АНУ ахин гол тоглогч болох уу

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 23

Эдийн засгийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч долоон гүрний Их долоо /G7/-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт 2021 оны хоёрдугаар сарын 19-нд виртуал хэлбэрээр хоёр цаг орчим үргэлжлээд өндөрлөв. Энэ удаагийн уулзалтыг Их Британи даргалж, түүнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Ангела Меркель, Европын Холбоо /ЕХ/-ны төлөөлөл болох Еврозөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Еврокомиссын дарга Урсула фон дер Ляйен болон Их Британи, Итали, Канад, Япон улсын Ерөнхий сайд Борис Жонсон, Марио Драги, Жастин Трюдо, Ёсихидэ Суга нар  оролцлоо. 

G7 дээд хэмжээний уулзалтын гол сэдвүүдийн нэг нь цар тахлын эсрэг нэгдмэл бодлогыг боловсруулах явдал байсан бөгөөд ингэхдээ “коронавирусний эсрэг эхний хариу үйлдлүүдийг бүдгэрүүлэхэд хүргэсэн үндсэрхэг үзэл болон хуваагдмал бодлогыг эцэслэх болно” гэжээ. Түүнээс гадна, барууны орнуудын эв нэгдэл ялангуяа Хятадтай сөргөлдөх асуудалд ихээхэн чухал гэдгийг батлах зорилтыг энэ удаагийн уулзалт тавьсан аж.

Тэдний хүссэн зүйлс биеллээ олсон эсэхийг хэлэхэд одоогоор хараахан эрт байгаа хэдий ч харин энэ удаагийн арга хэмжээ нэг зорилгод шууд хүрсэн нь - АНУ олон улсын тавцан дээр голлох тоглогчоор эргэн ирсэн явдал байлаа.

 

САЙН САНАА

 

Өнгөрөгч баасан гарагт болсон Их долоогийн уулзалт нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены оролцсон анхны олон талт, олон улсын арга хэмжээ юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Цаг уурын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрт Вашингтон албан ёсоор буцаж нэгдсэний зэрэгцээ энэ удаагийн уулзалтад чухал нөлөөтэй оролцсон явдал нь Трампын засаглалын дөрвөн жилийн психодрамын дараа АНУ дэлхий дахинтай ахин идэвхтэй харилцаж эхэлсний бэлгэдэл болжээ.

Энэ удаагийн чуулга уулзалтын нэгэн голлох сэдэв нь коронавирусний эсрэг вакцины үйлдвэрлэлийг түргэсгэн, дэлхий нийтэд шударгаар хуваарилах явдал байлаа. Одоогийн байдлаар, дэлхийн нийт хүн амын 13 хувийг л эзэлдэг Их долоод багтдаг улс орнууд болон ЕХ коронавирусний эсрэг вакцины нөөцийн бараг тал илүүг нь хэдийн захиалаад амжсан байхад 130 улс орон нэг ч тунг авч чадаагүй байна.

“Даяаршсан цар тахал учраас дэлхий нийтээр бүгд вакцинжуулагдах болно гэдэгт бид баталгаа өгөх ёстой” хэмээн энэ удаагийн даргалагч, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон уулзалтын эхэнд бусдадаа хандан уриалав. 

Саяхан вакцины үйлдвэрлэл тасалдан, хомсдол үүсэх үеэр Борис Жонсон тунгийнхаа зарим хэсгийг ЕХ-ны бусад орнуудад өгөхөөс эрс татгалзаж байсан билээ. Гэвч 67 сая хүн амтай хэдий ч янз бүрийн үйлдвэрлэгчдийн 400 сая гаруй тунг захиалаад амжсан Британийн удирдагч өөрийн иргэдээ бүрэн вакцинжуулаад илүү гарсан хэсгийг нь олон улсын COVAX хөтөлбөрөөр дамжуулан ядуу буурай орнуудад хандивлана гэдгээ өгөөмрөөр амлаж, Их долоогийн бусад удирдагчдад хандан өөрийнх нь жишгээр шийдвэр гаргахыг уриалсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн илтгэл тавихдаа Ковид-19-ийн эсрэг вакцины дэлхий нийтийн түгээлтийн асуудалд анхаарлаа хандууллаа. Тэрбээр  COVAX хөтөлбөрийг дэмжих хүрээнд хоёр тэрбум доллар хандивлахаа амлаад, бусад улс орнууд өөрийн үүрэг хариуцлагаа хэрхэн гүйцэлдүүлэхийг нь харж байгаад хоёр жилийн хугацаанд ахин хоёр тэрбумыг өгнө гэдгээ мэдэгдсэн юм. Харин Герман улсын хувьд, дэлхий нийтийн цар тахалтай хийх тэмцэлд 1,5 тэрбум евро хандивлахаа амласан бол Еврокомиссын дарга Урсула фон дер Ляйен ЕХ-ны нэрийн өмнөөс COVAX-т оруулах хувь нэмрээ хоёр дахин ихэсгэнэ хэмээн мэдэгдэв.

