Халдварт өвчний улмаас оюутан, сурагчид цахимаар хичээллээд жил дамналаа. Хэдийгээр үзэх ёстой хичээлийн хөтөлбөрийг алдалгүй явуулж байгаа ч танхимын сургалтыг гүйцэхгүй. Цар тахлын голомттой үед олон хүн нэг дор цуглах нь халдвар тархах эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлэх тул алаг үрсээ хамгаалах нь зүйн хэрэг. Хөл хорионы үеэр халдварын голомтыг хумьж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээлийг танхимаар оруулахаар боллоо. Гуравдугаар сарын 1-ний өдрөөс хичээл эхлэх байсан боловч ийнхүү хойшлуулсан шийвэрийг Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарайхан мэдэгдсэн. Боловсролын салбар нэг алхмаар ухарч хүүхдүүд маань хохирч үлдэх үү, эсвэл улираан суралцуулах арга хэмжээ авах уу гэдэг нь хараахан тодорхойгүй байгаа юм.
СУРАГЧДЫН 20-30 ХУВЬ НЬ ЦАХИМ БОЛОН ТЕЛЕ ХИЧЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ БАЙНА
Оюутан сурагчид цар тахлын энэ үед цахим, теле хичээлээ тогтмол үзэж, гэрийн даалгавраа цаг тухай бүрд нь багшдаа шалгуулж, идэвх чармайлттай суралцах үүрэгтэй.
Тэгвэл цөөнгүй сурагчид цахим сургалтын хичээлдээ бүрэн хамрагдаж чадахгүй нөхцөлд байсаар байгаа нь харамсалтай. Сурагчдын 20-30 хувь нь интернэтэд нэвтрэх боломжгүй, эсвэл хичээл үзэх техник хэрэгсэлгүй болон зарим малчдын хүүхэд, орлогын түвшин доогуур, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүд теле хичээлд бүрэн хамрагдаж чадахгүй байна. Харин оюутнуудын 80 гаруй хувь нь цахим хичээлд ам сайтай байгаа судалгаа бий. Оюутнууд интернет орчинд суралцаад, бие даачихсан болохоор бэрхшээл бага. Теле хичээлийн үр дүн, анхаарах асуудлын талаар хэд хэдэн судалгаа хийхэд сурагчдын дунд сурлагын хоцрогдол үүсэх, тэгш бус байдал бий болох, улмаар сургууль завсардалт үүсэх, дунд, ахлах ангийн сурагчид сурлагаар хоцрох айдас, сэтгэл зүйн ээнэгшилийн айдас, түгшүүр илрэх байдал нэмэгдэж байна дүгнэлт гарсан. Хүн гэдэг нийгмийн дунд орж байж хүмүүжил төлөвшлийг олж, суралцаж хөгжиж байдаг. Гэвч жил дамнан сурлагаар хоцрогдсон хүүхдүүд ирээдүйд боловсрол, хүмүүжлийн доголдолтой нэгэн үеийг төрүүлнэ гэсэн таамаг бий. Бидний үед дөрөвдүгээр ангийг алгасаж орсон хүүхдүүдийг багш нар чичдэг байсан шиг хоёр жилийн боловсролын хоцрогдолтой ирээдүйг хожим хойно нийгэм нь чичих вий. Энэ хор хохирлыг тэд өөрийн амьдралаараа мэдэрч өснө. Дан ганц боловсрол төдийгүй сэтгэл санааны гүн хямралд өртсөн хүүхдүүд мянга мянгаараа бий. Энэ сэтгэлийн гэмтлийг цаг хугацаа л эмнэж чадна. Дөрвөн ханан дунд тэлчилсэн хотын хүүхдүүд сайхан цаг ирэхэд нийгэмд наранд нүдээ гялбуулан харж, эргэн тойрныг шохоорхож гайхсан нүдээр харж, айдастай зүрхээр болгоомжтойхон хөл тавина. Тэр үед хүмүүсийн хандлага ч өмнөх шигээ байхгүй. Учир нь томчууд бид ч энэ цаг үеийн золиос болсон. Бухимдсан, айсан, түгшсэн, цэрвэсэн хүмүүс нэгэн зэрэг хөл тавина. Дэлхий дахинд ийм аймшигт цар тахал дахиж бүү нүүрлэг гэж хүн төрөлхтөн залбиран суугаа. Ирэх сард хичээл эхлүүлэх нь зөв, буруу эсэх дээр иргэдийн байр суурь ямар байгаа талаар болон багш нарын алдаа оноог боловсролын салбар шүүн тунгаана биз ээ хэмээн ийнхүү дор сийрүүлэв.
