Ковид-19-ийн нөхцөл байдал ба Монгол улс 2022 оны сүүлээр вакцинд бүрэн хамрагдах төлөвтэй

2021 оны 02 сарын 18

Коронавирусний эмнэл зүйн газрын зураг дээр Монгол Улс вакцинжуулалтад огт хамрагдаагүй орны тоонд тэмдэглэгдэж, 2022 оны сүүл гэхэд вакцинжуулж дуусна гэсэн ангилалд ороод байна


 

Их Британид коронавирусний дахин нэг шинэ хувьссан омог илэрлээ

 

Хүн төрөлхтөнд амьдралын шинэ горим тогтоож, дэлхий даяар хөл хорионд оруулаад буй коронавирусний үзүүлэх “ид шид” өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдсөөр байна.  БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотод 2019 оны 12 дугаар сард анх илэрсэн коронавирусний халдвар дэлхийн бараг бүх улс оронд тархсан бол 2020 оны намраас хувьсаж мутацид орсон шинэ омгууд гарч ирэх болсон билээ. Их Британи, Бразиль, Өмнөд Африкт хувьссан шинэ омгууд өнгөрсөн намар, өвөл илэрсэн бол Их Британид дахин өөр нэг омог сая шинээр бүртгэгджээ.  Уг шинэ хувилбар энэ зуур дэлхийн 10 оронд тархаж амжсаныг Эдинбургийн их сургуулийн судлаачид мэдээлсэн талаар ВВС, СNN агентлаг, "The Guardian" сонин зэрэг олон хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн нь энэ долоо хоногийн халуун сэдэв боллоо. Ингэж коронавирус анх илэрсэн төлөв байдлаа хувирган тасралтгүй мутацилагдсаар байна.

Шинээр илэрсэн коронавирусний уг омог нь вирусний өргөс хэлбэрт уураг дахь Е484К гэсэн хувьсал буюу мутациар өнгөрсөн оны есдүгээр сараас Их Британид илэрсэн түргэн тархац бүхий омгоос ялгаатайг эрдэмтэд илрүүлжээ. Түүнээс гадна Бразиль, Өмнөд Африкт илэрсэн омгуудад ажиглагдаад байсан S буюу spike уурагт илэрсэн Е484К мутаци нь коронавирусийг эсрэг биетэд илүү тэсвэртэй болгодог тул эрдэмтэд, судлаачид, эмч мэргэжилтнүүдийн сэтгэл нэлээд зовниж буй аж. Өөрөөр хэлбэл, Е484К мутаци  эсрэг биетийг дарангуйлах эрсдэл ихтэй ажээ.

В1525 гэдэг нэршил өгөөд буй энэ шинэ омгийн халдварын тохиолдол  өнөөдрийн байдлаар Дани улсад 35, Их Британид 32, Нигерт 12, АНУ-д долоо, Францад тав, Ганд дөрөв, Австралид хоёр, Иорданд хоёр, Испанид нэг бүртгэгдээд байна. В1525 хэмээх энэхүү омгийг нийт 10 орны иргэдээс цуглуулсан шинжилгээнд илэрсэн вирусний  дээжийн  геномын дарааллыг тогтоосноор тодорхойлжээ. Геномын хамгийн анхны дарааллыг Их Британи, Нигерийн эмч, мэргэжилтнүүд 2020 оны 12 дугаар сард тогтоож байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын Хувьссан шинэ вирусний аюулаас сэргийлэх Зөвлөлдөх багийн судлаачдын зүгээс Английн баруун өмнөд бүсийн Бристолд нэлээд сэтгэл түгшээсэн бүлэгт багтах коронавирусний шинэ омог бүртгэгдсэн талаар анхлан мэдээлсэн байна. Судлаачид бас Ливерпулд “өмнө судлагдсан хувилбар” гэх ангилалд багтах өөр нэг омог байгаа талаар ч мэдээлжээ. Ингэснээр Их Британид сэтгэл түгшүүлэх хэмжээний ангилалд хамаарах дөрвөн ч төрлийн мутацилагдсан хувилбар илрээд байгааг эмч, судлаачид хэлсэн байна. Эдгээрт өмнө илрээд, нэлээд олон оронд тархаад буй Кентийн хувилбар, мөн Бристолийн хувилбар, Бразиль, Өмнөд Африкт үүссэн омгууд багтаж байгаа аж.

Тэгвэл коронавирус буюу  SARS-CoV-хоёрын мутацид орж хувьссан хамгийн эхний тохиолдлыг өнгөрсөн намар Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын нутаг дэвсгэрт илрүүлсэн билээ. КОВИД-19-ийн уг шинэ хувилбарын халдвар түгээх эрсдэл нь өмнөхөөсөө 70 орчим хувиар илүү байсан юм. Тиймдээ ч коронавирусний халдварын тоо улс орнуудад эрс нэмэгдэж, 108,9 саяд хүрэхэд ихээхэн нөлөөлсөн гэж үздэг.

