Япон, Солонгос, Энэтхэгт өдөр тутмын сонины захиалга жил дараалан их хэмжээгээр нэмэгдэж байгаа юм билээ. Эдгээр улсуудын болон манай сэтгүүлчдийн байгууллагынхан цахим уулзалт хийхэд энэ тухай яриа болсон гэдэг. Технологийн хөгжил жил ирэх хэрээр танигдахгүй болтол өөрчлөгдөж, цахим орчинд мэдээлэл олж авах, тараах боломжууд нэмэгдсээр байтал сонины захиалга өсөөд байгаа нь их энгийн. Учир нь үнэн зөв мэдээлэл хүн төрөлхтний амьдралын хэв маяг өөрчлөгдөх хэрээр үнэ цэнтэй болж буй хэрэг л дээ. Маш хялбаршуулсан байдлаар тайлбарлахад жишээ нь, хэдэн хоосон лааз бариад явж байгаа хүний зургийг аваад цахим орчинд “Өнөөдөр энэ нөхөр их ууж байна даа” эсвэл “Ард түмний амьдрал лааз түүхдээ туллаа” гээд цацаж орхидог. Гэтэл нөгөө хүн нь цэвэрлэгээ хийж байсан бол яах вэ.
Харин мэргэжлийн редакц бол хэзээ ч өнгөц дүгнэлт нийтэлдэггүй. Заавал учир шалтгааныг нь олж, хэд хэдэн эх сурвалжаар баталгаажуулан баримттайгаар хэвлэдэг. Тэгвэл мэдээллийн хэрэгслийн энэ олон төрөл дундаас яагаад өдөр тутмын сонин нь илүү эрэлттэй байгаа юм бэ гэсэн асуулт гарна. Энэ ч бас энгийн. Учир нь вэб сайт, цахим телевизүүд цаг үеийн мэдээнд илүүтэй тулгуурлаж, мэдээний хурдаар өрсөлдөх хандлагатай болсон. Өдөр тутмын сонин илүү ухаж төнхсөн, тойм хэлбэрээр материалаа бэлтгэдэг болохоор уншигчдад өгөөжтэй байгаа юм. Бас дээр нь сонинд гарсан материалыг устгана гэж байдаггүй. Хэвлэгдсэн бол тэгээд гүйцээ. Гараад өнгөрнө, устгагдана гэж үгүй. Олон жилийн дараа ч баримт болоод байж л байдаг. Энэ хэрээр элдэв хар хүчинд автахгүй хараат бус ажиллах нөхцөл бүрддэг учиртай. Тайланд, Филиппин гээд цэргийнхэн нь хүчтэй болсон орнуудад өдөр тутмын сонинууд л үнэнийг улайтал хэлээд үүргээ гүйцэтгээд байдгийн учир, энэ. Манайд ч өдөр тутмын сонин унших нь улам л ихэсч байна даа.
Сэтгэгдэл ( 0 )