ЭЦЭГ ЭХЧҮҮД НОГООН БҮСЭД ТАНХИМЫН ХИЧЭЭЛ ЭХЛҮҮЛЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙВ
Улсын хэмжээнд сурагчид, эцэг, эх, багш ажилтнуудаас судалгаа авсан. Эцэг эхчүүдийн дунд ирэх сарын 1-нээс танхимаар хичээл оруулах эсэх дээр судалгаа явуулахад эцэг, эхчүүдийн 20 хувь нь танхимын хичээл сургалтыг эхлүүлэхийг дэмжсэн. Харин цар тахлын халдвар гараагүй бүс нутагт эхлүүлэхийг дэмжсэн 24 хувь, тодорхой хязгаарлалтын дор хичээллүүлэх саналыг 20 хувь нь гаргасан бол 35 хувь нь танхимын сургалтыг эхлүүлэхийг дэмжсэн. Манай улсад хөдөө орон нутаг халдварын голомтоо хумьж чадсан. Тиймээс халдваргүй болсон газруудад танхимын сургалтыг эхлүүлэхийг эцэг, эхчүүд дэмжиж байв. Гэвч Засгийн газрын хуралдааны үеэр орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзаж, отор нүүдэлтэй, мал төллөх ажил ид өрнөж байгаатай холбогдуулж дээрх шаардлагыг дэмжих боломжгүй гэж үзэж байна. Одоогоор өвөлжилт хүндрэлтэй 11 аймгийн 89 сум, эрсдэлтэй 150 гаруй сум байгаа бөгөөд 13.6 мянган өрх отроор өвөлжиж байгаа аж. Өвөлжилт хүндэрсэн бүс нутагт 25 мянга орчим айл өрх өвөлжиж байгаа бөгөөд эдгээрт сургууль, цэцэрлэгийн насны 20 гаруй мянган хүүхэд амьдарч байна.
Танхимаар хичээллэхийг “Зөв” гэсэн хүмүүс “Бидний хүүхдүүд хоёр жил боловсролоос гадна нийгэмшил, хүмүүжил гээд олон зүйлээр хоцрогдлоо. Хүүхдүүд гэрт үнэндээ хэцүүдэж, хохирч байна”, “Сургуулиа оруулвал цэцэрлэгээ ч нээе”, “Теле хичээлийг бид ч ойлгохгүй байгаа юм чинь хүүхдүүд яаж ойлгох юм бэ”, “Оюутны төлбөр төлчихөөд хангалтгүй мэдлэг авч байна”, “Хувийн сургуульд өндөр төлбөр төлсөн. Танхимын сургалтаа эхлүүлмээр байна”, “Хүүхдэд хөнгөн тусаад эдгэдэг тул танхимаар орох нь зөв. Харин боловсрол нь хэцүүдлээ” гэсэн олон талын байр суурьтай байлаа. Харин “Буруу” гэсэн хүмүүс нь “Нэг ангид 50-60 хүүхэд чихэлдээд суухад халдвар тарахгүй гэх баталгаа байхгүй”, “Вакцинд бүрэн хамруулсны дараа танхимаар хичээллүүлье”, “Учир мэдэх оюутнууд болон ахлах ангийг оруулмаар байна. Тэд халдвар хамгааллаа мөрдөж чадна” гэх зэргээр уриалсан байлаа. Нийслэл хотод цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан халдварын голомтыг бүрэн хумьж, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоосон билээ. “Нэг өрх-Нэг шинжилгээ” хөтөлбөрийн хүрээнд одоогоор 37 халдвартай хүнийг олон нийтийн дундаас илрүүлээд байна. Үе шаттайгаар авч буй тус шинжилгээгээр цаашид хэдэн халдварын тохиолдол нэмэгдэхийг таах аргагүй. Тиймээс танхимын сургалтыг эхлүүлэх боломжгүй болж бүх шатны боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг цахим болон теле хэлбэрээр үргэлжлүүлэх нь зөв гэж үзсэн. Засгийн газраас вакцин оруулж ирж нийт хүн амыг хамруулсны дараа танхимын хичээлээ нээхийг чухалчилж байна.