Их Британийн Засгийн газар анхны шинэ төрлийн коронавирусний талаар 2020 оны арванхоёрдугаар сарын 14-нд анх удаа зарлаж халдварын тархацтай тэмцэх хатуу арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн анхааруулж байв.

Их Британид бүртгэгдсэн шинэ омгийн вирус 2020 оны есдүгээр сараас илэрсэн бөгөөд арваннэгдүгээр сар гэхэд Лондонд бүртгэгдсэн коронавирусний халдварын дөрөвний нэг, арванхоёрдугаар сард гарсан өвчлөлийн гуравны хоёр нь шинэ омгийн халдвар байсан гэж холбогдох байгуулага үзсэн билээ. Хэдийгээр улс орнуудад одоо хэрэглэж буй вакцинууд энэхүү өвчлөлийг анагааж, дархлаа тогтоож чадаж буй ч яваандаа коронавирус дахин дахин мутацид орж, томуугийн нэгэн адилаар жил бүр өөр өөр шинж чанартай болж, түүнийг дагаад вакциныг ч байнга өөрчлөн шинэчилж гаргаж байх шаардлага тулгарч буйг эрдэмтэд анхааруулж байгаа юм.

ДЭМБ шинэ омгийн өвчлөлийн талаар анхааран судалж, гарах үр дүн, үүсэж буй хувирал, халдварын байдал, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар тухай бүрт нь мэдэгдсээр байгаа билээ. 

 

ДЭМБ AstraZeneca вакциныг зөвшөөрлөө

 

ДЭМБ-аас AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн боловсруулсан AstraZeneca вакциныг онцгой, шуурхай нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрлөө. Ингэснээр уг вакциныг буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад вакцин нийлүүлэх үйл ажиллагааг дэмжих COVAX хөтөлбөрийн хүрээнд түгээх боломжтой болж байгаа юм. Уг вакцин нь боломжийн үнэтэй, хадгалах онцгой горим шаардахгүйгээрээ онцлог. Тухайлбал, Pfizer/BioNTech вакцинуудыг Цельсийн хасах 70 градусын температурт хадгалах шаардлагатай. AstraZeneca вакциныг 60-аас дээш насныханд хийхгүй гэсэн зарчмыг өмнө нь Европын зарим оронд баримталж байв. Өндөр настнуудад уг вакциныг хийсэн эмнэл зүйн судалгаа дутмаг гэдгээс шалтгаалан ингэж байсан юм. Харин сүүлийн үед наснаас үл хамааран дархлаа тогтоох үр дүн нь ижилхэн гэсэн дүгнэлт гарснаар ийнхүү ДЭМБ-аар батлагджээ.

Одоогоор Pfizer/BioNTech вакцинуудаар дэлхийн 57, AstraZeneca вакцинаар 32, АНУ-ын Модернагаар 26, Хятадын Синофармаар ес, ОХУ-ын Спутник-V вакцинаар тав, Хятадын Синовакаар тав, Энэтхэгийн Коваксинаар нэг улс орон, нутаг дэвсгэрт иргэдээ вакцинжуулаад байгаа ажээ.

 

БНХАУ-д хуурамч вакцин борлуулдаг бүлэглэлүүдийг илрүүлэв

 

ДЭМБ ийнхүү вакцинуудыг баталгаажуулж, улс орнууд иргэдээ вакцинжуулах үйл ажиллагаа идэвхжиж буйтай зэрэгцэн БНХАУ-д хуурамч вакцин хийж наймаалах үйл явц гарч эхэлжээ. Тус улсын прокурорын газраас хуурамч вакцины хэрэгт холбогдуулан 70 хүнийг баривчилж, эрүүгийн 21 хэрэг нээгээд буй талаар мэдээлжээ. Гэмт бүлэглэлүүдийн нэг нь л гэхэд 58 мянга орчим тун хуурамч вакцин борлуулж, гурван сая ам.долларын ашиг  олоод байсныг илрүүлсэн талаар Синьхуа агентлаг мэдээллээ.

Хуурамч вакцинаас Хятадын дотоодын эмнэлгүүдэд нийлүүлж, зарим хэсгийг гадаадад гаргасан байжээ. Хуурамч вакциныг эрдэсжүүлсэн болон давстай усаар найруулсныг илрүүлээд байна. Баригдсан нэгэн этгээдийн хэлснээр 2020 оны есдүгээр сараас хуурамч вакцин хийж борлуулж эхэлсэн гэнэ. Иймд БНХАУ-ын Засгийн газраас ийм төрлийн гэмт хэрэгтэй хийх тэмцлээ эрчимжүүлээд байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top