Гайана улсын бодлогоос бид юу сурах вэ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 19

Хөгжлийн жор булангийн ээлжит цувралаар Карибын тэнгисийн арлын жижиг улс Гайана улсын хөгжлийн нууцыг онцлох гэж байна. Европын хоёр ч улсын эрхшээлд байсан энэ жижиг улс 1966 онд тусгаар тогтнож, улмаар 1990 онд социалист дэглэмээсээ татгалзсанаар хөгжлийн замдаа шуудран орсон юм. Сүүлийн арван жил тогтмол өсөж ирсэн тус улсыг АНУ ихээхэн сонирхож, стратегийн томоохон түнш улс болоод байна. Эдийн засаг нь 1990 оныг хүртэл зөвхөн дотогш чиглэсэн, гадаад зах зээлд олон зүйлээрээ өрсөлдөж чадахгүй гэж дүгнэж байсан энэ улс ердөө 10-аадхан жилийн дотор карибын тэнгисийн томоохон загвар улс болтлоо хөгжин дэвшиж чадсан билээ. Хэдийгээр нээлттэй эдийн засагтай болсон эхний таван жилд ажиллах хүчний ихээхэн хомсдолд орж ихэнх иргэд нь гадаадад хөдөлмөр эрхлэхээр цагаачлах болжээ. Түүнчлэн дотоодын улс төрийн талцал, хуваагдал хэзээ ч давж гарахгүй даваа мэт байсан цаг. Гэвч тэд хөрөнгө оруулалт татах замаар уул уурхайн салбараа хөгжүүлж, аялал жуулчлалыг, загас агнуурын онцлогтойгоо гайхалтай сүлж чадсанаар ирээдүйн өнгө будгаа олоход амар болсон билээ. Ердөө 215 мянган км газар нутагтай, 786 мянган хүн амтай энэ улсын хөгжлийн загварыг та бүхэнтэй хуваалцъя.

 

Хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд

 

Гайана улс 1980-аад оны сүүлээр эдийн засгийн шинэч­лэлийн хөтөлбөрөө боловсруулж эхэлжээ. Уг хөтөлбөрийг тухайн цаг үедээ Олон улсын валютын сан дэмжин оролцож байлаа. Тухайн үед социализмын харилцан туслалцах хөтөлбөрийн балгаар асар их өрөнд орж, дампуурах дээрээ тулаад байсан цаг.

Улс орноо сүйрүүлчихгүйн тулд эдийн засгаа нээлттэй болгож, илүү либерал болгон хөрөнгийн захаа хөгжүүлж, өмч хувьчлалыг яаралтай ихлүүлэхээс өөр сонголт юм. Тус улсад 1990-1994 оны хооронд өмч хувьчлал явагдсан. Хөдөө аж ахуйн салбараас эхлээд аялал жуулчлалын салбар хүртэл хувьчлагдаж уул уурхайн салбар ч хүртэл илүү нээлттэй болж иржээ. Эдийн засгийн энэ шинчлэлийн ачаар эерэг үр дүн асар хурдан хугацаанд өгч, эдийн засгийн өсөлт авчран, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ч хурдацтайгаар нэмэгдүүлсэн юм.

