Ц.Гэрэлмаа: Санаж бэтгэрсэн олон гэр бүлийг уулзуулаарай гэсэн аавынхаа захиасыг үргэлж биелүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 05

Сэтгүүлзүйн салбарын “Ган үзэг-2020” шагналын эзнээр тодроод байсан ТВ8 телевизийн “Тавилан” нэвтрүүлгийн сэтгүүлч Ц.Гэрэлмаа “Эрхэт Монгол” медиа группийн шилдэг ажилтнаар тодорч хоёр өрөө байраар шагнуулаад байгаа билээ. Баяр дээр баяр нэмсэн үйл явдлууд ар араасаа хөвөрсөн энэ үед сэтгүүлч Ц.Гэрэлмаатай уулзаж сэтгэгдлийг нь сонсож ярилцсан юм


 

-Юуны өмнө “Ган үзэг”-н эзэн, байгууллагынхаа шилдэг ажилтан болсонд баяр хүргэе. Таны сэтгүүлч мэргэжлээ сонгох болсон шалтгаан, сэжүүрээсээ ярилцлагаа эхлүүлэх нь зүйтэй болов уу?

-Баярлалаа. Маш их баяртай байна. “Ган үзэг” шагналаа гардан авч, байгууллагынхаа шилдэг ажилтан боллоо. Маш их үүрэг, хариуцлага нэмэгдлээ гэж бодож байна. Залуучуудын тулгамдсан асуудал, толгойны өвчин болдог зүйл бол орон байр шүү дээ. Телевизийн ажил бол багийн ажил учраас энэ бол миний төдийгүй хамт олны минь шагнал гэж бодож байна. Ажилчдынхаа ар тал, нийгмийн байдлыг харж үздэг удирдлагууддаа гүн талархлаа илэрхийлье. Сэтгүүлч болсон түүхээ ярихын тулд нутаг усаа,  ижий аавыгаа дурсахгүй байхын аргагүй. Би сурагч байхдаа Архангай аймгийн Өндөр Улаан суманд ангийнхаа найз Ч.Гэрэлтбат гэдэг хүүхдийн гэрт амьдардаг байлаа. Дөрөвдүгээр ангиа төгсөөд шалгалт шүүлгээ дуусгаад байж байтал аав маань намайг гэр лүү авч явахаар халтар морио унаад, бор морио хөтөлчихсөн ирж билээ. Тэгээд гэр лүүгээ морио унаад Улаан байцын даваа гэдэг хад ихтэй давааг даваад явж байтал аав минь надаас “Миний охин, чи мэргэжил гэж юу байдгийг мэдэх үү. Мөрөөдлөө тодорхойлсон уу” гэж асуулаа. Тухайн үедээ би бодож байгаад “Сэтгүүлч болно” гээд хэлчихсэн. Учир нь тухайн үед зурагтаар “Тэнгэрлэг оршихуй” гээд нэвтрүүлгүүд гардаг байлаа. Аав, ээж хоёр маань тэр нэвтрүүлгүүдийг үзэх маш их дуртай байсан тул намайг үргэлж хүнийг баярлуулдаг, уулзуулдаг сэтгүүлч болоорой гэж захидаг байсан. Ингээд л 10 жилээ төгсөөд хөдөөнөөс улаан хацартай охин анх удаа Улаанбаатарт ирж байлаа. Аав, ээжийн минь зааж өгсөн зам мөрөөр сэтгүүлч болж “Улаанбаатар Эрдэм-Оюу” сургуулийг 2010 онд  сэтгүүлчийн ангийг төгсөөд “Зууны мэдээ” сониноос ажил амьдралынхаа гарааг эхлүүлсэн. Ингээд 2011 оны есдүгээр сарын 01-нд ТВ8 телевиз гэх их айлд орж ирсэн дээ.

-Телевизэд анх ороод хийж байсан тэрхүү хүсэл мөрөөдлийнх нь нэвтрүүлэг юу байсан бэ?

