөрөнгө оруулагчидтай арбитрын маргаанд орж байсан учир тэр улс орнуудтай Монголын Засгийн газрын байгуулсан хоёр талын Хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих гэрээ, Эрчим Хүчний Харта зэргийг эрх зүйн үндэслэл болгосон байдаг. Оюутолгой төсөлтэй холбоотой татварын маргаанд Нидерланд, Их Британи зэрэг улстай байгуулсан гэрээний Хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих олон улсын гэрээ мөн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь Нийлүүлэгчдийн гэрээ зэргийг гол үндэслэл болгож байгаа болов уу. Хөгжиж буй улс орнуудын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дэмжих бодлогод хөрөнгө оруулагчийг хамгаалах дээрх хоёр талт олон улсын гэрээнүүдийг байгуулах, хуулиас гадна Хөрөнгө оруулалтын тусгай гэрээ байгуулах, одоо энэ Оюутолгой Хөрөнгө оруулалтын гэрээг хэлж болно. Мөн аливаа маргаанаа дотоодын шүүхээс тусдаа арбитраар шийдүүлэх зэрэг арга механизмыг хамааруулдаг. Татварын акт нь төрөөс авч байгаа арга хэмжээ гэдэг утгаараа хөрөнгө оруулагчид шударга, тэгш хандсан эсэх, ялгаварлан гадуурхаагүй эсэх, хуулийг дагуу авагдсан арга хэмжээ эсэх дээр маргааны гол зүйл явагдах болов уу гэж бодож байна. Сануулахад, өмнө нь “Алтан Дорнод Монгол” ХХК -ийн арбитрын хэрэг нь татварын маргаантай холбоотой явагдаж байсан. Тэр үед тус компанид ногдуулсан “Гэнэтийн ашгийн татвар”-ыг хууль ёсны гэж олон улсын арбитр үзээд, тус компани татвараа төлж барагдуулсан түүхтэй. Тиймээс хэрвээ Засгийн газар татварын актаа хууль ёсны дагуу тавигдсан, заавал төлөгдөх гэж үзэж байгаа бол төлүүлэхийг шаардах нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна.

-Монголын Засгийн газар гаднын туршлагатай хуульчдын багийг хөлслөн ажиллана гэсэн мэдээлэл бий. “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниудаас хараат бусаар ажиллаж чадах хуульчдыг олох шаардлага тавигдаж буйг ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир хэлж байсан. Оюутолгойтой холбоотой энэ удаагийн маргаанд дотоодын хуульч, арбитрчдын оролцооны талаар та ямар бодолтой байна вэ?

- Хуульчдын багийн талаар мэдээлэл багатай байна. “Рио Тинто” нь дэлхийн томоохон, үндэстэн дамнасан компани учир ашиг сонирхлын зөрчилгүй хуулийн фирм олоход амар байгаагүй байх. Одоо Монголын талын сонгосон Лондон дахь “Кинг энд Спалдинг” компани арбитрын чиглэлээр дагнасан нэр хүндтэй, туршлагатай өмгөөлөгчидтэй. Мэдээж гадаадын компаниудтай хамтран ажиллах шаардлагатай ч нөгөө талаар Монголын тал өөрийн дотоодын хуульчдаа сайн оролцуулж, дотооддоо мэдлэг мэдээлэл, ур чадвар, туршлага, сургамж хуримтлуулах нь урт хугацаанд асар их ач холбогдолтой бөгөөд залгамж чанарыг хадгалахад чухал үүрэгтэй. Учир нь энэ бол урт хугацааны, Монголын нутаг дээрх төсөл учир дотоодын нөөц бололцоог байнга дэмжиж ажиллах нь төрийн болон “Оюу Толгой” компанийн эрх ашигт нийцэх юм болов уу. Өмнө нь  би Хууль зүй, дотоод хэргийн яамны газрын дарга байхдаа үндсэн чиг үүргийнхээ төрийн ажлынхаа хажуугаар Милбанк, Твийд энд Мклой гээд АНУ-ын сайн фирмтэй хамтран хэд хэдэн олон улсын арбитрын хэрэг дээр ажиллаж байлаа.  Тэр үед аль болох мөнгө хэмнэх зарчмаар ажилладаг, дотоодын зөвлөх компани ажиллуулах боломж муутай, яамны төрийн албан хаагчид өөрсдөө л бүх ачааллыг авч, үзэж тардаг байлаа. Татварын олон улсын маргаанаас гадна хувь нийлүүлэгчидтэй хэлэлцээр хийх, гэрээнүүдийг өөрчлөх асуудал зэрэгцээд явж байгаа нь асар их ачаалалтай тул Засгийн газар нэг хоёр тусдаа баг гаргаж ажиллах нь зүйтэй болов уу.

Засгийн газрын   хувь эзэмшил Монголд байгаа “Оюу Толгой”  ХХК-д бус харин Канад дахь “Туркойз Хилл Ресурс”-д байвал манай талын эрх ашигт нийцэхээр байж болохоор юм.

