ОЛОН ӨНГӨ: Ковидын үед боловсрол орхигдож байна

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04

Энэ эринд техник технологи ашиглан цахимаар бүх асуудлаа шийдэж, амьдралаа хэвийн үргэлжлүүлж чаддаг байх нь XXI зууны хүнд заавал байх ёстой чадваруудын нэг юм. Цар тахал гарсан нь бүхий л салбарт хүчтэй нөлөө үзүүлж байна. Дийлэнх нь л худалдаа эдийн засгийг голчлон ярьцгаана. Харин боловсролын салбарт үзүүлж буй нөлөөллийн талаарх яриаг төдийлөн олж сонссонгүй. Угтаа ерөнхий боловсролын сурагчид, их дээд сургуулийн оюутнууд бол Монгол Улсын ирээдүй юм. 

Өнгөрсөн оны хаврын цахим сургалт бол холион бантан болж багш сурагч хоёр талдаа ойлголцох төдий өнгөрсөн. Дийлэнх улсын сургуулийн багш нар бүр хүүхдүүдээ ч тоосонгүй зуны амралт эхлэхээс өмнө ёс болгож ганц хоёр шалгалт авсан байх. Гэтэл хувийн сургуулийн багш нар өдөр бүр эцэг эхтэй нь холбогдож сургалтаа хирэндээ л үргэлжлүүлсэн нь бодвол мөнгийг нь авчихсан учраас тэгдэг юм болов уу даа. Одоо бидний нүдэнд үр дүн нь харагдахгүй байгаа ч 10, 20 жилийн дараа боловсролын төвшний хуваагдал өнөөгөөс хэд дахин их болж дахин шинэ давхарга үүсгэж, нийгэм яг хэд хуваагдах бол. Зарим эцэг эх хүүхдээ хувийн сургуульд сургах мөнгө байхгүйн төлөө ерөнхий боловсрол дутуу эзэмшиж буй нь хүүхдэд хайргүй Монголын нийгмийн шийтгэл үү. Ерөнхий боловсрол гэдэг чинь Монгол Улсын иргэн бүрд тэгш хүртээмжтэй байх ёстой. Энэ улирлаас “Орчлон” сургуулийн сурагчид виртуалаар хичээлээ үзэж эхлэх гэж байхад улсын сургуулийн сурагчид “Facebook”-р багшийнхаа өгсөн хэдэн дасгал ажлуудыг хийсээр таарах нь.

Харин их, дээд сургуулийн оюутнуудын хувьд цахим сургалт бол бие даан суралцах чадварыг хөгжүүлэх нэгэн сорил байлаа. Чадалтай оюутнууд нь асуудалгүй хичээлээ үргэлжлүүлж, чадалгүй оюутнууд нь багшийгаа буруутгаж байна. Харин сургуулиуд бол үйл ажиллагааны урсгал зардал илт танагдсан байтал сургалтын төлбөрийг хөнгөлөхгүйгээр түрийвчээ зузаатгасаар байгаа нь шударга үйлдэл биш.

Монгол Улсын Засгийн газарт ард иргэдээс цугласан татвараар шарын шашинд жил бүр улсын төсвийн 0.1 хувийг буюу 12 тэрбум өгөх нь оюутны хөгжлийн зээлийн нөхцөлийг сайжруулж олон хүнийг хамруулж зарцуулахаас илүү чухал шаардлагатай байдаг бололтой. Учир нь тэнд ажиллагсад боловсрол мэдлэгээрээ биш зурхай мэргэ, засал номоор улсыг удирддаг болохоор л тэр байх даа.

Г.ЦЭНГҮҮН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top