Сар шинэ хуучраагүй байхад хэрэлдэж зодолдоод яах вэ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 15

ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА 25 ХУВИАР ИХЭСЧЭЭ

Хөл хорионы үеэр гэр бүлийн хүчирхийлэл 25 хувиар нэмэгджээ. Хоёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө цагдаагийн 102 дугаарт 1115 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн 162 дуудлага бүртгэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдэж байгаа нь ахуйн хүрээний архидалт ихэссэнтэй холбоотой. Хэдийгээр сар шинэ болж байгаа ч ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэгчлэн учир начиртай ууж идэхгүй бол хүчирхийллийн цаана олон сөрөг үр дагавар үлддэг гэдгийг мартаж болохгүй.

Сүүлийн нэг жилд хүчирхийллийн улмаас амь насаа алдсан гэх хэрэг олноор бүртгэгдэх болсон бөгөөд хүчирхийлэл нь бие мах бодын гэмтэл болон хүний амь насаар хэмжигддэггүй.  Түүнчлэн хүчирхийлэлд зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд өртдөг гэх ойлголт буруу бөгөөд эрэгтэйчүүд болон өндөр настнууд ч өртдөг.

Нэгэн залуу эр эхнэртээ хамаг амьдралаа зориулсан боловч сар шинийн өмнө уранхай дээлнээс  өөр зүйлгүй гэрээсээ хөөгдсөн тухай мэдээллийн хэрэгслэлээр цацагдсан. Тэр залуу “Ханилж яваад хамаг хөдөлмөрийг минь шулчихаад, хөл хорионд ажилгүй, мөнгөгүй болонгуут гэрээсээ хөөлөө, хүний эрх гэж байна уу, эрэгтэй хүний эрх маш их зөрчигдөж байна” гэж уйлан дуугарсан. Хүмүүс түүнийг “Эрийн нэр гутаасан арчаагүй амьтан” гэж зүхэх нь олон харагдлаа. Энэ нь нийгэм массаараа эр хүнийг хүний эрх яривал элэг доог хийх юм байна гэсэн эмээх сэтгэлийг төрүүлээд авсан. Тиймдээ ч олон эрчүүд эрхээ зөрчүүлсээр байгаа ч амаа хамхин дотогшоо залгисаар яваа биз ээ.

Басхүү үр хүүхдэдээ хаягдан хайр халамжаар дутан байгаа өндөр настнууд бидний дунд чимээгүй амьдарсаар л буй. Тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг цэвдэг сэтгэлтэй үр хүүхдэдээ хуу хамуулчихаад өлөн зэлмэн, хүйтэн нойтон, зүдүүхэн суугаа хөгшчүүд хэд байдгийг таашгүй. Гэр бүлийнхээ хэн нэгнийг үл хайхрах нь хүртэл хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг хүн бүхэн мэддэггүй нь харамсалтай. Томчууд бид таван төгрөгний төлөө өглөөнөөс үдэш болтол ажиллачихаад гэртээ ялархаж ядарсан амьтан ирээд л унтаад өгөх нь элбэг. Гэтэл үр хүүхдүүд минь хичээл сургуульдаа ч явж чадахгүй гэрийн мухар сахих хэр нь ээж, аавынхаа хайр халамжийг хангалттай  мэдрэхгүй өссөөр байгаа нь ч худал биш. Хүүхдүүд аав, ээжийгээ хөл хорионд хамт хэд хоног байна гэдгийг сонсоод магнайгаа хагартал баярлаж байна гэнэ. Тэдний сурах, хүмүүжих эрх нь хязгаарлагдмал байгаа ч хайрлагдах эрх нь хязгааргүй байгаасай гэж хүсэх. Эцэг, эхчүүд  хөл хорионы үеийг үр хүүхдэдээ цаг гаргаж боловсрол, хүмүүжилд нь анхаарч, юу хүсэж мөрөөдөж байгааг нь сонсож ярилцах боломж гэж хараасай гэж бодох.

Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэртэй байдаг аж.

Нэгт, гэр бүлийн хамаарал бүхий энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.

Хоёрт, гэр бүлийн хамаарал бүхий энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.

Гуравт, гэр бүлийн хамаарал бүхий энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ.

Дөрөвт, гэр бүлийн хамаарал бүхий эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчирхийлэл гэнэ. Тэгвэл дээрх хэлбэрүүд ил болон далд хэлбэрээр гэр бүлийн орчинд оршсоор байдаг нь нууц биш. Гэвч өөрийнхөө эрхийг зөрчигдөж байгааг мэдэхгүй бие болоод сэтгэл санаагаар хохирсоор байгаагаа мэддэггүй нь олон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 8.1.5- д “Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх үүргийг хуулиар хүлээсэн албан тушаалтан нь хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний аюулгүй байдлыг хангах, даруй тусгаарлах, хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээг авах” гэж заасан байдаг. Үүний дагуу дуудлага өгсөн гэр бүл дээрх журмын дагуу торгууль заавал төлдөг. Олон удаа баригдсан нөхөр эхнэртээ өширхөж дахин дахин хүчирхийлэл үйлдэх сэжим болдог гэхэд хилсдэхгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад бичгээр, утсаар, цахим хэлбэрээр өгч болдог. Үүнийг бүх шатны боловсролын байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан, бусад ажилтан, эрүүл мэндийн, нийгмийн, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан, сум, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтан, төдийгүй иргэн, хуулийн этгээд мэдэгдэх үүрэгтэй. Үүн дотроос иргэдийн зүгээс өгөх дуудлага эрс нэмэгдсэн гэхэд болно. Тэд үүрэг хариуцлагынхаа дагуу  айл хөршид нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй байгаа нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдчихдэг. Магадгүй хэн нэгэн найз тань гэрт нь ирээд дуугаа өндөрсгөн ярих, хүүхэд нь орилж хашхирч дэггүйтэж байхад ч таны хаалгыг цагдаа тогшиж мэднэ гэсэн үг. Цагдаа нар дуудлагын дагуу ирэх нь зүйн хэрэг. Тиймээс нэг л дээвэр дор нэг л орон сууцанд амьдарч байгаа хүмүүс эргэн тойрны хүмүүсийнхээ тав тухыг алдагдуулахгүйн тулд зөв боловсон амьдрах хэв маягийг сурахаас өөр аргагүй.

