Монголчууд интернэт, гар утасны хэрэглээгээр дэлхийд дээгүүрт ордог. Дэлхийн хүн ам цахимжиж байна. Коронавирусний цар тахал ч цахим хэрэглээг баталгаажуулж өглөө. Хурал, уулзалтууд цахимаар болж нэг талаас мэдэхгүй, чадахгүйн бэрхшээл тулгарч, нөгөө талаас цахимжилтыг овжин ашиглах хүмүүсийн хүрээ тэлсээр. Аль ч нь байлаа монголчууд ойрын ирээдүйд цахим үндэстэн болох нь тодорхой болсон. Төрийн үйлчилгээний e-mongolia.mn сайтаас үйлчилгээ авдаг хүмүүсийн тоо ч нэмэгдэж байгаа. Тус сайтаас төрийн 182 үйлчилгээг цахимаар авч болно. Цаашид 590 гаруй үйлчилгээг иргэддээ үзүүлдэг болно ч гэх. Иргэний үнэмлэхээ хүртэл хэдхэн минутад цахимаар захиалдаг болох юм. Цахим хөгжлийн яамыг байгуулах тухай яригдаж, бэлтгэл ажлаа хангаад эхэлсэн. Ингэснээр төрийн үйлчилгээний хүнд суртал багасаж, цомхон албатайгаар иргэдэд түргэн шуурхай, таатай үйлчилгээг үзүүлдэг болно. Дижитал эдийн засаг гэсэн ойлголт ч шинээр гарч ирнэ. Жишээлбэл, иргэд зөвхөн хот дотроо шилжин суурьшихийн тулд 6-7 төрлийн материал бүрдүүлж, хэвлэхийн хэвлэж, банкинд оочерлож, байхгүй бичиг баримтаа бүрдүүлэхийн тулд дахин дахин бөөн ажил болоод эцэст нь шилжих хорооныхоо хаалгыг хэдэнтээ татах хэрэг гардаг. Тэр бичиг баримт дутуу гээд л буцаагдаад эхэлнэ.
Цар тахлын үед иймэрхүү нөхцөл байдал иргэдэд ямар их хүндрэл учруулдаг болох нь илүү тодоор харагдана. Тэгэхээр төрийн үйлчилгээнд тулгамдсан олон асуудал цахим шилжилтээр эцэслэгдэх нь гэсэн итгэл байна. Гагцхүү нас насны бид цахим шилжилтэд бэлэн үү. Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, хэрэглэж болохоор хялбар үйлчилгээг нэвтрүүлэх үү гэдэг асуулт хэвээрээ.
Сэтгэгдэл ( 1 )
Цахим засаглал мандтугай л гэе дээ. Хүнд суртал багаснаа л гэсэн үг.