-Арбитр дээр маргаан шийдвэрлэхэд гэрээний Англи эх дээр  тулгуурлана. Гэтэл манайхны хувьд Хөрөнгө оруулалтын Үндсэн гэрээ болон бусад гэрээнүүд, Дубайн төлөвлөгөөг Монгол хэл рүү буулгахдаа зарим нэр томъёо, ойлголтуудыг буруу тусгасан нь эргээд бидэнд асуудал дагуулна гэж хэлэх талууд бас байгаа. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Гучин жилийн урт хугацааны гэрээ учир ойлголтуудаа нэгтгэж, цэгцлэх шаардлагатай. Гэрээ байгуулах үеийн ойлголтын зөрүү байвал хэр ноцтой, ямар арга байдлаар шийдэх хууль зүйн гарцууд бий. Орчуулгыг буруу гэдэг нь техникийн алдаа төдий юм байна уу, утга агуулга, ойлголтын ноцтой зөрүүтэй, хохиролтой юм байна уу гэдгээ мөн арбитрын хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудад тайлбарлах, нотлох, эвлэрэн хэлэлцэх боломжууд байгаа. Арбитрчид тухайн маргаантай холбоотой зөрүүтэй байр суурийг нягталж үзээд шийдвэрлээд явдаг.

-Засгийн газраас өгч буй мэдээллээр  2051 он хүртэл манайд ногдол ашиг оногдохгүй байхаар санхүүгийн тооцооллыг “Рио Тинто” танилцуулсан гээд байгаа. Тэгэхээр ийм тооцооллыг гаргах боломжийг Хөрөнгө оруулалтын үндсэн гэрээ болон Дубайн төлөвлөгөө тэдэнд олгож байгаа гэж харж болох уу?

-Оюутолгой төсөл бол дэлхийд алт, зэсийн гуравт орох томоохон төсөл. Энэ төсөл нь ялангуяа хөрөнгө оруулагчдын хувьд нэг талаасаа бизнесийн төсөл ч, нөгөө талаасаа нийт монголчуулын хувьд эдийн засаг, байгаль орчин, нийгэм, геополитик, тогтвортой хөгжлийн үндсэн эрх ашигтай шууд хамааралтай онцгой төсөл. Тийм учраас монголчууд энэ төсөлд онцгой анхаарах, мэдээлэлтэй байх, ашиг үр шимийг нь хүртэх, хяналт тавих, энэ төслийн талаар эцсийн шийдвэрийг гаргах эрхтэй гэдгийг байнга санах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээ болон бусад баримт бичгүүдийн хүрээнд энэ төслийн урт, дунд болон богино хугацааны үйл ажиллагааны, санхүүгийн төлөвлөгөө явж байгаа болов уу. Компанийн засаглалын зарчмын дагуу орлого, зарлага, ашиг, алдагдалд нөлөөлөх бүх шийдвэрийг дээрх гэрээ, баримт бичгийн хүрээнд “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага шийдвэрлэж ирсэн. Иймд “Оюу Толгой” ХХК-ийн  34 хувийг эзэмшиж байгаа Монгол Улсын  Засгийн газрын ТУЗ-ийн төлөөлөл чиг үүргийн дагуу энэ асуудалд тодорхой хариу өгөх ёстой. ТУЗ нь цаг хугацаандаа, шат дараатайгаар зардал, хугацаа хэтэрч буйг, ногдол ашиг хойшилж байгаа эдгээр ноцтой асуудлыг сайтар хянаж, шийдвэрлэж байсан бол өдийд байдал ингэтлээ хүндрэхгүй байх байсан биз. Хэрвээ ТУЗ дахь 34  хувь эзэмшигчийн эрх хэмжээ багадаад, мэдээлэл тайланг авах, хяналт тавих боломж, зардлын өсөлт, хугацаа хэтрэлт зэрэг асуудалд хариуцлага тооцох, шийдвэрлэх  боломжгүй байсан бол гарц гаргалгааг Хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах замаар залруулах шаардлагатай. Ер нь асуудлыг олон талаас нь бас харж судалмаар санагддаг. Жишээ нь, манай Засгийн газар  хувь эзэмшил нь Монголд байгаа “Оюу Толгой”  ХХК-д бус харин Канад дахь “Туркойз Хилл Ресурс”-д байвал манай талын эрх ашигт нийцэхээр байж болохоор юм. Канад дахь “Туркойз Хилл Ресурс”-д манай Засгийн газар  хувь эзэмшсэн бол хувьцааны хөрвөх чадвар, хяналт тавих боломж, хөгжсөн эрх зүйн орчин гээд давуу талууд байх боломжтой. Мэдээж энэ нь тухайн үеийн Ашигт малтмалын хуулийн заалттай холбоотойгоор боломжгүй байлаа. Жишээ нь Хятадын төрийн өмчийн компаниуд дэлхийн олон улс оронд хувьцаа эзэмшээд явдаг. Энэ мэтээр “Оюу Толгой” ХХК-той холбоотой цогц асуудлыг нэг бүрчлэн задлан шинжилж, дүгнэлт хийх замаар сургамж авч, хууль эрх зүй, санхүүгийн чиглэлээр холбогдох өөрчлөлтүүдийг авч хэрэгжүүлэх нь цаашид бидэнд ач тустай. Өмнө нь  байгуулсан гэрээ хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад ногдох ашиг эрс буурах нь тодорхой болсон энэ тохиолдолд үндсэн гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулах, сайжруулах санал тавих нь зайлшгүй шаардлагатай, зүйтэй гэж үздэг. Монгол Улс Оюутолгой төслийг эхлүүлэхдээ анх эдийн засгийн хувьд гол үндэслэл болох Монголын талд үр өгөөж нь 53, хөрөнгө оруулагч талд 47 хувьтай байхаар гэрээ байгуулсан, ийм хүлээлттэй байсан. Гэтэл төслийн явцад зардал асар их хэмжээгээр хэтрэх асуудал гарч дээрх хүлээлт биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүслээ. Энэ зардал хэтрэлт нь төслийн менежер болох “Рио Тинто”-гийн  буруугаас болсон бол менежментийн зардлыг нь буруулах, шаардлагатай бол арбитраар шийдүүлэх хэрэгтэй болно. Монголын талын эдийн засгийн үр өгөөж багасч байгаатай холбогдуулан энэ харьцааг анх байгуулж байх үеийнхээр нь хадгалах арга замыг судалж, оновчтойг нь сонгон засч залруулахаас эхлээд гэрээнүүдэд хяналт, хариуцлагын тодорхой зохицуулалтыг хийх хэрэгтэй, бүр шаардлагатай бол арбитраар шийдвэрлүүлэх арга замыг сонгох нь зүйтэй.

