Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны гишүүн байгууллагууд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн асуудлыг эсэргүүцсээр байгаа юм.
Тэгвэл МҮЭ-ийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ХНХ-ын Сайд А.Ариунзаяа, ТНБД Г.Өнөрбаяр нартай өчигдөр /2021.02.19/ уулзаж ирэх даваа гарагт буюу хоёрдугаар сарын 22-нд Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар хамтарсан албан уулзалт хийхээр тогтсон байна.
Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ …. 2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувь байна” гэж заасан.
Энэ дагуу 2021 онд ажил олгогч болон албан журмын даатгуулагч тэтгэврийн даатгалд тус бүр 9.5 хувиар тооцож шимтгэл төлнө. /Тэтгэврийн даатгалын сангаас бусад санд төлөх хувь 2020 онтой адил/
Иймд 2021 оны 1 дүгээр сараас эхлэн ажил олгогч нийгмийн даатгалын таван төрөлд нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос үйл ажиллагааны чиглэлээсээ хамааран 13.5, 14.5, 15.5 хувиар, албан журмын даатгуулагч 12.5 хувиар төлнө.
ЖИЧ:
Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулийн дагуу Монгол Улсын иргэн даатгуулагч нь 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн, тэтгэврийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх 1.0 хувиас тус тус чөлөөлөгдөж, тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 8.5 хувиар тооцон төлнө.
Харин 2021 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн эдгээр ажил олгогч, даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг дээр дурдсан хувь хэмжээгээр тооцон төлөх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Даатгалаа төлөхгүй бол одоо тэтгэвэр авч байгаа ахмадууд яах билээ.