Энэхүү амлалтын “уралдаанд” Францын удирдагч Эммануэль Макрон мөн нэгдэж, өөрийн орны иргэдээ вакцинжуулсны дараа бус харин яг одоо захиалсан тунгийнхаа 5 хувийг буурай орнуудад хандивлана гэдгээ амлалаа. Гэвч бусад орноос харамлахгүйгээр одоо л хуваалцъя гэх Парисын уриалга нь Их долоогийн бусад гишүүдийг давах магадлал багатай аж. 

Өндөр хөгжилтэй орнуудын зүгээс вакцин хуваарилалтын шударга схем байхгүйг далимдуулан Орос, Хятад улсууд хөгжиж буй орнуудад “вакцинаар дамжуулан нөлөөлөх” бодлого явуулж ч болзошгүйг Макрон анхааруулсан юм. Энэхүү сэрэмжлүүлэг АНУ-ын анхаарлыг ч мөн татаад байгаа. Саяхан Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки “Хятад, Орос болон бусад улс орнууд вакциныг дипломат дэвшилд хүргэх хэрэгсэл болгон ашиглахыг оролдох вий” гэдгийг Вашингтон сэтгэл түгшин ажиглаж байна хэмээн өгүүлж байлаа. 

Зуны Олимп гэхэд иргэдийнхээ ихэнхийг вакцинжуулна гэдгээ амлаад буй Япон улс өнгөрөгч долоо хоногт л үйл ажиллагаагаа эхэлсэн нь Их долоогийн орнууд дотроо “сүүл мушгихад” хүрчээ. Харин нэг хүнд ноогдох вакцины тоогоороо дэлхийд тэргүүлэгч Канад улс нь буурай орнуудыг тунгаар хангах зорилготой COVAX хөтөлбөрт зориулан вакцин захиалсан ганц орон болоод байна.

НЭГИЙН ЭСРЭГ НИЙТЭЭР

 

Хятад улс зөвхөн вакцинтай холбоотой асуудлаар ч гол сэдэв байсангүй. Их долоогийн уулзалтын үеэр АНУ-ын зүгээс “Хятадтай холбоотой эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхийн ач холбогдлыг харгалзан үзэхийг санал болгоно” хэмээн Жен Псаки өмнө нь мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Жо Байдены хувьд, холбоотнуудын дэмжлэгтэйгээр БНХАУ-ыг эсэргүүцэх гэсэн Трампын байр суурьтай олон талаар санал нэгдэж, нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрөхөөр шийдсэн бөгөөд тэдгээр гол түншүүдийн нэгнээр Британи тодроод байна.

Хонконг, Huawei-тэй холбоотойгоор Лондон, Бээжингийн хоорондох харилцаа өнгөрөх жилийн турш таарамж муутай өрнөсөн бөгөөд өнгөрөгч долоо хоногт энэ нь бүр ч хурцдахад хүрэв. Их Британийн хэвлэл мэдээллийн зохицуулагч байгууллагууд Хятадын төрийн суваг CGTN-ийн лицензийг цуцалсан бол БНХАУ хариуд нь ВВС-ийн ажилд хориг тавилаа.