Дубайн гэрээ нь далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтийг шийдвэрлэхэд түлхэц болсон ч олон хуулийг зөрчсөн, “Оюу Толгой” компанийн  бүх лиценз, биет болон биет  бус хөрөнгийг УИХ-д танилцуулалгүй олон улсын 15 банкинд барьцаалсан, Монголын талыг цаашид хөдөлшгүй болгосноороо их эрсдэлд оруулсан.

-Олон улсын жишгийг авч үзэхэд Оюутолгой шиг ийм хэмжээний төслүүдийн зардал 50 хүртэл хувиар өсөхөд гэрээний нэмэлт өөрчлөлт хийх үндэслэлтэй, нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үздэг гэж та бичсэн байсан. Гэтэл 2013 оны дүгнэлтээр төслийн 1 дүгээр үе шатанд зардал 180 хувь өссөн байдаг. Тэгэхээр Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөл найман жилийн өмнө  үүссэн гэж ойлгож болох уу?

-Ийм хэмжээний төслийн зардал төсөвлөснөөсөө ихсэх нь байж болох ч хэмжээ хязгааргүй, үр дагаваргүй гэсэн үг бол огт биш. Зардал ихсэх нь эргээд төслийн үр өгөөжид нөлөөлж, төлөх татварыг бууруулж, ногдол ашгийг хойшлуулж байгаа учир монголын талд хохиролтой байгаа энэ нөхцөлд олон улсын жишгээр төслийн зардал 50% хүрсэн тохиолдолд гэрээний өөрчлөлтийг ярих нь үндэслэлтэй юм. Энэ талаар олон улсын судалгаа хийгдсэн тухай харж байлаа. Монголын Засгийн газар цаашдаа зардал, алдагдал зэргийг ямар хэмжүүрээр өөрчлөгдөхөд, жишээ нь 50 хувиар өсөхөд улаан гэрэл асч, дохиоллууд дуугарч, гэрээний хариуцлага, өөрчлөлтүүд яригдахыг гэрээнд тодорхой болгож мөрдүүлэх хэрэгтэй болов уу.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын үндсэн болон бусад гэрээ, Дубайн төлөвлөгөө гээд бүгдэд л өөрчлөлт орж байж Монгол Улсын эрх ашиг нөгөө талтай эрх тэгш хангагдах юм байна гэсэн ойлголт байна. Гэхдээ яг ямар эрэмбэ дарааллаар шийдэх нь зөв юм бол оо?