-Би ээжийгээ нэг зүйлээр баярлуулсан гэж боддог юм. Намайг хүүхэд байхад миний ээж 10 жилдээ хамт сурч байсан Пүрэвийн Оюунгэрэл гэдэг найзтайгаа удаан уулзаагүй гээд их дурсан ярьдаг байлаа. Би ээжийгээ найзтай нь уулзуулж баярлуулах юм сан гэж бодож эрж хайж явсаар олж уулзуулж байсан юм. Ингэж л миний хамгийн анхны хүн уулзуулах аялал маань ээжийгээ багийн найзтай нь хорь гаран жилийн дараа уулзуулснаар эхэлсэн юм даа. Тухайн үед би ээж аавынхаа захиасыг биелүүлэхийг хүсэж хэд хэдэн нэвтрүүлгийн зохиол бичиж байсан. Тэр үед манай ТВ8 телевизийн захирлаар С.Отгонмөнх эгч байлаа. Тэгээд надад амьдралын төлөө тууштай тэмцэгч эгэл баатруудын нэвтрүүлэг болох  “Амьдралын өнгө” буюу “Амьдрах сайхан” нэвтрүүлгийг хамгийн анх хийх үүрэг даалгавар өгсөн. Миний хувьд хамгийн гоё дугаар нь 2012 онд хийсэн эхнэрээ олон жил үүрч яваа Отгонбаатар ахыг оролцуулсан нэвтрүүлэг байсан. Тухайн үедээ маш олон хүнд хүрч хандивын тоглолт хүртэл хийсэн. Тэр ах болон түүний охиноос нэг удаа “Таны мөрөөдөл юу вэ” гэж асууж байсан юм. Тэгтэл тэр ах эхнэртэйгээ гудамжаар хөтлөлцөөд алхах юмсан гэж хэлж байсан бол охин нь дүүтэй болохыг хүсдэг гэж байв. Харин эхнэрийнх нь хувьд бусдын эхнэр шиг нөхөртөө хоол цайг нь зөөх гэж хариулж байсан юм. Тэр үедээ бүтэшгүй мөрөөдөл мэт санагдаж байсан ч Солонгос руу эмчилгээнд явж ирээд тэр гурвын мөрөөдөл биелсэн юм. Тухайн үед би хэдий жирэмсний амралттай байсан ч онгоцны буудлаас тосож авч эхнэрийг нь хөл дээрээ босоод алхаж байхыг нь хараад маш их урам авч байсан.

-Тэр хоёр хүнийг хэрхэн олсон бэ. Ер нь нэвтрүүлгийнхээ гол дүрийг яаж олох уу?

-Би ФМ-ээр тэдний хайрын түүхийг сонсоод утсаар нь холбогдож байсан юм.Тэдний гэр бүл бол хайраар гэрэлтсэн үнэхээр сайхан гэр бүл гэж би боддог. Ер нь амьдрал дунд энгийн  атлаа эгэлгүй амьдарч байгаа хүмүүс маш олон байдаг. Сэтгүүлч хүний нүдээр дандаа нийгмийг ажиглаж харж явдаг даа.

-“Тавилан” нэвтрүүлгийг та хэзээнээс эхэлж хийсэн бэ?

-Би анх “Амьдралын өнгө” нэвтрүүлгээ хийж байх үед 2016 онд манай ерөнхий редактор Л.Зоригоо ах онгоцны ослоос амьд үлдсэн Өлзийбаярын ярилцлагыг надад үзүүлсэн. Тэр хүнийг олоод “Амьдралын өнгө” нэвтрүүлэгтээ оруулсан юм. Гэтэл тэр ах охинтойгоо уулзаагүй маш олон жил болсон гэж хэлсэн. Үүний дараа би Өлзийбаяр ах болон ТВ8 телевизийг үүсгэн байгуулагч, Сэрүүлэг констракшны ерөнхий захирал С.Баярмөнх, мөн тухайн үед ТВ8 телевизийн захирал хийж байсан С.Отгонмөнхтэй уулзаж ярилцан Өлзийбаярыг охинтой нь уулзуулахаар болсон юм. Ингээд охиныг нь олох эрэл хайгуул эхэлж Хөвсгөл аймагт суудаг ээжтэй нь холбогдоод Хятадад суугаа охиныг нь олж байсан юм. Энэхүү нэвтрүүлгийг өөр шинэ нэвтрүүлэг болгож гаргахаар С.Баярмөнх захирал шийдсэнээр “Тавилан” нэвтрүүлэг маань ийнхүү төрсөндөө. Уг нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хийх үүргийг С.Баярмөнх захирал надад олгосноор одоо тав дахь жилээ цэнхэр дэлгэцнээ гарч байна. Тухайн үед захирал аливаа уран бүтээлийг үр хүүхэд шигээ хайрлаарай  гэж захиж байсан. Энэ бүх хугацаанд үе үеийн захирлууд болон бүх хамт олон минь надад маш их тусалдаг байсан.

