"Коронавирусний эсрэг хоёр тун вакцин хийлгэсэн бол тусгаарлах шаардлагагүй"

2021 оны 02 сарын 11

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. (2021.02.11, 12:00 цаг)

Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусний вакцины талаарх дараах мэдээллийг өгч байна.


Өнөөдрийн байдлаар коронавирусний эсрэг вакциныг дэлхийн 75 улс оронд 152 сая хүн хийлгэсэн байна. Үүнийг дундчилбал өдөрт 5.64 сая хүн вакцин хийлгэж байна.

Коронавируст халдварын өвчлөлөөс вакцин хийлгэсэн хүний тоо илүү гарч, вакциныг идэвхтэй сайн хийлгэж байна. Дэлхий дахинд вакцинд хамрагдалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор олон эрдэмтэн судлаачид, халдварт өвчин судлалтын төвүүд вакцины талаарх судалгаануудыг хийж байна.

Тухайлбал АНУ-ын Өвчин судлалын төвд хийсэн судалгаагаар хэрвээ хүн коронавирусний эсрэг вакциныг бүрэн тун буюу 2 тунгаар хийлгэсний дараа 14 хоног болсон тохиолдолд энэ хүнийг ямар нэг өвчтэй хүнтэй хавьтал болсон байхад эмнэлэгт болон тусгаарлах байранд тусгаарлах шаардлагагүй гэж үзсэн байна. Гэхдээ энэ хүмүүс нь заавал вакциныг 2 тунг бүрэн тунгаар нь хийлгээд 14 хоносон байх шаардлагатай гэж үзсэн байна. Мөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүмүүс хэдийгээр 2 тун вакцин хийлгэсэн ч тодорхой хэмжээний хөл хорионы дэглэмд байх ёстой гэж үзсэн байна.

Мөн АНУ-ын Өвчин судлалын төвөөс 20 мянга гаруй жирэмсэн эмэгтэйд коронавирусний эсрэг вакцин хийсэн байна. Вакцин хийхэд ямар нэгэн хүнд, ноцтой урвал гараагүй, үр дүнтэй байна гэсэн байна.

Top