-Үүсээд буй үл ойлголцол, маргааныг хоёр хэсэгт бүлэглэж болно. Эхний бүлэгт 34 хувьд оногдох зээл хэлбэрийн хөрөнгө оруулалт, зардал, хугацаа хэтрэлт, ногдол ашигтай холбоотой хувь нийлүүлэгчдийн хүрээнд шийдвэрлэх асуудлууд байна. Дээр хэлсэнчлэн Оюутолгой төсөл нь олон асуудал дагуулсан, өнгөрсөн хугацаанд Монголын талын эрх ашиг ихээр хохирч байгааг одоо хэлэлцээрийн шугамаар үндсэн гэрээнүүд, Дубайн гэрээ зэрэгт өөрчлөлт хийх болон бусад байдлаар засч залруулах ажлыг шат дараатай хийх шаардлага бодитой бий болчихлоо. Дубайн гэрээ нь далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтийг шийдвэрлэхэд түлхэц болсон ч олон хуулийг зөрчсөн, “Оюу Толгой” компанийн  бүх лиценз, биет болон биет  бус хөрөнгийг УИХ-д танилцуулалгүй олон улсын 15 банкинд барьцаалсан, Монголын талыг цаашид хөдөлшгүй болгосноороо их эрсдэлд оруулсан. Төслийн зардал хэтрэлтийн асуудал анх үүсэхэд тэрийг Монголын талын эрх ашигт нийцүүлэх байтал хүлээн зөвшөөрсөнөөрөө хөрөнгө оруулагчтай хариуцлага ярихад хүндрэлтэй болгосон. Тэгэхээр далд уурхайн бүтээн байгуулалтын 4,4 тэрбум ам.долларын зээлийн төслийн санхүүжилтийн асуудлыг цаашид Монголын хуульд нийцүүлэн засах, үндсэн гэрээнүүдтэй хамт өөрчлөх,  “Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгийг барьцаалж зээл босгож, Монголын талыг эрсдэлд оруулж байгаа тул 34  хувьд ногдох хөрөнгө оруулалтыг зээл хэлбэрээс өөрчилж, хүүнээс чөлөөлөх хүртэл саналыг тавих боломжтой байж болох юм. Дараагийн бүлэгт Монгол Улсын хуулийн хүрээнд тогтоосон арга аргачлалыг хүлээн зөвшөөрөөгүйтэй холбоотой төр, татвар төлөгчийн хоорондын асуудлууд байна. Миний бодлоор олон улсын арбитрт очсон татварын маргаан нь 300-400 сая ам.доллароор хязгаарлагдахгүй цаашид энэ төслийн үргэлжлэх хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих жишиг маягийн шийдвэр болохын хувьд хэдэн арван тэрбум ам.доллароор хэмжигдэх учраас Монголын тал энэ асуудал дээр нэлээн сайн хүн хүчээ төвлөрүүлэх нь зүйтэй байх. Татвартай холбоотой Олон улсын арбитрын маргааныг шийдвэрлэх энэ явцад Монголын тал өмнө байгуулсан аливаа гэрээ хэлэлцээрээ өөрчлөх саналаа хэзээ яаж тавих нь нарийн бодолцох асуудал болох байх. Татварын маргааныг нааштай шийдвэрлэсний дараа хувь нийлүүлэгчдийн хоорондын асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх үү, эсвэл нь зэрэгцээд хэлэлцээрээ хийгээд явах уу, ингэвэл татварын маргаанд сөргөөр нөлөөлөхгүй байх талаас нь анхаарах хэрэгтэй болно.

-Олон улсын Арбитрын маргаан бол хэдэн ч жилээр үргэлжилж болдог юм билээ шүү дээ. Оюутолгойн тухайд ч тийм байж болох уу?

-Арбитрын маргаан өртөг өндөртэй, бас хугацааны хувьд хэргийн онцлогоос шалтгаалан сунжрах, шийдвэр гарахгүй хүлээлгэх гээд байдаг талтай. Тухайлбал, “Алтан Дорнод”-ын хэрэг шийдвэрээ гардаж авах хүртэл дөрвөн жил бараг болсон доо. “Оюу Толгой” ХХК-тай холбоотой татварын маргаан арбитрын хэрэг хянан шийдвэрлэх журмынхаа дагуу явж байгаа гэж ойлгосон. Тэр журмын дагуу хэзээ арбитрын хуралдаан болох, арбитрчид хэзээ ямар хугацаанд шийдвэрлэх гэх мэт эцэслэн шийдвэрлэх багцаа харагдана.

-Төслийн зардал тогтмол нэмэгдэж, гүний уурхайн ашиглалт эхлэх хугацаа улам хойшилж буй нь техникийн нөхцөл, шалтгаанаас гадна төслийн менежмэнтийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”-той холбож ойлгох ёстойг та түрүүн хэллээ. Монгол Улсын ногдол ашиг авах хугацаа хойшлоод байхад “Рио Тинто” менежментийн төлбөрөө зардлаасаа зургаан хувиар бүрэн тооцож авч буйг та мөн хөндсөн шүү дээ?

-Тэгсэн. “Рио Тинто” энэ төслийг авч явж байгаа гол менежер нь. Төслийн ажил хугацаандаа, төсөвтөө багтаад бүтээн байгуулалтаа хийж байна үгүй байна уу гэдэг цэвэр менежментийн багийн хариуцлага. Иймд энэ асуудлыг ТУЗ-ийн хүрээнд ажлаа хангалтгүй хийж байгаа менежерт төлбөр төлөхгүй байх зэргээр асуудлыг тавьж шийдвэрлэх шаардлагатай. Хэрэв ТУЗ-ийн  хүрээнд нөгөө тал шийдэхгүй байвал асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай.