Нэг үеэ бодвол хүмүүс хуулиа мэддэг болж байгаа нь сайшаалтай. 102 дугаарт Иргэдээс ирсэн 1115 гомдол мэдээллийн 62 нь "оршин суугчийн амар тайван байдлыг алдагдуулсан" дуудлага байгаа бол 162 нь гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгдсэн өмнөх баримтыг дахин сануулъя. Хүчирхийлэл нь архидан согтуурах үзэгдэлтэй үргэлж хамт явж байдаг гэхэд хилсдэхгүй. Уг нь монголчууд Сар шинийн өдрүүдэд муу үг хэлэх, муухай үйлдэл гаргах нь бүү хэл муу бодол ч тээхээс цээрлэдэг ард түмэн сэн. Гэтэл ийм сайхан бэлгэ дэмбэрэлт өдрүүдэд хүчирхийллийн тоо даруй 25 хувиар нэмэгдэж байна гэдэг уг урхагаасаа хүний мөс чанар, мөн чанар муудаж байгаагийнх юм болов уу даа гэх эмзэглэл төрүүлнэ. Цаашлаад цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг дагаж амьжиргааны түвшин буурсантай ч холбоход буруудахгүй. Хүчирхийлэлд өссөн хүүхэд хүчирхийлэгч болж төлөвшдөг гэдэг. Томчууд бид хүүхдийн тусгал учраас хэм хэмжээгээ барьж, хэлэх үгээ бодож, хийх үйлдлээ хянаж сурах нь гарч болзошгүй олон сөрөг үр дагавраас сэргийлнэ. Хөл хорионы хэдхэн өдрийг даваад гарчихвал цал  тахлыг хумьж жирийн амьдралдаа эргэн орох боломж үүсэх юм шүү дээ.

Уг нь ч тэр өдөр ойрхон байна. Шинэ хуучраагүй байна. Хоорондоо бэлгэтэй  сайхан үгс хэлэлцэж, хүнлэг энэрэнгүй хандаж сурмаар. Монгол хүн байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмээ(202.21.108.40) 2021 оны 02 сарын 16

Одоогийн эмэгтэйчүүд олон юмаараа албин чөтгөр болсон нь олон тааралддаг болжээ. Сайхан хүмүүжилтэй дарь эх шиг нь ч цөөрч байна. Эмэгтэйчүүд эр хүнийг хүчирхийлэл үылдтэл нь сэтгэлээр нь тамалж , эзэн суух гээд хэцүү л харагдах юм даа.

1  |  0
Зочин(202.21.108.40) 2021 оны 02 сарын 15

монглчуудыг зүгээрч нэг үхэр моногл гээгүй байхаа. Цагаан сар гээд үхэлдээд л байдаг. Цагаан сарын учир чиньшинийн 15дуустал 10 хар нүглийн нэг хэрүүл, хархэл ам гарнахгүй байх биш билүү? Коммент бичигчид ч гэсэнхэрүүлийн бузартай санагдаад сэжиг хүрээд байна.

0  |  0
хууль дээдлэх(66.181.190.54) 2021 оны 02 сарын 15

Эмэгтэйчүүд бие махбодийн боло хэл амаар хүчирхийлдэг. Эрчүүдийн хүн чанар зулгаагаад олон таван юм ярьж чалчигнаад байдаггүй.

0  |  0
sara(223.104.39.8) 2021 оны 02 сарын 15

aimaar. muuhai huuhen bn.yaaj yvaad.iim huuhentei suudag bn.bi suuchih yumsan.hezee ch hoohgui.ovoliin huitend

1  |  0
Зочин(103.10.23.129) 2021 оны 02 сарын 15

Гарч бгаа хэргийн тоог хархад архи гээч амьгүй усанд ухаант хүн ялагдаж бна

0  |  0
Зочин(103.26.193.71) 2021 оны 02 сарын 15

Наад хөл хорио чин ард түмэнд гай бодж бна шүү

1  |  1
hlff(192.82.78.110) 2021 оны 02 сарын 16

балиар шулам шиг хүүхнүүдэд хууль ялгаагүй үйлчилдэг юм ш дээ. Гэр бүлийн маргаанд эмэгтэй нь илүү буруутай бдаг атал яагаад эрэгтэйг нь буруутгаад байдаг юм? хууль ижил тэгш үйлчлэх ёстой. Хүний мууг үздэг, хүн чанарын талаар ямарч ойлголтгүй бузар хүүхнүүд хэзээ нэгэн цагт муугаа үздэг юмаа. Ялангуяа нүгэл нь үр хүүхдэд нь буудаг!

2  |  0
Зочин(202.9.46.2) 2021 оны 02 сарын 15

Эрчүүд бие махбодиор хүчирхийлэл үйлддэг. Эмэгтэйчүүд хэл амаар хүчирхийлэл үйлддэг.

1  |  0
Top