-“Тавилан” нэвтрүүлэг маань таван жил тасралтгүй цацагдсан гэхээр нийт хэдэн дугаарыг үзэгчдийн хүртээл болгосон бэ?

-Одоогийн байдлаар нийт 46 дугаар хийжээ. 2020 онд есөн дугаар хийгдсэн. Анхны дугаарын оролцогч Өлзийбаярыг сонингоос олсон бол дараагийн оролцогчийг би “Хайртай дотнын хүмүүстэйгээ уулзахыг хүсэж байвал ТВ8 телевизийн “Тавилан” нэвтрүүлэгт оролцоно уу” гэсэн үгэн зарыг нэвтрүүлгийнхээ доогуур  урсгаж  байсан. Түүнээс хойш хүмүүс өөрсдөө хүсэлт гаргаж захидал бичих болсон.  Монголд төөрсөн хүмүүс маш их байдаг юм байна лээ. Би нэвтрүүлгийн оролцогчдыг захидлаар буюу иргэний хүсэлтэд тулгуурлан сонгон авдаг даа.

-Нэвтрүүлэг бэлтгэж байх хугацаанд хайж олоход хамгийн хэцүү, олсны эцэст жигтэйхэн их баярласан дугаараа нэрлэ гэвэл?

-Надад харамсдаг нэг зүйл байлаа. Би аль болох хөгшин хүмүүсийн захидлыг онцолж авдаг. Эрдэнэт хотод амьдардаг  өндөр настай өвөө орос эхнэртэй байсан бөгөөд тэдний дундаас төрсөн хүүгээ ОХУ-аас хайлгах хүсэлт ирүүлсэн. Сайн санаат хүмүүсийн тусламжтайгаар удтал эрсний эцэст хүүг нь олсон л доо. Хүү нь ОХУ-д нэлээн гайгүй компанийн захирал байсан боловч хэрэг төвөгт орооцолдоод Оросоос дүрвэчихсэн байсан. Тэр уулзалт маань маш их хойшлогдож байсан. Харамсалтай нь, Эрдэнэтээс тэр өвөөгийн гэр бүлийнхэн холбогдон өвөөг өөд болсныг нь хэлсэн. Яг тэр орой нь эрж сураад байсан хүү нь надтай холбогдож байсан юм. Яагаад тэр хүү нь над руу нэг өдрийн өмнө холбогдоогүй юм бол гэдэгт би маш их харамсдаг. Тийм учраас би настай хүмүүсийн захидлыг илүү их онцолдог. Мөн эрлийн маань гол зорилго хайж яваа хүн маань бурхан болчихсон байвал гэр бүлийнхэнд нь хэлэх үнэхээр хэцүү.Тэдгээр хүмүүс “Тавилан” нэвтрүүлгийн хамт олон хайж буй хүнийг маань энэ хаалгаар дагуулаад ороод ирнэ хэмээн итгэж хүлээж байхад би урдаас нь “Уучлаарай, таны хайсан хүн нас барчихжээ” гэж хэлэх маш хэцүү байдаг. Жилийн өмнө аав нь уулзахаас татгалзсан Ариунзаяагийн дугаарт би түүнд энэ тухай хэлж чадалгүй долоо хоног бодож шаналсан. Энэ мэтчилэн хүмүүс татгалзах үе, эрэл маань мухардах үе хүртэл байдаг шүү. Заримдаа хөгжилтэй зүйл тохиолдох ч  үе бий. Нэг удаа айлаа олоод хаалгыг нь тогштол нохой нь өөдөөс гарч ирээд зураглаачтайгаа хамт камер микрофоноо бариад нохойд хөөгдөн машин руугаа  хар хурдаараа гүйж байлаа.  /инээв/

-Эрлийн үзүүр нь хамгийн хол хүрсэн ямар тохиолдол байв даа?

-ХБНГУ-д 1992 онд үрчлэгдсэн нэг хүүг ах эгчтэй нь уулзуулж байсан. Бас Унгар улсад ээжийнхээ хамт амьдарч байсан хүнийг ахтай нь уулзуулж байсан. Герман, Унгар хоёрын аль нь илүү хол бэ. Энэ хоёр л хамгийн их зам туулсан нэвтрүүлэг болсон. Ер нь “Тавилан” нэвтрүүлэгт ханддаг хүмүүсийн ихэнх нь өөрсдөө тодорхой хэмжээндээ эрэл хайгуул хийсэн байдаг ч мухардсан учраас бидэнд ханддаг. “Тавилан” нэвтрүүлгийн хамт олноос оролцогчдодоо нэг л зүйлийг хэлдэг. Энэ нь “Таны хайж буй хүнийг бид олж өгнө гэж амлахгүй, та ямар ч үед сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай, гэхдээ бид бүхий л чадлаараа олохыг хичээнэ” гэж хэлдэг.