Хэрэв хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдэлд хүрэхгүй байвал үндсэн гэрээндээ өөрчлөлт оруулах саналаа гэрээний дагуу тавьж шийдвэрлэх хэрэгтэй. Хэрэв нөгөө тал асуудлыг шийдвэрлэхгүй байвал Монголын тал олон улсын арбитрт хандан асуудлыг шийдвэрлэх болно. Ийм дэс дарааллаар “Рио Тинто” төслийн менежерт хариуцлага тооцож болно. Үүнийг түрүүн хэлсэнчлэн ТУЗ нь шат дараатайгаар, тухай бүр, цаг хугацаанд нь хийгээд явбал зардлыг өнөөгийнх шиг 200-300 хувиар  хэтрүүлэхгүй байх боломжтой байв.

-Монголын Засгийн газар Оюутолгой  төслийн хэрэгжих хугацааны туршид нийт өгөөжийн 53 гаруй хувийг татвар, нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр хүртэх асуудлыг Дубайн хэлцлээр баталгаажууллаа гэж тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлж байсан. Гэтэл  “ТЭЗҮ-ийг боловсруулахад тухайн цаг үеийн тоо баримтад үндэслэдэг тул тооцоолол нь гүйцэтгэлийн үеийн тооцооллоос зөрж болохыг хүлээн зөвшөөрсөн. Бодит үр дүн тооцооллоос их, бага хэмжээгээр зөрөх магадлалтай” гэж Дубайн төлөвлөгөөнд тусгасан нь үнэн хэрэгтээ ногдол ашиг авах хугацааг улам хойшлуулсан, тийм үү?

-Бизнест тогтмол зүйл гэж үгүй боловч аливаа бизнесийн тооцооллыг харьцангуй хэмжээнд тооцоолж, төлөвлөдөг. Энэхүү харьцангуй хэмжээ буюу зөвшөөрөгдөх хэмжээний өөрчлөлт аливаа бусад нөхцөл байдлаас шалтгаалаад янз бүр байж болох ч аливаа бизнесийн зардал, орлого, ашиг, алдагдал 50 хувиас  илүү хэмжээгээр өөрчлөгдвөл энэ нь уг өөрчлөлтийг нухацтай авч үзэх үндэслэл болно. “Оюутолгой” төслийн хувьд төслийн зардал анх төлөвлөж байснаас 50 хувь бус 200-300 хувиар  нэмэгдсэн нь асуудал дагуулаад байна. Зардал ийм хэмжээгээр өсөөд, Монголын тал татвараа, ашгаа авч чадахгүй, яах учраа мэдэхгүй хараад суугаад байж болохгүй биз дээ. Монголын баялаг улсдаа, иргэдэд үр өгөөжөө өгч, хүрч байх ёстой. Дээр хэлсэнчлэн Монголын тал хяналтаа маш сайн тавьж, зардал дээд тал нь 50 хувийн зардлын өсөлт гарахад л бүх улаан гэрэл асч, хариуцлагын асуудлыг тавьж, баталгаат төлбөр авдаг эсхүл менежментийн зардлыг буруулдаг арга механизмууд үр дүнтэй ажиллаж байх хэрэгтэй шүү дээ.

-Монгол Улс цаашид 34 хувьтайгаа  байх бол зээл хэлбэрийн хөрөнгө оруулалтаас татгалзах ёстой. Тийм гарц боломж бийг та хэлсэн байсан. Үүнийг тодруулж тайлбарлаж өгч болох уу?

-Ер нь Оюутолгой төслийг цааш нь хэрхэн авч явах уу гэдэг нь олон сонголтын дунд төөрөх мэт санагдах ч бизнес гэдэг өөрөө байнгын хөгжиж, өөрчлөгдөж байдаг болохоор цаг үетэйгээ нийцсэн байнгын эрэл, судалгаа, дүн шинжилгээ, сургамж, боломжуудаа бүрэн ашиглах зэргээр тасралтгүй ажил явж байх ёстой. Монголын тал үндсэн асуудлуудаа ойлгох, цэгцлэх шаардлага байгааг өнгөрсөн түүх харуулж байна. Ашигт малтмалын хуулиар стратегийн ордуудад дахь төрийн 34 хувьтай холбоотой заалт дутуу зохицуулагдсан, байгалийн баялгийг яаж үнэлэх, газар доорхи баялгийг барьцаалж зээл авах, төрийн хувь хэмжээнд тохирсон хөрөнгө оруулалтыг ямар арга хэлбэрээр хийхээр тооцох, төр нийтийг төлөөлж байгаа хувьцаа эзэмшигч гэдгээрээ ямар онцгой эрхтэй байх вэ. Мэдээлэл тайлан авах, хянах, хориг тавих гэх зэрэг асуудлуудыг тодорхой хуульчлах, зохицуулах шаардлагатай болж байна. Эсвэл төр хувь эзэмшихгүйгээр, оролцохгүйгээр зөвхөн татвараа сайн авах замаар баялгаа үнэлэх хувилбар дээр тогтох юм уу. Хөрөнгө оруулалтын хуулиар шууд болон шууд бус хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилтийн ялгаа, эрх зүйн хамгаалалтын онцлог зэргийг нарийвчлах хэрэгцээ байна. Хуульчлах эсвэл гэрээнүүдээ өөрчлөх замаар одоогийн маргаан дагуулаад байгаа олон зүйлийг цэгцлэх хэрэгтэй болох нь. Нэг талаараа бид Оюутолгойн  талаар ингэж их мэдээлэл уншиж, сургамж авч, ярилцаж байгаа нь тун сайн хэрэг. Мэдлэг мэдээлэлтэй, эрх ашиг, зарчмуудаа сайн ойлгосон ард иргэд л өөртөө зөв гарцаа алдаж оносон ч олоод авах биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.22.50) 2021 оны 02 сарын 22

