Цахимаар шинжилгээний цаг олгоод ч дараалал буурсангүй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

Гуравдугаар сарын 1-ний өдрөөс нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөл­гөөнийг нээсэн. Ийнхүү зорчих иргэд заавал PCR шинжилгээ өгөх ёстой учраас шинжилгээний цэгт нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.


Чингэлтэй дүүрэгт суурин шинжилгээний хоёр цэг ажиллаж байгаагийн нэг нь 50 дугаар сургуульд байрладаг. Өчигдөр өглөө 11:00 цаг өнгөрч байхад 50 дугаар сургуулийн шинжилгээний цэгийн гадна хүн хоорондын зай 1.5-2 метрийн зайтай байх халдвар хамгааллын дэглэм огт мөрдөгдөөгүй уртын урт дараалалд бухимдсан иргэд бөөгнөрөл үүсгэж байлаа. Учир байдлыг тодруулбал, eruul.gerege.mn цахим системээс цаг авсан иргэд цагийн хуваарийн дагуу оруулахыг шаардаж, нөгөө талаас өглөө 09:00 цагаас эхлэн дараалалд зогсож байгаа иргэд цахимаар цаг авсан хүмүүсийг урдуураа оруулахгүй гэдэг шалтгаанаар маргаан үүсгэсэн байна.

Орон нутгаас Баянгол дүүрэгт түр оршин суугаа иргэн Н.Маргадаас урт дараалал яагаад үүссэн талаар тодруулахад “Нэг бол цагаараа оруулна, нэг бол дугаарлуулна гээд зүгээр байсан дараалалд эмх замбараагүй байдал үүсгэчихлээ. Зай барих дэглэм бүр алдагдсан. Ганцхан масканд л найдаж байна даа. Би өглөө 09:00 цагаас ирж дугаарласан боловч одоо 11:00 цаг өнгөрч байхад орж чадаагүй байна. Гэтэл урдуур дайрч цаг авсан хүмүүс орно гээд байх юм. Ямар ч зохион байгуулалт алга. Би орон нутаг руу явахын тулд PCR шинжилгээ өгч байна” гэлээ. Чингэлтэй дүүргийн иргэн Х.Баатараа “Аль гурав хоногийн өмнө цахимаар цаг аваад цагтаа ирсэн боловч орж чадаагүй нэг цаг гаруй шинжилгээний цэгийн гадна зогсож байна. Нэг цаг дугаарлаад зогсож байхад “11:30 минутад цаг авсан гэсэн" эмэгтэйг урдуур оруулчихсан. Эхэндээ дотогш 10 хүн оруулаад эмх цэгцтэй явж байснаа иймэрхүү асуудлаас болоод зарим хүн бухимдаад үүдэнд бөөгнөрч, дайрч орох гээд бөөн юм боллоо. Ингээд миний хувьд цаг авсны хэрэг гарсангүй. Анхнаасаа цаг авахгүй, дугаарлаад орно гэсэн бол өөр шүү дээ. Ядаж байхад өмнө нь Чингэлтэй дүүрэгт шинжилгээ авч бай­сан зарим цэг одоо ажил­лахгүй байгаа юм байна.

Шинжилгээний цэгийн тоогоо багасгасан бололтой” гэж бухимдангуй хэллээ. Тэгвэл шинжилгээ өгөх цагийн зохион байгуулалтаас болж иргэд бухимдаж байгаад цагдаа нар зохион байгуулалт хийж байв. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер Б.Амаржаргал уг зохион байгуулалтад оролцсон юм. Тэрбээр “Яг одоогийн байдлаар хүмүүс хоорондын зайгаа барь гэсэн шаардлагыг биелүүлэхгүй байна. Дараалал дайрч, цагаа авсан бас аваагүй хүмүүс байна. Бүгд л шаардлагатай учраас шинжилгээ өгөх гэж байгааг ойлгоно. Гэхдээ хүн хоорондын зай барихаас эхлээд цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлж, дэг журмаа мөрдмөөр байна. Шинжилгээнд дотогш 10 хүнийг л оруулж байна. Өдөрт нэг удаа нэг цаг шинжилгээний бүх өрөө, тасалгаанд их цэвэрлэгээ, ариутгал хийдэг. Энэ цагийн өмнө л ингээд асуудал үүслээ.

