Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд 15 мянган төрийн албан хаагч Улаанбаатар хотод “Эргүүл” хийж, үүрэг гүйцэтгэлээ. Өглөө, оройн ээлжээр 7-8 цаг харуулд зогсож, иргэдтэй учраа ололцон ажиллах амаргүй гэдгийг энэ үйл явдлаас харж болно. Бүх хүн гэртээ амарч байх цагаар эргүүлд гарч, өлсөж, ундаасна, даарна. Адаглаж бие засах газар олдохгүй. Шаардлага тавихад биелүүлэх хүн ховор. Заавал ямар нэг шалтаг, шалтгаан олж эсэргүүцэхийг бодно. Засгийн газраасаа шийдвэр гаргаад, бүх нийтээр хатуу хөл хорио тогтоосон хэдий ч шаардлагагүй байхад гарч орох, цаашлаад айл хэсэж шинэлэхийг хүсэгчид буурахгүй. Ийм л учраас цагдаа нартаа туслах “эргүүл”-ийг Улаанбаатар хотын гэр, байшин хороолол болгонд хүрч ажиллуулахыг зорьсон нь лавтай. Эхэндээ “эргүүл”-үүдийг эргүүл гэдгийн нотлох бичиг баримт, энгийн иргэдээс онцлох хувцас хунар ч олгосонгүй.
Эмэгтэйчүүдийг эргүүлд гаргах нь зохимжгүй гээд аар саар хэл ам ч гараад авлаа. Удаагүй эмэгтэй албан хаагчид эргүүлд гарахгүй, шөнийн 22:00 цагаас хойш эргүүл хийлгэхгүй, эргүүл хийж буй албан хаагчдынхаа эрүүл мэндэд байгууллагаас нь анхаарах хэрэгтэй гэх мэтчилэн эргүүл тойрсон бяцхан шийдвэрүүд гарсаар. Сар шинэ хуучрахтай зэрэгцэн эргүүлүүд байгаа байгаа газартаа учраа олж, улаан тууз, ногоон хантаазтай “Эргүүл” гэх хүмүүсийг иргэд мэддэг боллоо. “Та хаашаа явж байна вэ, маскаа зүү, гэртээ ор” гэсэн энгийн шаардлагыг эргүүлүүд тавина. Ямар ч цаг үед үүргээ нэр төртэй сахин биелүүлдэг цагдаа нарын ажилд бага боловч тусыг хүргэж, хөл хорионы өдрүүдэд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалалцсан олон мянган төрийн албан хаагчдад баярлалаа
Сэтгэгдэл ( 0 )