Нөхөр нь Сангийн яаманд байхдаа Оюу толгойн хэлцэлд оролцож байсан дараа нь Оюу толгойд ажилладаг болсон

0  |  0
Зочин(64.119.22.50) 2021 оны 02 сарын 22

1.Энэ хүн мэргэжлийн хуульч биш. Сэтгүүлч мэргэжилтэй хүн. 2. Нөхөр нь Оюу толгойд маш өндөр цалинтай зөвлөхөөр ажилладаг тул ашиг сонирхлын зөрчилтэй

0  |  0
Зочин(99.70.235.30) 2021 оны 02 сарын 08

ОТ н хамгаалагчийн дүрд тоглож байгаа юм уу энэ авгай чинь

0  |  0
зочин(103.212.118.121) 2021 оны 02 сарын 06

Оюутолгойг цээжээрээ хамгаалгч нь энэ Алтангэрэл гэдэг эмэгтэй юм. Учир нь тэрээр Монголчууд 34 хувиа гадаадын компанид өгье гэж байна. Энэ эрүүл ухаан уу. Энэ бол харийханыг хамгаалсан туйлын мунхаг ухаан мөн болой.

0  |  0
зочин(192.82.78.154) 2021 оны 02 сарын 05

34 хувь, Оюутолгой ХХК бол Рио Тинтогийн бодож олсон Монголчуудын толгойг эргүүлэх тоглоом шүү дээ.

0  |  0
зочин(192.82.78.154) 2021 оны 02 сарын 05

Оюутолгой шиг ордыг Монголын 100 хувь төрийн өмчит компани (ашиглалтын лиценз эзэмшигч захиалагч компани) ба Рио Тинто (төслийг 100 хувь санхүүжүүлэгч оператор компани) хоёр хуулийн этгээдийн эрхгүй консорциум байгуулан ашиглаж орд ашиглах төслийн бүх ашиг буюу бүтээгдэхүүнийг бараг тэнцүү хувааж авдаг. Энэ бол дэлхийн сонгодог жишиг. Харийхан үүнийг монголчуудаас нуудаг.

0  |  0
Зочин(192.82.78.154) 2021 оны 02 сарын 05

Оюутолгой шиг ордыг Монголын 100 хувь төрийн өмчит компани (ашиглалтын лиценз эзэмшигч захиалагч компани) ба Рио Тинто (төслийг 100 хувь санхүүжүүлэгч оператор компани) хоёр хуулийн этгээдийн эрхгүй консорциум) байгуулан ашиглаж орд ашиглах төслийн бүх ашиг буюу бүтээгдэхүүнийг бараг тэнцүү хувааж авдаг. Энэ бол дэлхийн сонгодог жишиг. Харийхан үүнийг монголчуудаас нуудаг.

0  |  0
Зочин (192.82.78.154) 2021 оны 02 сарын 05

НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар Монгол улс хилээ хааж, ашиглалтын лицензээ цуцлахад л Рио Тинто будаа. Их сайндаа зардлаа нэхэмжлэх л биз. Гайхамшигт орд маань хойч үеийхэнд минь үлдэг.

0  |  0
зочин(192.82.78.154) 2021 оны 02 сарын 05

Энэ сайт Оюутолгойг цээжээрээ хамгаалдаг сайт байна. Болгоомлогтун. Монголчуудаа!!!

0  |  0
зочин(192.82.78.154) 2021 оны 02 сарын 05

34 хувь, Оюутолгой ХХК бол Рио тинтогийн тоглоом шүү дээ.

0  |  0
зочин(192.82.78.154) 2021 оны 02 сарын 05

Ийм том ордыг ашиглахад Монголын төрийг төлөөлөх 100 төрийн өмчит компани (ашиглалтын лиценз эзэмшигт захиалагч компани) байгуулж энэхүү төрийн өмчит компани нь Рио Тинтотой (оператор компанитай) Оюутолгойн ордыг хамтран ашиглах консроциум (хуулийн этгээдийн эрхгүй) байгуулдаг. Тэгээд консерциумд нэгдсэн энэ хоёр компани нь нийт ашгаа буюу олборлосон бүтээгдэхүүнээ бараг тэнцүү хувааж авдаг нь дэлхий нийтийн жишиг билээ. Оюутолгой ХХК бол Рио Тинтогийн бодож олсон тоглоомын компани шүү дээ. Иймээс Монголчуудад Оюутолгойн бүх гэрээг цуцлахаас өөр замгүй.