Тус улсын эдийн засаг төрөлжиж чадаагүй зөвхөн уул уурхай, газрын ховор элементийн салбар дээр тогтож байсан бөгөөд гадагш чиглэх ямар ч боломжгүй мэт харагдаж байлаа. Агаарын тээврийн чиглэл хязгаарлагдмал, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц боомт байхгүй зэрэг нь хөгжилд ихээхэн чөдөр тушаа болж байж. Дээрээс нь сахар, алт, цагаан будаа, мод, боксит гэсэн экспортын үндсэн таван түүхий эд нь 1990-ээд онд нийт экспортын 80-аас илүү хувийг эзэлж байсан аж. Хэдийгээр хөрөнгийн захыг хөгжүүлэхийн тулд компанийн тухай хуулиа эрс өөрчилж, нээлттэй, чөлөөт зах зээлийг сонгосон ч иргэд олон нийт, тэр дундаа бодлого боловсруулагчид нь хүртэл ойлгохгүй байлаа. Дотоод зах зээлийн нөхцөл байдал маш хүнд байсан тэр он жилүүдэд иргэдийнх нь дийлэнх нь гадаадад хөдөлмөр эрхлэхээр цагаачлах болов. Энэ нөхцөл байдал 2000-аад онд ажиллах хүчний хомстолд орох үндсийн үндэс болсон юм. Тэд АНУ зэрэг хөгжингүй улсын дэмжлэгтэйгээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ дахин тодорхойлсноор хөдөө аж ахуй, уул уурхай, хүнд үйлдвэр, аялал жуулчлал, загасчлал гэж тодорхойлсон байна. Ажиллах хүчний нөөц хомс байсан тул гадаадад ажиллаж буй иргэдийг эх орондоо татахын тулд анхлан хөдөлмөр эрхэлж буй, гарааны бизнесийг анх удаа эхлүүлж буй хувь хүн, аж ахуйн нэгжид нэг удаагийн татварын хөнгөлөлт үзүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буй бол төрөөс татаас олгох алхмыг хийхээр болов. Ингэснээр гадагшаа чиглэж байсан ажиллах хүчний урсгал дотогшоогоо чиглэх болж энэ хэрээр дэд бүтэц болон тээвэр, харилцааны салбар хөгжих үүд хаалга нь нээгджээ. Үүнтэй холбоотойгоор Хөрөнгө оруулалтын тухай хууль, Жижиг дунд бизнесийн тухай хуулийг илүү боловсронгуй болгож, зөвхөн компаниудын хооронд үүссэн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой Арбитрын шүүхийг хүртэл байгуулаад байна. Уул уурхайн салбарт АНУ, БНХАУ, Нидерланд, Британи зэрэг улсуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй бөгөөд боксит, алт, очир эрдэнийн салбарт хувь нийлүүлсэн компани байгуулан ажиллаж байгаа билээ. Түүнчлэн газрын тосны салбарт АНУ-ын тэргүүлэгч зургаан компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, одоогоор эхний хоёр компани нээлтээ хийгээд байна.

 

Бодлогын зохицуулалт

 

Гайана улс 1991-2007 оны хооронд бодлогын томоохон гэж хэлж болохуйц арав гаруй удаагийн өөрчлөлт оруулжээ. Үүнээс хамгийн үр дүнгээ өгсөн нь Хөрөнгө оруулалтын тухай хууль түүнийг дагасан дүрэм, журмуудыг шинэчлэх ажил байлаа. Хөрөнгө оруулалт нь дотоодын улс төрийн нөхцөл байдал, газар нутгийн тогтоц зэргээс шалтгаалан хэлбэл­зэлтэй байсан учир Хөрөнгө оруу­лалтын тухай хуулиар энэ асуудлыг зохицуулахаар болж ялангуяа гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд онцгойлон анхаарсан байна. Түүнчлэн хөгжлийн цогц судалгааг дээрх хугацаанд таван удаан хийж Гайана улсын 30 жилийн хөгжлийн чиг хандлага гэх бодлогын баримт бичиг боловсруулжээ. Уг баримт бичигт гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа төрөлжүүлэх тухай тусгасан байна. Хөгжлийн загвар болгож АНУ, Британи, Өмнөд Африк, Бразил улсуудыг сонгосон бөгөөд дэлхийн тэргүүлэгч эдийн засаг бүхий 10 улсын сүүлийн 30 жилийн төлөвлөгөө, ирэх жилүүдийн чиг хандлагыг системтэйгээр судлан бодлогын судалгааны тайланд хавсаргажээ.

Бодлогын шинэчлэл тус улсад одоо ч үргэлжилсээр байна. Өнгөрсөн хугацаанд ахиц дэвшил ажиглагдаж байгаа ч цаашид улам боловсронгуй болгох шийдвэр гаргах үйл явцад хүний оролцоог багасгах, хувь хүн, бизнес эрхлэгчдэд нээлттэй бодлого баримтлана гэдгээ тус улсын Засгийн газар мэдэгдээд удаагүй байгаа билээ. Тус улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд 5.5-аас байнга дээш үзүүлэлт үзүүлж байгаа бөгөөд олон улсын судалгаагаар 2021 онд 12 хувиар, 2022 онд 15 хувиар өсөх тооцоолол боловсруулжээ. Одоогоор тус улсын ДНБ 6.81 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бол 2025 он гэхэд энэ тоог хоёр дахин нэмэгдүүлж 14.08 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ. Ингэснээр тус улс нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр дэлхийд тэргүүлэх боломжтой болох юм. Одоогийн байдлаар тус улсын нэг хүнд ногдох ДНБ 8.6 мянган ам.доллар бөгөөд үүгээрээ дэлхийд 68 дугаарт эрэмбэлэгдэж байна.

