Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт маргаан үүсгэж явсаар Монголын төрийг гацаанд оруулав. 2008 оны сонгуулийн дараахан байгуулагдсан хамтарсан Засгийн газар анхнаасаа л уг нь “Хамгийн чухал зүйл бол сонгуулийн хуулийг эрүүл саруул болтол “эмчилж” засах явдал” хэмээн зарлаж байлаа. Өөр олон юм амлаж, мөрийн хөтөлбөртөө оруулсан л даа. Эдгээрээс улс төрийн амьдралд нэлээд нөлөөтэй нь энэ хууль байв. Түүнээс хойш бүтэн гурван жил гаруй бараг ганцхан энэ хуулийг л ярьсаар ирсэн. Мажоритари, порпорционал, холимог гээд л мэтгэлцээд байсан. Ардын намынхан нь Ардчилсан намтайгаа овоо ам хэл нийлж холимог хувилбарыг сонгоод явж байв. Ингэхдээ Ардчилсан намын санал болгосон 50-ыг нь пропорционал буюу намын нэрээр сонгуулийн санал авах, 26-г нь жижиг можаритари буюу нэр дэвшигчийг сонгох гээд тохиролцоонд хүрч байсан юм. Тэгснээ замын дундаас буцаж эсрэгээр нь 52-ыг мажоритариар, 24-ыг пропорционали хэмээн буруу хараад суучихлаа. Үүнд нь дургүйцсэн Ардчилсан намынхан УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гээд өөдөөс нь бас гүрийчихэв. Ийнхүү төр гацаанд орчихлоо. Хэдий болтол гацахыг бүү мэд. Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Сүүлийн гурван жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт сайн байсан. Бүтээн байгуулалтанд нэлээд зүйл зарцуулсан. Энэ бүтээн байгуулалтыг гишүүд “Би олж ирсэн” гэж тойргийнхоо иргэдэд ойлгуулахыг чармайдаг. Ийм ойлголтыг ч бий болгож чадсан гэж олон гишүүн үзэж байгаа юм билээ. Мөн олон уул уурхайн компанийн төлөөлөл МАН-аас нэр дэвшихээр санал гаргасан гэсэн мэдээлэл бий. Жишээ нь Баянхонгор, Хөвсгөл, Дорнод аймагт гэх мэт. Их мөнгөтэй компаний удирдлагуудад найдлага тавьж байгаа дүр зураг байна. Бид шударга сонгууль явуулахын тулд мөнгөгүй, бага мөнгө зарцуулдаг байя гэсэн. Пропорционалийг сонгож байгаа нь мөнгөнөөс холдуулъя, үзэл бодлын уралдаан байгуулъя гэж үзэж байгаа юм. Уул уурхайн багтаж ядсан их мөнгийг сонгуульд зарцуулъя гэсэн бодлого нөгөө намаас гарч байна гэж манай намын бүлэг үзэж байгаа” гэлээ. МАН-ын бүлгийнхэн болохоор сонгуулийн системд 52 нь мажоритари байвал илүү зохимжтой гэж байна. Сонгуулийн систем нь 100 хувь можариториас порпорциональ руу огцом, шууд орж болохгүй. Хэрвээ ингэвэл эрсдэл дагуулна” гэнэ. Ийнхүү Ардчилсан нам, Ардын нам хоёр зөрөлдсөөр төрийг гацаанд оруулсанд хэн нь буруутай вэ. Хамтарсан Засгийн газартайн хэрэг бүтэхгүй болох уу. Үүнээс улбаалаад Ардчилсан намыхан Засгийн газрын танхим дахь гишүүдээ татаж засгаа унагах уу. УИХ-ын хаврын чуулган завсарлахад 7 хоног л үлдээд байгаа. Ийм байдлаар хоёр тийш харж суусаар бусад олон чухал хуулиа хойш хаях уу. Сонгуулийн тухай хуулийг намрын чуулган болтол хойшлуулах уу. Тэгвэл хэн хожих вэ. Энэ мэт олон асуулт хөвөрсөөр байна. Эдгээрийг хэзээ шийдэх вэ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )