Р.Лхагвадорж: Хурдан морь бол “Лусын хишиг” юм даа

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 23

-Говь-Алтайн уяачид морио сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулъя гэдэг дээр санал нэгдсэн-

Дэлхийн морины хорхойтнуудын анхаарлыг өөрийн эрхгүй татдаг “Монгол адуун соёл” зуунаас зуунд үеэс үе дамжин ирэхдээ “Хурдан морины сударт” тэмдэглэгдэн үлдсэн нутаг, нутгийн зан заншил, уламжлалт сургаалаа тээн хөгжиж байна. Шандас сайтай хурдан хүлэг морьдоо “Морин эрдэнэ” хэмээн өргөмжилж  адууны тамгаа хадганд ороож дээдэлдэг “хусуур, сойзны андууд” хэмээх тодотголтой Монголын морин спорт уяачдын холбооныхон жил бүр “оны шилдэг-уяач,оны шилдэг залуу уяач,оны шилдэг унаач хүүхэд, оны шилдэг ивээн тэтгэгч, оны шилдэг салбар холбоо, оны шилдэг гал гэсэн үзүүлэлтээр шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ удаа ММСУХ-ны Говь-Алтай аймгийн “Алтайн хүлэг” МСУХ-ны уяачдын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.  Тус аймгийн Есөн булаг сумын “Алтайн түмэн эх” уяачдын холбооны тэргүүн, аймгийн алдарт уяач Рэгжээгийн Лхагвадорж удам дагасан уяач.

 

-Сайхан хаваржиж байна уу, Та. Юуны өмнө хаврын их ажлынхаа хажуугаар бидэнтэй ярилцах цаг гаргасанд талархал илэрхийлье. Хэдий үеэс “хусуур, сойзны андууд”-тайгаа дөрөө харшуулах ирэв?

-Ах нь зургаа, долоон настайгаасаа л морь унаж сурсан. Манайх Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул. Манай аав морь уядаг. Бас хоёр авга ахын маань морьд сайн харайж байсан. Би өөрөө 1974 онд их насны морь унаж түрүүлж байлаа. Тэр үеэс хурдан морь унах гэж их тэмүүлдэг болсон доо. Ер нь миний унаж байсан морьд гайгүй харайдаг байсан шүү. Би нутагтаа 1990 онд ирсэн. Аавынхаа хэдэн адуун дээр ирсэн цагаасаа л овоо хэдэн жил морины дэл, сүүл шууж явна даа. Анхандаа морь оруулж чадахгүй л яваад байсан. 2007 онд миний нэг хуурай дүү Хэнтий аймгийн угшилтай нэг үрээ  бэлэглэсэн юм. Тэр маань соёолондоо аймгийн хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдэж, дараа нь бооцоот уралдаанд их хол түрүүлсэн. Түүнээс хойш их урам орж бараг жил өнжөөгүй дээ.

-Таныг аавынхаа голомтыг өргөж яваа отгон хүү нь гэж сонссон юм байна?

-Тийм ээ, би аавынхаа голомт өргөж яваа айлын бага хүү. Хүүхэд байхаасаа л аавыгаа дагаж настай сайхан уяачдын хууч ярианд чихээ дэлдийлгэж өссөн дөө. Тэр үед сайхан хөгшчүүл ярихдаа “Хурдан морь айл гэрт заяанаа гэдэг чинь “Лусын хишиг”, энэ сайхан орныг онож төрнө гэдэг чинь урьд урьд насны “ерөөл” юм шүү дээ гэцгээдэгсэн. Тиймээс бид энэ сайхан дэлхий нутаг усаа шүтэн биширч явах ёстой л гэж ах нь бодож явдаг хүн. Нээрээ л ингээд хараад байхаар дээр үеийн домогт хурдан хүлэг морьд их олон адуутай, баян цатгалан айлд хурд төрөөд байдаггүй. Цөөн хэдэн адуутай хэрнээ сэтгэлээрээ баян, хүний мөс сайтай айлд их төрдөг байсан юм шиг харагддаг. Тийм ч жишээ бас үлгэр, домог их байдаг шүү дээ.

-Та өвөг дээдсийнхээ буян хишиг, ерөөлөөр энэ сайхан оронд төрж “Лусын хишиг” хүртэн адууны хийморьтой яваа олон сайхан уяачдын нэг болжээ. Энэ сайхан голомтоо өргөж явна гэдэг том хүндлэл болов уу?

-Тийм юм болов уу даа. Энэ гэр бол яг миний аав ээжийн гал голомт. Энэ гэрт дөрвөн хүү, дөрвөн охин төрсөн гэдэг. Би отгон хүү нь, доороо гурван охин дүүтэй. Манай аав “Энэ гал голомт, мал сүргээ отгон хүү минь авч явах ёстой” гэдэг байсан. Энэ гэр маань манай уяаны гэр, яах вэ ажил хийж хөдөлмөрлөж байгаа үедээ том гэр бариад явах боломжтой ч гэсэн  “Аав, ижийнхээ гал голомтоор бахархаж, миний төрж өссөн голомт шүү” гэдгээрээ өрхөө  тэгшхэн сайхан өргөж явъя гэж бодож явдаг. Ижий, аавынхаа голомтыг залгаж яваа минь миний бахархал байлгүй яах вэ. Голомтоо авч үлдээд энэ гэрт миний нэмэрлэсэн зүйл бол гэрийн хоймроо хурдан хүлгийн медалиар дүүргэж байна даа.

-Танд бурхнаас илгээгдэж ирсэн “Лусын хишиг” хурдан хүлэг морьдын тань дэл, сүүл, энэ голомтын тань чагтага, оосор, бүчинд орсон байгаа байх аа?

-Тэгэлгүй яах вэ. Сайхан адуун сүрэг, хурдан морьдоо хайрлан дээдэлж ирсэн эртний сайхан монгол уламжлал байдаг даа. Адуун сүргээсээ ах, дүүдээ бэлэглэх, агтанд өгөх, хурдан хүлэг морьдоо наймаалцах тохиолдол бидэнд байдаг нь үнэн. Тийм үедээ дээдсийн буян хишиг, ерөө­лийг тогтоох гэж дэл, сүүлнээс нь авч үлддэг юм шүү дээ.Тэр бүхэн маань л энэ голомтын минь оосор, бүч, чагтаганд орсон доо.

-Гэрийн  хоймор дүүргэсэн энэ сайхан хүлэг морьдынхоо амжилтаас бидэнтэй хуваалцаж болох болов уу. Медаль бүхний цаана нэг наадмын тухай сайхан дурсамж, хурааж хуримтлуулсан туршлага байдаг даа?

-Миний нэг дүү 2007 онд халтар соёолон бэлэглэсэн. Тэр соёолон маань 2007, 2008, 2009 онуудад их сайхан харайж байлаа. Би ер нь аймгийнхаа цагаан сүлдийг 10 жил тойрсон хүн шүү. Бас халтар азарганы медалиуд бий. Халтар азаргаа Сүхбаатар аймгийн Асгат сумын дүү хүүгээс худалдаж авч байсан. Соёолондоо найм уралдаж дөрвөн түрүү, гурван аман хүзүү авч байлаа. Баянхонгор аймгийн 70 жилийн ойд дүүгийнхээ морин соёолонг уяж тэр маань түрүүлж, миний халтар гуравт орж ирсэн. Одоо сайхан харайж байгаа Эрх хүрэн азарганы медалиуд байна. Уясан цагаас эхлээд сайхан харайсан боловч айргаас хоёр мултарсан. Нэгэнд нь цус орсон гээд хассан, тэрнээс хойш миний Эрх хүрэн азарга түрүүлж яваад хадуурах ч юм уу, нэг жил уяж байгаад азарганд барьж уяаг нь өнжөөх гэх мэт зүйлүүд болсон. Ер нь “Моридыг их сайхан харайж байх үед, эсвэл хүний сайхан хурдан морьдыг түрүүлээд ирэх үед нь наадамчид дайраад л есөн шидийн үйлдэл гаргадаг. Үүнийг цээрлэх хэрэгтэй. Хэрвээ хурдан морио дээдэлж бахархаж байгаа юм бол хайрлах, хүндлэх сэтгэлтэй байх хэрэгтэй. Энэ үйлдэлд уяачид их дургүй байдаг юм шүү гэдгийг дамжуулж өгөөрэй хүү минь. Наадамчид маань зан заншлаа мэддэг байх хэрэгтэй шүү. Нэгнийхээ сайхан хурдан буянд тэгж салхи оруулж сэв суулгамааргүй л байгаа юм даа. Үүнийг бүүр хэлмээр санагдаад байдаг юм. Өвөг дээдсээс “Морин эрдэнэ” хэмээн дээдэлж төрийн сүлдэндээ тахиж шүтэж явдаг “хийморьтой амьтан” шүү дээ. Энэ хурдан буянууд чинь их ухаантай. Сайн, муу ямар ч энергийг мэдэрдэг юм шүү. Ийм шалтгаанаар Эрх хүрэнгийхээ хийморийг сэргээх гэж өнгөрсөн жил төрсөн сумандаа зорьж очиж наадсан, түрүүлсэн. Одоо Эрх хүрэн азарганы минь барцад арилсан болов уу л гэж бодож явна даа.