1997 онд хилийн чандад үрчлэгдсэн Монгол хүүг төрсөн ах эгч нартай нь 20 жилийн дараа ХБНГУ-д уулзуулж хүсэл мөрөөдлийн биелүүлж байсан. Нэвтрүүлгийн 2-р хэсгийг хүлээн авч үзнэ үү.


-Иймэрхүү эрэлд зардал мөнгө маш их зарцуулагдах байх. Тийм ээ?

-“Тавилан” нэвтрүүлэг оролцогчдоосоо мөнгө авдаггүй. Авсан тохиолдол нь Унгарын дугаар дээр  онгоцны тасалбарт хэдэн төгрөг нэмэр болгуулж байсан. Хүнээ олсны дараа ятгах ажил маш хэцүү байдаг. Нөгөө хүнтэйгээ уулзана, гэнэтийн мэдээ авсан хүн чинь сэтгэлзүйн цочролд ордог учраас тайвшрахыг нь, бодохыг нь хүлээнэ. Хэрэв уулзана гэж зөвшөөрвөл дараа нь  санхүүгээ босгох  ажилдаа ордог. Герман явсан дугаар маань гурван цуврал дугаар гарсан. Эхний дугаар гарсны дараа би хоёр сар гаруй Германд үрчлэгдсэн хүүг хайхдаа тэнд амьдардаг сайхан сэтгэлтэй Мөнхзул гэх Монгол эгчийн тусламжтайгаар Энхчулуун гэх хүүг олсон. Энхчулуун нь Монголд хоёр ах, нэг эгчтэй байсан юм. Гурвууланг нь авч явах хүсэлтэй байсан ч нэг ах нь явах боломжгүй болсноор ах, эгч хоёрыг нь аваад зураглаачтайгаа явахаар болсон. Үүнд байгууллага маань дэмжиж ажилласан ба Turkish Airlines компани онгоцны тасалбарыг 100 хувь дааж байсан. Дараагийн нэвтрүүлэгт Turkish Airlines компани маань 30 хувь даагаад бас нэг сайхан сэтгэлтэй хүн таван сая төгрөг өгч байсан. Turkish Airlines компани маань хилийн чанад дахь бүх дугааруудад хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэнд баяртай байна. Мөн надад тусалж эрж хайж буй хүмүүсийн тухай сураг чимээ олж өгдөг бүх хүмүүстээ баярлалаа.

-Таны нэвтрүүлгийн хамгийн анхны үзэгч хэн байдаг вэ?

“Тавилан” нэвтрүүлгийн минь хамгийн их урам хайрладаг анхны үзэгч аав маань байсан. Хамгийн их шүүмж хэлдэг үзэгч минь бас л аав, ээж хоёр маань байдаг. Зурганд гарах болгонд аав минь хаашаа, ямар учраас, ямар хүмүүсийг уулзуулах гэж байна гэж үргэлж сонирхож асуудаг байсан. Аавдаа бүх тайлангаа тавиад алсын замдаа ерөөлийг нь  сонсоод гарахад ажил үйлс минь сэтгэлчлэн бүтэх шиг санагддаг. Аав минь өнгөрсөн намар наймдугаар сард хорт хавдраар өөд болсон. Миний аав өргөмөл ах дүүтэй учир үргэлж хүмүүсийг уулзуулаарай гэж захидаг байсан. Аав маань Хавдар судлалын эмнэлэгт хагалгаанд ороод сэхээнд байх тэр үед би олон жил уулзаагүй аав, охин хоёрыг уулзуулсан дугаарыг бэлтгэж таарсан. Салж хагацсан, санаж бэтгэрсэн олон гэр бүлийг уулзуулаарай гэсэн аавынхаа захиасыг үргэлж биелүүлнэ. /Нулимс нь цийлэгнэж, хоолой нь зангирав/

"Тавилан"- Ууган охинтойгоо эсэн мэнд уулзахыг хүссэн түүний 51 жилийн хүлээлт биеллээ олж чадах болов уу?


