Саруул талын малчны хот өнгө нэг л жавхаалаг
Сар шинийн мандмал өглөө юм бүхэн гялбаалаг
Дуртмал наран мяндсан туяагаа цацраан дээшлэхэд
Дулаан өвөлжөөнөө мал сүрэг налайж уур савсасхийнэ
Ийм дөрвөн мөрт шүлгээрээ эхлэл хийж Монголын цагаан сарын тухай бяцхан зураглалаа энэ баярт өдрөөр уншигч олондоо толилуулъя. Би хэмээх хүмүүн 1950-иад оны сар шинийг баярыг бага зэрэг төсөөлдөг юм аа. Идээ будаа, айраг цагаа, ишиг хурганы цангинаа, аргал шаваг үнэртсэн Монгол өргөө, зэлэн дээр хамар шүүхрүүлэн алсыг хараачлах хивсэн тохомтой ширээ ат, хэвийн боов, олдох нь ховорхон ёотон, цаастай чихэр гээд л хүүхэд насны минь сонихон сайхан дурсамжаа эргэн санагалзаж суунам. Энэ гэгээн тунгалаг ахуйгаа дурсахад эгэлхэн хөдөөний малчны бор гэр, ээж аавын минь хайр гэрэлтсэн дөлгөөн харц юуны өмнө сэтгэлд ургаад ирэх бөлгөө. Сар шинийн айраг цагаа, агь шаваг, аргал хөрзөн үнэртсэн тийм дотно дулаан ахуйг цөөхөн жил үзжээ би. 1960-аад оноос малчдын баярыг нэгдэлчдийн баяр хэмээн зөвхөн хөдөө газар тэмдэглэдэг болсноор мөн ч олон жил улиран өнгөрчээ. Даланзадгадынхаа сургуульд багшийн алба хашлаа. Нэг удаагийн сар шинээр өртөө хүрэхгүй газар байдаг Ханхонгор сумын төв дэх ээжтэйгээ золгох санаатай мотоцикл асааж унаад давхисан боловч зам бүхэн дээр эргүүл гарчхаад явуулдаггүй шүү. Энэ мэтээр олон удаа оргох гэсэн маань бүтэлгүйтсэн юм даа. Бас чиг хатуу, зэрлэг цаг үе байж дээ хөөрхий.
Эдүгээ бол сайхан болжээ. Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашлаад эх орон даяар хаврын урь орж байгаа энэ сайхан өдөр хулгана жилээ үдэж, үхэр жилийнхээ босгыг ард хотлоороо алхаж байгаа ерөөл буянт өдрийг тохиолдуулан өргөн Монголынхоо ард олон болоод өмнөговьчууддаа сар шинийн мэндийг дэвшүүлье. Та бүгд минь өлзий хишиг дүүрэн, сүрэг мал бүрэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Э.ХАРХҮҮ
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59