ОЛОН ӨНГӨ: Мартагдсан хүүхдүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

Цар тахлын сургаар хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа зогсоосноор бараг хоёр хичээлийн жилийг цахимаар явуулж байна.

Цахимаар хичээл орж байгаа гэж байгаа ч хичээлээ үнэхээр хийж байгаа, хүүхдүүдэд тэр нь хүрч чадаж байгаа эсэх эргэлзээтэй. Гэтэл албаны хүмүүс нь асар өндөр тоо хэлээд амжилттай яваа гэсэн утгатай мэдээлэл яриад сууж байна.

Хамгийн өрөвдмөөр нь энэ хугацаанд жинхэнэ хөл хорионд хүүхдүүд л орсон. Тэд хөл хорио ч биш бүр хөдөлгөөний хорионд бүрэн шилжсэн. Тийм ч учраас хөдөлгөөний дутагдал, дэлгэцийн хамаарал гээд олон асуудал хүүхдүүдэд маань эхнээсээ үүсээд эхэлчихлээ. Уг нь хүүхэд гэдэг чинь үсэрч харайж, тоглож наадаж байж биеийнх нь хөгжил хурдан явагдаж, булчин шөрмөс нь чангарч байдаг. Дээрээс нь нэмээд дөрвөн хананы дунд бүтэн жил хашигдаад ирэхээр хүүхдүүдийн сэтгэл санаа хямарч, гүн цочролд орж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд бөөнөөр нь хорихыг л илүүд үзэж, корона л тусахгүй байвал бусад нь хамаагүй гэсэн байдлаар хандаж ирснээс биш хэрхэн хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, сэтгэл санаанд анхаарал хандуулах вэ гэсэн зөвлөмж, зөвлөгөө аль ч шугамаар явсангүй. “Кино контент” нэртэй томчууддаа хандсан алиа маазралыг телевизүүд баруун солгойгүй үйлдвэрлэсэн ч хүүхдүүддээ чиглэсэн нэг ч контент хийсэнгүй.

Нэг үгээр бид корона гээд хүүхдүүдээ бүрэн мартсан. Одоо сургууль, цэцэрлэгээ л нээчихвэл бүх зүйл сайхан болчих юм шиг ярьж байгаа ч энэ нь эндүүрэл байвал бид яах вэ. Тиймээс хоцрогдол нөхөх нэрээр хичээлээр шахахаасаа өмнө хүүхдүүддээ хандсан сэтгэл зүйн сургалт, заслыг нэн тэргүүнд хийх хэрэгтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top