-Таны нэвтрүүлгийг тэсэн ядан хүлээдэг хүмүүс их болжээ. Басхүү үзэгчдээс маш олон сэтгэгдэл хүлээж авдаг байх. Харин та түүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Би хөдөөний хүүхэд шүү дээ. Яг үнэндээ телевизэд ажиллах маш хэцүү. Хүмүүсийн хэл аманд их өртөнө. Нэг удаа 92 настай эмээгийн дугаарт хумсаа будаагүй орсон чинь хумсаа будаагүй гэсэн шүүмжлэл аваад нэг их уйлж билээ. Хүмүүс аливаа зүйлийг өнгөцхөн хардаг нь харамсалтай. Хамгийн гол зүйл нь агуулга шүү дээ. “Тавилан” нэвтрүүлгийн шинэ дугаар цацагдсаны дараа  утсаа аваад ариун цэврийн өрөө рүү гүйнэ дээ. Тэр тоолонд нөхөр минь “Миний хайр яасан, бас л уйлах гэж байна уу” гээд намайг бүр мэддэг болчихсон байсан. Одоо бол юу ч хэлж байсан тоохоо байсан даа. /Инээв/

-Нөхөр тань адилхан сэтгүүлч хүн. Энэ бүх хугацаанд таны арыг дааж явдаг хүний хувьд танд ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Би нийт 46 дугаар хийсэн гэсэн шүү дээ. Миний нөхөр хорь гаран дугаарын маань эвлүүлгийг хийж өгсөн. Хань минь өдөр нь ажлаа хийгээд орой нь ирээд бид хоёр шөнөжин сууж нэвтрүүлэг дээрээ ажиллана. “Тавилан” нэвтрүүлгийн 20 дугаарыг байгууллагаас ямар ч төлбөр авахгүйгээр эвлүүлэг хийж өгсөн. Мөн намайг зураг авалтаар явах болгонд чин сэтгэлийн үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг. Энэ ташрамд гурван үрийн минь аав болсон ханьдаа намайг ойлгодог, дэмждэгт маш их баярлаж явдаг шүү. 

-Телевизийн салбарын сайхан нь юу вэ?

-Телевизийн салбар бол багийн урлаг. Хэзээ ч Гэрэлмаа ганцаараа нэг зүйлийг хийж чадахгүй. Би анх ажилд ороход манай телевизийн баг хамт олон болон удирдлагууд маань намайг маш сайхан хүлээж авч байсан. Телевизийн уран бүтээлчид их ачаалалтай завгүй ажилладаг. Тэд хэзээ ч ажлаасаа цагтаа тарж, амралтын өдрүүдийг бүрэн дүүрэн гэр бүлтэйгээ өнгөрөөж чаддаггүй. Тэмдэглэлт баярын өдрүүдэд албан байгууллагууд амарч байхад хэвлэл мэдээллийн байгууллага,  тэр дундаа телевизийн уран бүтээлчид багаараа ажиллаж байдаг. Зөвхөн нэг контент хийхэд ард нь  маш олон баг бүрэлдэхүүн, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулдаг. Гэвч хүмүүс тэр болгоныг  сайн мэддэггүй  рекламаа боль гээд уцаарлаад байдаг нь жаахан харамсалтай санагддаг. Тэр гарч байгаа богинохон реклам чинь бидний ажлын хөлс шүү дээ. Тэгэхээр үзэгчид маань энэ тал дээр жаахан хүлээцтэй хандаж байгаасай гэж хүсмээр байна.

-Таны хувьд сэтгүүлч хүн ямар байх ёстой вэ, таны хүндэлж, үлгэрлэж явдаг сэтгүүлчдээсээ нэрлэ гэвэл?

-Миний бодлоор сэтгүүлч хүн гэдэг хараат бус, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, нийгэмд тулгамдаж буй асуудалд дуу хоолой болж чаддаг, чин шударга байх ёстой гэж үздэг. Миний бодлоор эдгээр шинж чанарыг агуулж чаддаг хүн бол МУСГЗ, нэрт сэтгүүлч Б.Ганчимэг сэтгүүлчийг нэрлэнэ. Намайг “Ган үзэг” шагналын эзэн болоход хүмүүс  маш их урам хайрласан. Тэр дундаас сэтгүүлч Б.Ганчимэгийн хэлсэн үг хамгийн гүн сэтгэлд үлдсэн. Мөн хүмүүс хэдий “Зариг”-н Өнөрөө эгчийн талаар элдэв зүйл ярьдаг ч би түүний мэдээнүүдийг унших дуртай шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

