Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил болгон зарлалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 11

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан удирдах ажилтны зөвлөгөөнийг анх удаа #ЦАХИМ хэлбэрээр 2021.02.08-09-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

Тус зөвлөгөөнд алба, хэлтэс, тасаг, Улаанбаатар хот дахь болон орон нутгийн автотээврийн төв, салбаруудын удирдах ажилтнууд хамрагдаж, өмнөх онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, энэ ондоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтуудыг тодорхойлон санал солилцлоо. 

Удирдах ажилтны цахим зөвлөгөөний нээлтийн үеэр автотээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон 2021 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласан бөгөөд энэхүү ажлын эхлэл нь цахим зөвлөгөөн болохыг онцоллоо.

Мөн зөвлөгөөний нээлтэд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан нар оролцож удирдах ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэн санал солилцож, тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар, заавар зөвлөмж өглөө. 

Энэхүү удирдах ажилтны зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулсан нь эдийн засгийн хувьд зардал багатай, дэвшилтэд техник технологийг ашигласан, цаг хугацаа хэмнэсэн ихээхэн үр дүнтэй болж байгаа нь онцлог бөгөөд цаашдаа “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас цахимаар иргэдэд хүртээмжтэй, төрийн үйлчилгээг илүү ойр, түргэн шуурхай хүргэхээр зорилт тавин ажиллаж байна. 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top