ОЛОН ӨНГӨ: Эерэг амьдарцгаая

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 25

Хүн өөрийн эерэг үнэлэмжээрээ амьдардаг  гэдгийг та сонсож байсан уу.  Хүнээс авч  буй таатай мэдрэмж, хайр халамж, эерэг үгс зэргээс олж авсан мэдрэмжээсээ амьдралын сайхныг олдог гэдэгт бүү эргэлзээрэй. Эерэг үнэлэмж гэдэг нь өөрийнхөө талаар таатай сэтгэгдэлтэй байх, өөрийгөө сайхнаар мэдрэх мэдрэмж юм. Бид бага байхаасаа эхлээд л бусад хүмүүсээс халамж, хүндлэл, үнэлэлтийг мэдэрдэг. Бусдаас авсан эерэг үнэлэлтүүдээр дамжуулан өөрийгөө эерэгээр үнэлж, өөрийгөө хүндэтгэдэг. Өөрийнхөө талаарх эерэг дүгнэлтүүдэд төвлөрөх тусам сөрөг зүйлсийг өөрөөсөө холдуулж мартаж эхэлдэг. Эерэг зүйлс гэдэг ийм гайхамшигтай. Мэдээж бусдаас эерэг бүхнийг авч байгаа бол бусдад бас эерэг байдлыг түгээх чухал. Тиймээс л бид бусдыг магтах хэрэгтэй, хүүхдийг урамшуулах хэрэгтэй хэмээн зөвлөдөг. Харин урмын үг хэлэхдээ дараах хэдэн зүйлсийг анхаарах хэрэгтэй гэдгийг сэтгэл судлаачид зөвлөж байна. Хамгийн чухал үед нь хэл. Таны хэлж буй үгс үнэ цэнэтэй бас утга учиртай байх ёстой. Тиймээс нөхцөл байдалд тохируулан чин сэтгэлээсээ үнэнийг хэл. Худал үгийг хүний тархи ялган таньж чаддаг учир үнэ цэнэгүй болдог.

Урмын үгээр шүүмжлэхэд суралц. Ялангуяа хүүхдийг шинэ зүйлийг туршиж байхад нь, алдаа гаргасан үед нь урмын үгээр шүүмжил. Өөрөөр хэлбэл загнахдаа хүртэл дахин хийж үзэх сэдлийг бий болго. Чи үүнээс илүү хийж чадах байтал яагаад ийм алдаа гаргаж байгаа юм бэ! гэж хэлэх нь чи хүүхдийг алдчихлаа гэж загнахаас илүү чухал.

Зөвхөн үгээр биш биеийн хэлээрээ ойлгуулах. Хэрэв та нөгөө хүнийхээ нүдрүү харахгүй эсвэл хайхрамжгүй байдлаар зогсож хэлбэл хэчнээн сайхан үг байсан ч үр дүнтэй байж чадахгүй. Харилцааны дийлэнх хэсгийг биеийн хэл эзэлдэг бөгөөд таны хэлж байгаа үгнээс илүү их мэдээллийг зогсолт, дуу хоолойны өнгөөр ойлгуулах нь чухал.

Хүн бүрд урмын үг сонсох, бусдаар хүндлүүлэх, халамжлуулах хэрэгцээ байдаг. Бид бусдад тэдгээр зүйлсийг нь өгч чадвал та ч мөн хариуд нь сайхан мэдрэмж болон сайхан үгийг сонсох болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top