-Энэ жил ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Та уяач хүний хувьд улсад морьдоо сойх уу. Хаана наадах төлөвлөгөөтөй байна даа?

-Ах нь нутагтаа л наадах байхаа даа. Ер нь уяач хүнд хэн хүнгүй л улсдаа нэг торгон жолоо өргүүлчих, Төрийн есөн хөлт цагаан сүлдээ тойрчих, төрдөө үнсүүлчих юм сан гэх бодол байдаг юм шүү дээ. Гэвч манайхан газар нутаг хол юм. Бас нэг зүйл нь баяр наадмын тухай хуульдаа тодорхой заалт оруулаад, маргаангүй шударга болдог бол газрын холоос бид зориод очно доо. Гол нь баяр наадам гэдэг чинь баярлаж-наадах гэсэн утгатай юм шүү дээ. Морь уясан ч, уяагүй ч бай хурдан морины тоосонд хийморь сэргээдэг эртний заншилтай. Надад тохиолдсон нэг жишээ байдаг.  2017 онд адуу маань ч гайгүй байсан, Дүнжингаравын уралдаанд очиж уралдаж үзсэн. Тэнд очоод  “Хөдөөний бид нар эндээс очоод яг монгол адуугаараа Дүнжингаравд уралдаад амжилт гаргана гэдэг худлаа юм байна” гэдгийг маш сайн ойлгосон. Тэр үеэс л бид “Адуундаа ганц нэг цус оруулахгүй бол болохгүй юм байна” гэдгийг ойлгоод Хэнтий аймаг явж адуу мал авч ирж байсан. Манай аймгийн уяачдын холбоо түүнээс хойш “Унаган адуугаараа улсад” гэсэн  уриалгыг  гаргаад, хэрэгжүүлэхийг хичээж байна. Одоо ер нь улсад уралдах хэмжээний адуутай болсон байх аа гэж боддог.

-Танай аймгийн ямар ч хурдан морины уралдаан маргаангүй сайхан болдог гэж хол, ойрын уяачид ярих юм билээ. Танайхан наадам зохион байгуулахдаа ямар журмаар зохион байгуулдаг бэ?

-Манай аймаг харьцангуй эрлийз нь бага байсан, одоо бий болсон. Сүүлийн үед хаврын бүс гэх мэт ММСУХ-оос зохион байгуулж байгаа бүх уралдаануудыг сум, аймгийн уяачдын холбоодууд зохион байгуулаад л явж байна. Яг үнэндээ нэг үе наадмын хурдан морины комисст малын зах дээр байсан, байгаагүй хүн ороод байсан. Улсын баяр гэхээр л адуу маландаа ойр биш залуучууд комисс болоод ирдэг. Тэд хүний амаар эрлийз гэх мэтээр хасаж байсан. Манай аймгийн Засаг дарга байсан С.Гансэлэмтэй бид ярилцаад, “Төрийн наадамд аймгийн МСУХ-уяачдын холбоог оролцуулж хяналт зохион байгуулалт хийж байя” гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нүдээ олсон. ММСУХ-ны VII их хуралд манай аймгийнхан өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Энд хууль дүрэм боловсруулах санал авч боловсруулан зөндөө ажил болсон. Хамгийн гол нь “Сэрвээний өндрөөр уралдуулъя” гэсэн санал дээр нэгдсэн. Өнгөрсөн жил манай аймаг сэрвээний өндрийг хэмжээд л уралдсан, ямар ч маргаан гаргаагүй сайхан наадсан. Мөн 2017 онд манай аймагт улс, бүсийн чанартай хаврын уралдааныг Есөн булаг”сумын МСУХ зохион байгуулсан. Тэр уралдааныг хол ойроос ирж оролцсон уяачид “их сайхан наадам боллоо” гэж сэтгэгдэл өндөр буцсан. Одоо ч ярилцдаг л юм билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Д.Ганмягмар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gaj don(66.181.168.131) 2021 оны 02 сарын 23

Busad mori ni mori bish uu

0  |  0
Top