1931 оны хоёрр сарын 8-ны Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тавдугаар тогтоолоор Цэцэрлэгмандал уулын аймгийг хоёр хувааж, Өвөрхангай, Архангай аймаг болгож байжээ. Түүхэн он тооллын хувьд Өвөрхангай аймаг 16-р жарны цагаагчин хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн таван буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан байна.
Байршлын хувьд одоогийн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Түйн голын хөвөөнөө хуучин Ламын гэгээний хүрээний дэргэд байгуулагдаж, 1934 онд одоогийн Арвайн хүрээ буюу Арвайхээрт нүүж иржээ.
Өвөрхангай аймгийн түүх бол төв халхын түүх билээ. Өвөрхангай аймаг бол Монголчуудын түүхийн, соёлын өлгий нутаг. Түүх дурсгал, ёс заншлын олон эрхэм зүйл энэ л нутагт хадгалагдаж үлдсэн нутаг.
Монгол Улсын газар зүйн хүйс-төв цэг нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын Онгон хэмээх уулын өвөрт байдаг. Нутгийн хойд хэсэгт хангайн нурууны салбар уулс, төв хэсгээр нь хөндийн тал, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулс, элсэрхэг тал хээрийн нутагтай.
Тус аймгийн нутаг газар зүйн 3 бүсийг хамрах тул байгалийн үлэмж баялагтай. Хангайн нурууны Хятруун, Битүүт, Монгол Алтайн нурууны Багабогд, Мянган ямаат зэрэг далайн түвшнээс дээш 2000-3590 м өндөрт өргөгдсөн сүрлэг уул, нурууд оршдог. Мөн 24 метрийн өндрөөс буух Орхон голын "Улаан цутгалан", далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт Хүйсийн найман нуур болон "Тамчийн ёл хад" зэрэг сонин сайхнаараа гайхагдсан газар тус аймагт олон байдаг.
Арвайхээр, Шагж, Долоодой, Хонгор, Гучингийн тал болон Орхоны хөндий зэрэг тэгш уудам талууд бий. Өвөрхангай аймгийн хойд хэсэг нь Хангайн нурууны өвөрийн уулархаг, өмнөд хэсэг нь тал хөндий бөгөөд Багабогд, Арцбогд уулууд оршдог. Нутгийн төв ба зүүн хойд хэсгээр эртний төрмөлийн эриний элсэн чулуу, занар, баруун урд хэсгээр нь дээд цэрдийн галавын хурдас их тархжээ. Нүүрс (Баянтээг), болон барилгын материалын баялаг бий.
Өвөрхангай аймгийн нутгаар Орхон, Онги, Таац, Ар агуй зэрэг том голууд урсах бөгөөд Улаан цутгалан, Найман нуур, Таацын Цагаан нуур зэрэг нууруудтай. Хужиртын, Могойт, Хятруун, Хүрэмтийн, Таац, Мөстийн, Хүрэн хад, Хорхой түрүү, Тахийн гэхчлэн рашаан ус олон бий.
Геологи, хайгуулын судалгааны материалаас үзэхэд тус аймгийн нутагт сул шороон алтны 4 орд, 10 илрэл, ховор металлын 9, өнгөт болон холимог металлын 4, төмрийн 2, эрдэс будгийн 4, барилгын материалын 12, давсны 1 орд илрээд байна.
Сэтгэгдэл ( 2 )
түүхэн талаасаа ч монголын тулгуур нутагийн нэг
Setgel bahdam saihan hangai