Барилгын салбар дахь төрийн оролцоо ДЭД БҮТЦИЙГ шийдэхэд чиглэнэ гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 03

Хувийн хэвшлийн ажлыг төр булааж авч хийгээд байж болохгүй гэсэн байр суурийг шинэ Ерөнхий сайд өчигдөр барилгын салбарынхантай хийсэн уулзалтынхаа үеэр илэрхийллээ.

Тэрдундаа барилгын салбар дахь төрийн оролцоо дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд л байх хэрэгтэйг тэрбээр хэлсэн юм. Хот, хөдөөгүй их хүлээлт үүсгэсэн 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар энэ байр суурийг баримтлах аж.

Залуу гэр бүлийг хэрхэн орон байртай болгох вэ гэдэг асуудалд Засгийн газар, хувийн хэвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллах талаар болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд хэрхэн гаргаж болох зэрэг асуудлаар өчигдөр талууд ярилцсан юм. Залуу гэр бүлүүд орон сууц авахад 30 хувийн урьдчилгаа хүнд асуудал болдог бөгөөд гэр хорооллын 200 мянган өрх орон сууц худалдан авахад амаргүй нөхцөл байдал үргэлжилсэн хэвээрээ байгаа учраас энэ хүрээнд 9 зорилго, 47 зорилт бүхий урт хугацааны бодлого хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байна.

150 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлт, дагуул хот барихтай холбоотой асуудлыг Барилга, хот байгуулалтын яамнаас шийдвэрлэж буйг тэрбээр хэлсэн. "Энэ ажил нь нэг яам биш бүх яам, нийслэлийн хамтын ажил. Гэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажил хэрэг болох боломжтой" гэсэн байр суурийг Ерөнхий сайд илэрхийллээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 45,000 айлын орон сууц, дэд бүтцийн төвд баригдсан амины орон сууц 10,000, дагуул хот дагаж барих орон сууц 16,512 барихаар төлөвлөжээ. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй, насжилт өндөртэй барилгуудыг буулгаж дахин төлөвлөх хүрээнд 3,000, түрээсийн 18,488, зах зээлийн орон сууц 57,000 барих юм.

Эхэнд хэлсэнчлэн орон сууц барих газар, дэд бүтцийг төр үнэгүй өгч, эхний ээлжинд "Залуус 1, 2, 3" хорооллыг  барихаар бэлтгэл ажил хангагдаж байгаа аж.

Энэ хүрээнд Яармагийн цаана болон Баянзүрх дүүрэгт дэд бүтэц шууд татах боломжтой нөөц газар байгаа гэв. Мөн Хөшигийн хөндий рүү төлөвлөлтөө хөгжүүлж чадвал тэнд бизнесийн урсгал байгаа. "Залуус 1, 2" хорооллыг Улаанбаатар хотод, "Залуус 3" хорооллыг орон нутагт барихаар зорьж байгаа гэсэн таатай мэдээллийг өгч байна.

Түрүүн дурдсан 9 зорилгын хүрээнд Улаанбаатар хотоос 25 километрийн тойрогт Багануур, Багахангай, Тэрэлж, Налайх, Аэросити, Био, Туул, Шувуу тосгон, Аргалант, Эмээлт зэрэг дагуул хот бий болгох дэд бүтэц шийдэхийг зорьж буй аж. Хотуудыг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, туслах аж ахуй, худалдааны гэсэн чиглэлээр төрөлжүүлэх бодлого баримтлах юм байна. Цаашлаад, хөдөө орон нутагт төвлөрөл бий болгохын тулд хувийн хэвшилтэй хамтарч тухайн газарт эдийн засгийн эргэлт бий болгох шаардлагатайг мөн хэлж байсан.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Монгол Улсад бизнесийн салбар улирлын чанартай байдаг. Тиймээс жилийн зургаан сарын хугацаанд өрнөдөг барилга болон бусад салбарын үйл ажиллагааг маш зөв төлөвлөж дэмжих ёстой юм. Барилгын үйлдвэрлэл, хийцийн салбар хамгийн их ажлын байр бэлтгэж, нэмүү өртөг шингээн, хотын хөгжлийг тодорхойлдог. Сая “Эрэл” группийн захирал Б.Эрдэнэбат “Барилгын үйлдвэрлэл, угсралтын комбинат сул зогсож байна” гэлээ. Уг нь ингэж яримааргүй байгаа юм. Энэ комбинат өдөр шөнөгүй ажиллаж байх ёстой” гэж байсан. Мөн тэрбээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд хот төлөвлөлттэй холбоотой ужгирсан асуудал бэрхшээл тэр дундаа газар зохион байгуулалт, барилгын зөвшөөрөл дагасан шүүмжлэл их байдгийг Хотын дарга дурдаад “Энэ бүхнийг цэгцлэхэд нийслэлийн удирдлага хатуу арга хэмжээ авч, ажиллана. Бид шударга ёсны үйл ажиллагааг үргэлжлүүлэн, авлига авдаггүй, төрийн захиргааны хүнд суртал гаргадаггүй хотын төлөө ажиллах болно. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад суучихаад аливаа ажлыг удаадаг, уядаг “хар гарууд”-ыг хувийн хэвшлийнхэн та бүхэн битгий хөгжөөгөөрэй. Би ч гэсэн энэ байдлыг шахаж ажиллана. Тал талдаа хариуцлагатай байвал Улаанбаатар хотод барилга барих зардал буурна. Үүнийг дагаад үнэ багатай, тохилог орон сууц барихад хоёр талаасаа бодлогоо нийлүүлье. Хотын захиргаа дангаараа 20 жил ужгирсан асуудалтай тэмцэхэд хэцүү шүү”  гэж байв.

Ерөнхий сайд болон Нийслэлийн засаг дарга нарын илэрхийлж буй байр сууриудыг харахад барилгын салбар дахь төрийн оролцоо дэд бүтцийг л шийдэхэд чиглэх аж. Барилгын компаниудын ажлыг төр булааж хийхгүй нь гэж ойлгогдож байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.180.234) 2021 оны 02 сарын 03

Короновирус гэж ядаж байхад юун барилга марилга яриад явдаг эргүү тэнэг малнууд вэ?

0  |  0
иргэн(202.9.47.43) 2021 оны 02 сарын 03

ЧАДДАГ ЮМ БОЛ ЭХЛЭЭД ЭНЭ ВИРУСЭЭ ХУМИАДАХ ДАА , ХАРЬЯА

1  |  0
иргэн(202.9.47.43) 2021 оны 02 сарын 03

ЭХДЭЭД ЭНЭ ВИРУСЭЭ ХУМИАДАХ АА

1  |  0
haha(203.23.49.89) 2021 оны 02 сарын 03

haha

0  |  0
haha(203.23.49.89) 2021 оны 02 сарын 03

haha

0  |  0
Top