"Тавилан" нэвтрүүлгийн дугааруудыг дараах холбоосоос үзээрэй:

https://www.facebook.com/TavilanNevtruuleg

https://www.facebook.com/TelevisionTv8

"Тавилан" Дөрвөн аймгийн 3 ихэр хүүхдүүдтэй эхийн цагаан сүүгээр холбогдсон УБ хотын иргэн өндөр настан Б.Оюунчимэг 12 хүүхдээ хайж, нулимс дуслуулсан сууна.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үзэгч(203.91.115.48) 2023 оны 11 сарын 11

Нэвтрүүлгийн дугаар бүрийг нь үзээд чин сэтгэлээсээ талархдаг.Буянт үйлс нь буцаад бороо шиг асгараг ээ\n

0  |  1
Багш чинь(202.9.40.134) 2021 оны 02 сарын 06

Сайн сайхныг хүсье. Энэ баярт мэдээг ангийнхнаас чинь анх сонсоод утсаа үзлээ. Манай гэр бүлийнхэн үзэх дуртай нэвтрүүлэг байдаг шүү.

0  |  0
Багш чинь(202.9.40.134) 2021 оны 02 сарын 06

Сайн сайхныг хүсье. Энэ баярт мэдээг ангийнхнаас чинь анх сонсоод утсаа үзлээ. Манай гэр бүлийнхэн үзэх дуртай нэвтрүүлэг байдаг шүү.

0  |  0
Багш чинь(202.9.40.134) 2021 оны 02 сарын 06

Сайн сайхныг хүсье. Энэ баярт мэдээг ангийнхнаас чинь анх сонсоод утсаа үзлээ. Манай гэр бүлийнхэн үзэх дуртай нэвтрүүлэг байдаг шүү.

0  |  0
Багш чинь(202.9.40.134) 2021 оны 02 сарын 06

Сайн сайхныг хүсье. Энэ баярт мэдээг ангийнхнаас чинь анх сонсоод утсаа үзлээ. Манай гэр бүлийнхэн үзэх дуртай нэвтрүүлэг байдаг шүү.

0  |  0
Зочин(202.126.90.132) 2021 оны 02 сарын 06

Нутгийн дүүдээ баяр хүргэе. Мундаг сайн мюсэтгүүлч шүү.нэвтрүүлгийг нь маш их хүлээж үздэг шүү.

0  |  0
Irgen(24.13.36.85) 2021 оны 02 сарын 06

Goy nevtruuleg hiideg! On udaan jil hagatssan ehk ursig uchruulna gedeg mash ihk buyan! Amjilt

0  |  0
сургуулийн анд(66.181.186.86) 2021 оны 02 сарын 05

Гэрэлмаа чи шүү .Ажлын амжилт

0  |  0
55555(122.201.24.204) 2021 оны 02 сарын 05

1  |  0
Zochin(87.66.142.201) 2021 оны 02 сарын 05

Sain setguulch shu ajliin amjilt husie

0  |  0
Минжин Сор(202.126.88.60) 2021 оны 02 сарын 05

Уншлаа сайхан ярилцлага болжээ улам их амжилт хүсье

0  |  0
Zulaa(84.46.30.106) 2021 оны 02 сарын 05

Duudee ulam ih amjilt husiye, husel buhen ni bielj, zorilgo buhendee hurch yawaarai

0  |  0
77777(202.55.191.205) 2021 оны 02 сарын 11

Цаашид МОНГОЛ ХЭЛЭЭ САЙН СУРЧ МОНГОЛООРОО САЙХАН ЯРИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ....2 үг хэлээд л ” байгаа” байгаа” байгаа” гэээд ярид байвал ихл муухай сонсогддогдоо мөн 2 үг хэлээд ”одоо болвол ” одоо болвол ” одоо болвол ” ГЭЖ ЯРИХ ЮМ БОЛ ИХ МУУХАЙ СОНСОГДДОГ ШҮҮ ...МОНГОЛ ХЭЛ ,МОНГОЛ ҮГ МАШ АРИУН ШҮҮ...

3  |  2
Egch(202.126.88.190) 2021 оны 02 сарын 05

Mundag duudee ajliin undur amjilt husie Busdad hiisen buyan chin butsaad bum tum bolon ireh boltugai

1  |  0
Уншигч (122.201.31.175) 2021 оны 02 сарын 08

Гоё ярилцлага уншлаа. Баярлалаа. Бас улам их амжилт хүсье.

2  |  0
Мина(66.181.161.61) 2021 оны 02 сарын 05

Гэрэлмаа сэтгүүлчдээ амжилт хүсье.

2  |  0
Top