БАГШ НАР ТАНХИМААР СУРАЛЦАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА ГЭСЭН ХАРДЛАГА бий
Тэгвэл дээрх судалгаанд танхимаар хичээллүүлэх саналыг эсэргүүцсэн иргэдийн ихэнх хувь нь багш нар байна гэсэн хардлага иргэдийн дунд төрөөд байгаа билээ. Төсвийн байгууллагын ажилтнууд цахимаар ажиллаж байгаа ч цалингаа бүрэн авч байгаа. Гэрээсээ ажиллангаа цалингаа бүрэн авч байгаа тэдний хувьд толгой өөд татах чөлөөгүй компюьтерын ард сууж байгаа хэсэг нь байхад сурагчдаа “мартсан” хэсэг нь ч бий. Нийгэм тэр аяараа эдийн засгийн хямрал нүүрлэж байхад төрийн алба, төсвийн байгууллагынхан л хамгийн мөнгөлөг, өнгөлөг байгаа нь нууц биш. Ажиллах нь багадаж архидах нь ихсэж байгаа хүмүүсийн жагсаалтыг ч багш нар өнгөлж эхнээсээ хэрэг төвөгт ч өртөөд амжсан.
Сануулахад, саяхан Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нар сурагч охидоо буудалд архидуулж, хүчирхийлэл үйлдсэн жигшүүрт хэрэг багш нарын нэр хүндийг шалаар нэг унагалаа. Төрийн мөнгийг зүгээр хүртээд сууж чадахгүй түмний хүүхдийг бузарлалаа гэж ард олон даяараа жигшин зэвүүцсэн. Энэ нь ч дээрх хардлагын нэг сэжүүр болж байгаа юм. Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж төрсөн үрээсээ илүү түмэн олны хүүхдийн төлөө нойр хоолоо хасан ажилладаг багш нар ч олон. Олон сар цахимаар хичээлээ явуулсан багш нарт техник технлогийн дэвшилтэт ололт амжилт нэмэгдэхийн хэрээр самбарын өмнө заах ур чадвар нь буурч байгаа юм биш биз. Юутай ч вакцины чимээ ойрхон сонсогдож байгаа энэ үед багш нар маань ур чадвар, мэдлэг цараагаа тэлж танхимын сургалтандаа бэлдэж, хэдэн сурагчдтайгаа уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа биз ээ.
Хэдэн сурагчид чинь ангийн нөхдөө, ачит багшаа өдөр бүр үгүйлэн санаж, дүрэмт хувцсаа индүүдэн толийлгож, дэвтэр номоо ч цүнхэлж аваад хоног тоолон хүлээж байгаа шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Үнэхээр зөв бичжээ,нэг хэсэг үеийн ирээдүйгээр тоглож байна даа,ганц,хоёр хүүхэдтэй айлын хүүхдүүд үнэндээ нийгмээс тасарч бна,энэ эсэргүүцээд байгаа хүмүүс багш нар гэдэг нь үнэн байх шүү,энэ төр засагт итгэх итгэл алдарлаа
Шинэ сайд ард түмэнд таалагдах гэж Их дээд сургуулийн тоог цөөлөх арга хэмжээ авна гэж олон залуусын хувь заяаг гаргуунд нь гаргах гэж байхаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөр сургалтын чанарт анхаарна биз ээ. Энэ олон их дээд сургууль нэг талдаа ажилгүй олон залуусыг тодорхой хэмжээнд сурч боловсрох замд хөтлөн завгүй байлгаж байгаа. 195,0 мянган залуус хэрэв сургуульгүй байсан бол ажил олдохгүй тул архи дарс зугаа цэнгэлд өөрийн эрхгүй хөтлөгдөн орохоос өөр зам байхгүй байх шүү.