Ариутгал хийхийн өмнө дарааллыг тасалдаг. Үлдсэн хүмүүст цагийн дараа буюу 14:00 цагаас хойш ир гэсэн шаард­лагыг тавьсан. 17:00 цаг хүртэл шинжилгээ авч байгаа” гэж нөхцөл байд­лыг тайлбарлалаа. Шинжилгээний цэгийн гадна дугаарлах иргэдийн хөл ч тасарсангүй. Маргаан удтал намжсангүй. Хамгийн хойгуур байсан хүмүүс ч цагаараа орно гээд урдуур орж, аль овсгоо, зальтай нь хожиж байгаа харагдав. Шинжилгээний цэг рүү орох хаалганы гадна бөөгнөрөл үүсгэсэн иргэдийн хувьд “Нэг бол цахимаар авсан цагаараа үйлчил. Нөгөө бол зөвхөн дараалалд зогсохоор болго. Энэ хоёр арга болдоггүй юм бол хөдөө, орон нутаг руу явах гэж байгаа хүмүүсийг тусад нь автобусаар, явуулын цэгээрээ шинжилгээнд хамруулах гэх мэтчилэн зохион байгуулалтад оруулмаар юм” гээд ам уралдан шинжилгээний цагаа зохицуулахыг шаардаж байв. Иргэд ойр байгаа байршилдаа үнэ төлбөргүй коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаж байгаа нь энэ юм. Одоогоор нийслэлийн есөн дүүрэг бүрт нэгээс гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Чингэлтэй дүүрэгт гэхэд 50 дугаар сургуулиас гадна 39 дүгээр сургуульд корона­вирус илрүүлэх сайн дурын шинжилгээг авч байгаа юм. Дашрамд дурдахад, орон нутаг руу зорчих иргэдийн PCR шинжилгээний хариу нь гарсан өдрөөсөө хойш 72 цагийн дотор хүчинтэй. Гэр бүлийн гишүүдийн нэг нь шинжилгээ өгсөн байхад хот хооронд зорчих боломжтойг Улсын онцгой комиссоос мэдээлсэн билээ.

Ч.Намжилмаа: Өглөө 09:00-12:20 цагт 300 гаруй хүнээс PCR шинжилгээг аваад байна

Шинжилгээний цэг дотроо нөхцөл байдал ямар байгааг сурвалжлах гэж оров. Хоёр эмч сорьцын шинжилгээ авч, хоёр хүн бүртгэл хийж байна. Ингээд үйлчлэгч, ариутгагч, хөтөч, ахлах эмчтэйгээ нийлээд наймуулаа ажиллаж байлаа. Өглөө 09:00 цагаас хойш 12:00 өнгөрч байхад 300 гаруй хүнээс PCR шинжилгээ авчээ. Эмч нар үнэхээр ачаалалтай ажиллаж байгаа нь нүдэнд илхэн. Бүгд л завгүй байлаа. Энэ хооронд багахан сийм­хийгээр нь Сэр­гээн засахын их эмч Ч.Намжилмаагаас ачаалал ямар байгаа болон иргэдийн бухимдлын талаар зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Сүүлийн үед өдөр болгон ийм их ачаалалтай ажиллаж байна. Их цэвэрлэгээ, ариутгал хийх цаг болчихоод байхад ч ажиллалаа. Өндөр настай, жирэмсэн хүмүүсийг аль болох дугааргүй оруулахыг хичээж байгаа. Цаггүй хүмүүс ирээд өглөөнөөс хойш дугаарласан гээд хэлдэг. Тэднийг буцаахад хэцүү. Цаг авсан хүмүүс “Цагаараа оруулахгүй бол яах гэж цаг өгдөг юм бэ” гэсэн асуултыг тавьдаг. Эмч нарын хувьд цагтай, цаггүй хүмүүст аль альд нь л хүрэхийг хичээж үйлчилж байна” гэдгээ хэлэв.

2020 оны арваннэгдүгээр сараас хойш 50 дугаар сургуулийн цэг дээр PCR шинжилгээг тасралтгүй авч байгаа аж. Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээсэн гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш 1800-1200 тусгай дугаарт хандаж лав­лагаа, мэдээ­лэл авах иргэдийн тоо нэмэгд­жээ. Өдөрт 800 орчим дууд­­лага бүрт­гэг­дэж байгаагийн 40 гаруй хувьд нь шин­жилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг захиалах талаар иргэд тодруулсан бол 24.5 хувьд нь хот хооронд зорчих иргэд ямар бичиг баримт бүрдүүлж, хэрхэн зорчих тухай дуудлага бүрт­гэгд­жээ. Өчигдрийн байд­лаар шинжилгээ авах сорьц дууссан, нэг удаагийн бээлий дууссан, шинжилгээний цэгүүд ачааллаа дийлэхгүй байна зэрэг шалтгаанаар PCR өгч чадалгүй гэртээ харьсан иргэд бухимдалтай байлаа. Тиймээс шинжилгээний цэгийн хүрэлцээтэй байдал, ачааллыг зохицуулах, цагийг цахимаар өгөх нь хүчинтэй юу, очиж дугаарлах уу гэх гэдэг асуудлыг илүү тодорхой болгож, иргэдэд ээлтэй зохицуулалт хиймээр байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.16.180) 2021 оны 03 сарын 03

Яах гэж цаг өгдөг юм . Цаг авсныг нь оруул. Дунд цаггүй хүмүүсийг оруулаад өөрсдөө будлиан үүсгээд байх юм аа. Нэг л юм аа бариач ээ. Цаггүй хүмүүсийг авахгүй байвал болоо ш дээ.

0  |  0
зочин(202.70.44.46) 2021 оны 03 сарын 03

Цаг яах гэж авдаг юм бэ? Цаг авсаныг нь л оруул. Гүйцээ

0  |  0
Top