0  |  0
Зочин(192.82.78.154) 2021 оны 02 сарын 05

НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар Монгол улс хилээ хаах, лицензийг нь цуцлах замаар Рио тинтогийн дээрэмчдийг хязгаарлаж болно. Рио Тинтогийнхан зардлаа л манайхаас нэхэх биз. Манай гайхамшигт орд хойч үеийхэнд минь үлдэг.

0  |  0
Цацрал (64.119.19.211) 2021 оны 02 сарын 05

Ил уурхайн 53 хувиа бодуулж өрөө төлж илүү гарсныг нь далд уурхайн өр дарахдаа зарцуулж хадгалах нь зүйтэй

0  |  0
(66.181.168.131) 2021 оны 02 сарын 05

50 dotoroo hulgailaad bai gesen uguu,eruul uu ene hun

0  |  0
Иргэн(202.126.89.202) 2021 оны 02 сарын 05

Сайхан ярилцлага болсон байна . Өөрийгөө эдийн засаг ч гэсэн зарим нэг муухан эдийн засагчаас хамаагүй илүү ярьсан биш үү. Хуульч хүн гэхэд

0  |  0
uuree(64.119.16.39) 2021 оны 02 сарын 05

End 1 zuiliig shudraga heljee. Ungursun jiluuded TUZ .d ajil hariutssan gishuud zasgiin umnu huleesen uurgee or tas martaj zuvhun uuriin avah ashigaa l bodoj irsnii gai unuudur iim olon eedreeg bii bolgoj ulsaa suitgej bndaa!!!

1  |  0
1(202.126.90.53) 2021 оны 02 сарын 05

50 биш 5

1  |  0
Irgen(103.26.195.55) 2021 оны 02 сарын 04

Mergejliin zuv humuus n bh estoi bairandaa bhgui uchiraas Mongoliin hogjil suuliin 30 jil hussen hemjeend yavsangui.

0  |  0
баянжаргал гэндэн.(69.251.251.84) 2021 оны 02 сарын 04

анхнаасаа 34 хувиа зээл хэлбэрээр зохицуулаж гэрээ хиих ни буруу байсан шдээ үүниигээ ард түмэнд энгиин үгээр оилгуулахгүи гэж хичнээн жил хичээж баина даа хоердугаарт ни зүгээр л түүхэнд бичигдэх гэж хиихиин тулд хиих гэж хиисэнээс болж баигаагаа ард түмэнд бас оилгуулахгүи гэж бүх боломжит сувагаар даирч ирлээ шдээ. гуравдугаарт 34 хувиа зээлээр хэлбэрээр зохицуулахгүи гэсэн бол оюу толгоин гэрээ хиигдэхгүи өнөөдөр өрөнд орохгүи баисанииг бас л олон түмэнд буруугаар оилгуулах гэж /тухаин үеиин/ нөхцөл баидлииг үнэхээр худлаа сүирэл мэт бүх талаар олнии хүчээр сэнхрүүлсээр ирлээ дээ

0  |  0
Зочин(66.181.161.5) 2021 оны 02 сарын 04

Энэ хүнийг тийм сайн юм бол ОТ -н монгол талын комисст оруулах хэрэгтэй

1  |  0
БИД(66.181.183.146) 2021 оны 02 сарын 03

МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ЗАРГААА АВАХЫН ТУЛД ДОТООДЫН САЙН ХУУЛЬЧДААС БҮРДСЭН ДОТООД САЙН ЗӨВЛӨХ БАГ АЖИЛЛУУЛЖ ЗӨВЛӨЛГӨӨ АВААД АСУУДАЛД ЯМАР БАЙР СУУРЬ БАОИХ, ЯМАР ГОГЦОО ТАТАЖ ГАРГАЖ ҮНДЭСЭЛТЭЙ ТАВИХ ТАЛААР ТОВ ТОДОРХОЙ ТОМЪЁОЛОЛ БЭЛТГЭЖ ОРОЛЦОХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙНА. АЛТАНГЭРЭЛ ГЕРМАНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН, ТӨРИЙН БАЙГУУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙСАН ГАЙГҮЙ ТУРШЛАГАТАЙ ХҮН БАЙХ ШҮҮ. ЭРХБИШ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХ ЭНЭ ХҮНД БАЙГАА БАЙХ

0  |  0
ард(122.201.24.65) 2021 оны 02 сарын 03

1HUBI %%%%%%%%%%%%%

0  |  0
ard(122.201.24.65) 2021 оны 02 сарын 03

uuchlaarai ! hubi

0  |  0
zochin(103.229.122.77) 2021 оны 02 сарын 03

ALTANGEREL sain sh dee ter Solongoo gj abgain hajuud havi ilvv mundag

1  |  1
Зочин(64.119.27.192) 2021 оны 02 сарын 03

Цаашдаа 34 хувиа болиод АМНАТ аа нэмэх замаар ашгаа хүртэх нь зөв.