 

Цаашид хэрхэн хөгжих вэ

 

Гайана улс хөгжлийн тэргүүлэх чиглэлээ уул уурхайн салбар тэр дундаа газрын тосны салбар гэж тодорхойлоод байна. Газрын тосны салбараас ирээдүйд олох орлогыг Баялгийн сан хэлбэрээр төвлөрүүлэхийн тулд Норвегийн судалгааны байгууллагатай хамтран жишиг сан байгуулахаар болжээ. АНУ-ын зургаан том компани, Британийн гурван том компанитай газрын тосны чиглэлээр хувь нийлүүлсэн компани байгуулахаар болсон бөгөөд Газрын тосны үндэсний зөвлөл гэгчийг байгуулан оролцогч бүх талуудыг адил тэгш мэдээллээр хангах, хамтын шидйвэр гаргахаар ажиллаж байна. 2025 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 15 мянган ам.доллароос давах бөгөөд 2050 гэхэд 50 мянган ам.долларт хүргэх том зорилт тавьжээ. Улс төрийн намуудын дунд бодлогын өрсөлдөөн явуулах замаар улс орны хөгжлийг тодорхойлно. Намууд сонгуульд ямар үр дүн үзүүлэхээс үл хамааран хөгжлийн хөтөлбөр, 30 жилийн төлөвлөгөөнд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэж Засгийн газраас нь мэдээлжээ. Тус улсын Засгийн газрын дэргэд Хөгжлийн бодлого судалгааны агентлаг байгуулагдан төлөвлөгөө боловсруулж Хэрэг эрхлэх газарт хүргүүлдэг байна. Түүнчлэн жил бүр салбар яам бүрд хөгжлийн чиг хандлага, бодлогын шинэчлэлийн талаар тайлан мэдээлэл хүргүүлдэг болсоор уджээ. Засгийн газрын аливаа бодлого үйл ажиллагаанд бодлогын судалгааны эзлэх хувь 70-аас дээш байна гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Ирфан Али хэлсэн үгэндээ онцолсон байна. 

Гайана улс ирэх жилүүдэд дэд бүтэц, харилцаа холбооны салбарт онцгойлон анхаарна. Ялангуяа АНУ-тай хамтран хиймэл дагуул хөөргөн харилцаа холбооны нэгдсэн сүлжээ байгуулах зорилт тавьжээ. Түүнчлэн мэдээллийн технологийн хүрээлэн байгуулж ойрын 10 жилийн хугацаанд энэ салбарт 1500 мэргэжилтэн бэлтгэж MIT зэрэг томоохон сургуулиудад Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг улс орнуудын томоохон компанийн дамжлага үйлдвэрүүдийг эх орондоо барих зорилт тавьсан бөгөөд эхнээсээ үр дүнд хүрээд байна.

 *              *              * 

Гайана улсын хувьд өмч хувьчлал явуулсан, чөлөөт зах зээлийн замыг сонгосон зэрэг нь цаг хугацааны хувьд Монгол Улстай давхацдаг. Нэг ёсондоо бидэнтэй ижил гараанаас эхэлсэн. Гэтэл одоо ДНБ зэрэг бүх үзүүлэлтээрээ бүс нутагтаа тэргүүлэх улсын тоонд оржээ. 2025 он гэхэд ДНБ-ний хэмжээгээр дэлхийд тэргүүлэх улсын нэг болох зорилт тавиад байна. Хэдийгээр улс төрийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан засаглалын хямрал нүүрлэх магадлалтай улсын тоонд ордог ч бодлогын залгамж халаа, эдийн засгийн төрөлжилт зэрэг нь хямралыг даван туулах ерөндөг гэдгийг олон улсын байгууллагууд онцолсон юм. Дэлхийн томоохон улс гүрнүүдтэй хамтран зөвлөл байгуулах замаар тогтвортой хөгжлийн сууриа бэхжүүлэх нь энэ улсын гол зорилго аж. Гайана улсын хөгжлөөс суралцаж болох хамгийн гол зүйл нь бодлогын судалгаанд анхаардаг явдал. Төр засгийн зүгээс ямар ч шийдвэр гаргасан эрдэмтэн, судлаачдын үгийг сонсож, тоонд итгэдэг нь энэ улсын эдийн засгийн хөгжлийн нэгэн нууц юм шиг. Түүнчлэн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлоод томоохон улсууд­тай хамтран зөвлөл байгуулахаар зорьж байна. ДНБ-нээ нэмэгдүүлэх нь газрын тосны салбараас хамаарах боловч АНУ-ын зургаан компанитай хамтарсан зөвлөл байгуулж ойрын 10 жилийн хөгжлийн санамж бичигт гарын үсэг зурснаас нь харвал тийм ч хуурмаг зүйл биш бололтой. Тиймээс бид энэ улсын хөгжлөөс эрдэмтдэдээ найддагийг нь, бодлогын судалгаанд анхаарч, тоонд итгэдэгийг нь дуурайвал дороо эргэцсээр байгаа эдийн засаг урагшаа тэмүүлэх боломж ч байж мэдэх юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top