Одоогоор Канад улс ч гэсэн  Бээжинтэй нэлээн асуудалтай байгаа. Оттава Huawei компанийн санхүүгийн захирлыг гэрийн хорионд оруулсны дараахан Хятадын үндэсний аюулгүй байдлыг алдагдуулсан хэрэгт буруутгагдан тус улсын шоронд хоригдсон хоёр иргэнээ суллуулахаар эрчимтэй хөөцөлдөж байна. БНХАУ дахь хүний эрх болон Бээжингийн зүгээс бусад улстай /тухайлбал Японтой/ холбоотой хоёр талын асуудлыг тэд шүүмжилж байгаа хэдий ч G7-ийн бүх орнууд Хятадын эсрэг туган дор ямар ч болзолгүйгээр нэгдэхэд хараахан бэлэн бус байгаа аж.

“Хятадыг хазаарлахад чиглэсэн нэгдмэл фронт байгуулах оролдлогууд амжилттай болно гэж би бодохгүй байна. Янз бүрийн орнууд янз бүрийн ашиг сонирхолтой байгаа, тэгээд ч даяаршсан ертөнц дээр олон улс орон Бээжинтэй эдийн засгийн талаар ямар нэгэн хамааралтай оршиж байна” хэмээн Карнеги-Цинхуа бодлогын төвийн Хятад-ЕХ хөтөлбөрийн тэргүүн Ши Жицин “Известия”-д ярилцлага өгөхдөө онцлон дурджээ.

Үүнтэй ижил төстэй өнгөөр G7-ийн уулзалт болон түүний голлох сэдэв болох “Хятадаас ирэх дуудлага”-ыг БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тайлбарласан байна. Жишээ нь, Global Times сонинд гэхэд, Байден дэлхийн олон янзын эдийн засагтай орнууд оролцдог Давосыг бус, олон талт арга хэмжээ бүхий G7-г сонгон илтгэл тавьсан нь өнгөрсөн нэр алдраа сэргээхэд нь төдийлөн тусалж чадахааргүй жижиг “цуурайндаа” найдсаар байгааг илтгэж байна хэмээн тэмдэглэжээ.

“Оросын оролцоогүй, мөн Хятадгүйгээр G7 нь барууны гүрнүүдийн бодлогыг уялдуулан зангидахад ашигтай хэдий ч олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгараад буй дэлхийн томоохон асуудлуудыг шийдвэрлэх боломж хомс юм. Үүний тулд илүү өргөн хэмжээтэй форум зохион байгуулах ёстой” гэж “Валдай” клубын шинжээч, Евро-Атлантын аюулгүй байдлын санаачлагын захирал Роберт Легвольд ярилцлагадаа өгүүлсэн байна. Гэвч АНУ G7 хүрээн дэх идэвхтэй удирдлагад эргэн ирсэн болон барууны ардчилсан орнуудыг улстөр, эдийн засгийн тогтолцооныхоо асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд нэгтгэхийг зорьсон Байдены шийдэмгий байдал нь энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтад шинэ ач холбогдол өглөө гэж тэрбээр онцлон дурдав.

Энэхүү виртуал уулзалт нь ирэх зургаадугаар сарын 11-13-нд Корнуоллын хойгийн Атлантын далайн эрэг дээрх Карбис-Бэй амралтын хотод зохион байгуулахаар Их Британийн амласан уламжлалт “амьд” уулзалтын бэлтгэл ажил болсон аж. Уг уулзалт нь Францын Биаррица-д 2019 оны наймдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болсон өмнөх дээд хэмжээний уулзалтаас хоёр жилийн дараа зохион байгуулагдах гэж байна.

Өнгөрөгч онд цар тахлын улмаас G7 уулзалт болоогүй. 2020 онд даргалж байсан Вашингтоны зүгээс уг арга хэмжээг зургаадугаар сараас хойшлуулан намар болгохоор төлөвлөсөн хэдий ч тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтыг зохион байгуулахгүйгээр шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(61.102.147.37) 2021 оны 02 сарын 28

Ih doloo gejhechee hehe...dordohiin doloo gevel taarna..

0  |  0
уншигч(202.179.21.246) 2021 оны 02 сарын 23

Хятад, Орос оролцоогүй их 7 гэж юу байдагийн. Өрнөдийн алуурчид өөрсдийгөө өргөмжилсөн дүр эсгэлт.

2  |  0
Top