0  |  0
зочин(202.179.15.71) 2021 оны 02 сарын 03

Оюу толгойн Нэгжид ноогдох зардал өсөхөд манайд оногдох зээлийн хүүг бууруулах хамааралтай байхаар гэрээнд өөрчлөлт оруулж өгөх

0  |  0
Зочин(192.82.71.110) 2021 оны 02 сарын 03

Авууштай олон сайхан санааг хэлжээ, урьд нь арбитрын маргаанд орсон туршлага зэрэг нь өнөөгийн Солонгоос олон хувь илүү болохыг нь харуулж байна...

3  |  0
dn(202.9.46.27) 2021 оны 02 сарын 03

рекламны пауз

0  |  1
Теорист(139.5.217.130) 2021 оны 02 сарын 03

Анхны хөрөнгө оруулалтыг үндэслэлгүйгээр өсгөх асуудалд гадны уул уурхайн томоохон конгломерат гэлтгүй junior miner уудад элбэг. Нэг хэсэг SEDAR CEOCA STOCKHOUSE г.м онлайн хэлэлцүүлгийн платформууд дээр МУ-д үйл ажиллагаа явуулж буй алтны junior miner үндэслэлгүйгээр шаардлагагүй байхад Convertible debentures гаргаж эх үүсвэр татсан асуудалд стратегийн бусад хөрөнгө оруулагчид асуулга тавьж үл ойлголцол үүссэн түүх бий.

0  |  0
Theorist(139.5.217.130) 2021 оны 02 сарын 03

Ер нь уул уурхайн ийм конгломерат компани гэлтгүй junior miner ууд хүртэл шаардлагагүй байхад IPO дээр нэмж зээл авах, Convertible Debentures гаргах, зарласан хувьцааны үлдэгдэл хэсгийг нэмж стратегийн хөрөнгө оруулагчдад баталгаатай хамт гаргах г.м төрөл бүрийн хэлбэрээр эх үүсвэр татах асуудал байдал. Энэ тал дээр SEDAR CEO.CA гэх мэт сайтууд дээр хэлэлцүүлэг байнга явагддаг. Жишээ дурьдхад МУ-д бүртгэлтэй нэгэн алтны junior miner-т ийм кейс тохиолдсон. Шаардлагагүй байхад нэмж өр тавьснаас болж стратегийн хөрөнгө оруулагчдийн хооронд үл ойлголцол үүссэн асуудал бий.

0  |  0
Theorist(139.5.217.130) 2021 оны 02 сарын 03

Их зөв зүйлс ярьжээ. МУЗГ Оюу толгой ХК д биш Туркойз хилл д хувьцаа эзэмшиг байж болох юм гээд. Учир нь Оюу толгой бол төслийн компани, ОУ-д SPV эсвэл SPE - Special Purpose Entity гэж нэрлэгддэг. Төслийн компани гэдэг нь цаасан дээрхи компани гэсэн үг. Гэтэл Туркойз хилл бол Рио тинто-гийн шууд хөрөнгө оруулалттай компани. МУ-ын талаас Оюу толгойд Эрдэнэс МГЛ компаниар дамжуулан 34% эзэмшиж байгаа. Тэгхээр цаасан дээрхи төслийн компанитай зууралдаад байх биш цаад хөрөнгөтэй компани, эх үүсвэртэй нь зууралдсан нь дээр. Анхны хөрөнгө оруулалтыг 200-300% өсгөж байна гэдэг байж боломгүй.

2  |  0
иргэн(192.82.69.146) 2021 оны 02 сарын 03

монголын 34 хувь заавал гадны аль нэг талд харьяалагадах ёсгүй. 34 хувиа өөрсдөө эзэмшээд оногдох татвараа авахад бнр. хөрөнгө оруулалтын бодлогыг олборлож буй компани хариуцаад татвараа төлөөд явмаар юм. ЗГ маань надаас илүү бодож шийдэх байлгүй гэж итгэж бна.

0  |  0
Зочин(64.119.17.189) 2021 оны 02 сарын 20

Энэ хүн зүгээр л нэг хууль ярьсан хүн бна. Төслийн зардал өсөх эсэх нь хүнээс хамаардаггүй юм. Байгалиас хамаардаг юм. эхний зардал өсөлт уул техникийн нөхцлөөс шалтгаалж өссөн. харин одоо өөр нөхцөл үүсч болно. Ханхын газар хөдлөлт Улаанбаатарт мэдрэгдэж бна. Хэрэв Говийн дүүрэгт газар хөдөлвөл юу болохов. та үүнийг мэдэхгүй шүү дээ. Харин олон улсад энэ байтугай байгалийн аюулыг тооцдог юм. мэдэж ав.

0  |  2
Top