Лондон гүүр гэхээр уншигч таны санаанд юу бууж байна? Темза мөрөнг дамнасан алдарт Лондон гүүр аль эсвэл гүүрийг өргөтгөх дэд бүтцийн төсөл, төлөвлөгөө санаанд тань бууж байж мэдэх юм. Гэвч өнөөдөр бидний өгүүлэх түүх бол дэд бүтцийн төсөл, алдарт гүүрийн аль нь ч биш. Энэ бол Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Хатан хаан II Элизабетийг насан эцэс болоход чухам ямар үйл хэрэг өрнөх, залгамжлагчийг хэрхэн тодруулах, гашуудлын өдрийн үргэлжлэх хугацааг нарийн төлөвлөсөн төлөвлөгөө юм. Англо-Саксоны тулгыг тулж буй энэ улсын угсаа залгамжлах хунтайж, Ерөнхий сайд нарыг оршуулах ёслолыг хэрхэн зохион байгуулах талаар тусгай код бүхий ажиллагааны төлөвлөгөө боловсруулдаг уламжлалтай ажээ. Үүнээс харвал түүний нөхөр Эдинбургийн гүн, хунтайж Филипп өөд болвол “Форт Бриж” ажиллагаа хэрэгжиж, түүний хүү Уэльсийн хунтайж Чарльз насан эцэслэбэл “Менайн гүүр” ажиллагаа хэрэгжинэ. Бэлэг ерөөлөө боддог манайх шиг улсад муу ёс зөгнөсөн хэрэг байж мэдэх ч соёлын ялгамжтай энэ улсад энэ бол жамын өмнө сөхрөхгүй байх нэгэн жор гэж хэлж болох талтай. Олныг эс нуршин “Лондон гүүр” ажиллагааны тухай товч танилцуулъя.
“Лондон гүүр”
Хатан хаан II Элизабет Их Британийн хаан ширээнд сууснаас ердөө арван жилийн дараа түүнийг нас барвал гашуудлын ёслолыг хэрхэн зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулж эхэлжээ. Үүнээс хойш 12 жил тутамд гашуудлын ёслол, оршуулах ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөг шинэчилсээр өнөөтэй золгосон юм. Улмаар 1980 онд хааны ордны зохион байгуулагчид, Лордуудын танхимын гишүүдтэй хамтран уг ажиллагааны нэрийг эцсийн байдлаар “Лондон гүүр ажиллагаа” гэж тогтжээ. Олон нийтэд оршуулах ажиллагаа чухам ямар байх, оршуулах ёслол хэрхэн явагдах талаар нарийн мэдээлэл өгөхийн тулд 2012 онд цахим хуудаст “Pdf” хэлбэрээр дэлгэн тавьсан юм. Тухайн үед Хатан хааны нас дээр гарсан тул цагийн аясаар ард иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой гэж үзэн ийнхүү нийтэд ил болгожээ. Өмнөх туршлагуудыг харвал нас барахаас нь ийм өмнө ингэж мэдээлж байсан нь ховор. Орчин цагт олон эх үүсвэрээр, мэдээлэл хурдтай тархдаг болсон тул ийнхүү олон нийтэд хурдан хугацаанд хүрсэн нь дамжиггүй. Анхны мэдээлэл цацагдсанаас таван жилийн дараа алдарт “The Guardian” сонинд “Лондон гүүр” ажиллагааны тухай дэлгэрэнгүй тайлбар бүхий нийтлэл олны хүртээл болжээ.
“Лондон гүүр нурлаа...”
Хатан хаан II Элизабет хэзээ нэгэнт цагт амьсгал хураалаа гэхэд анхны мэдээлэл “Лондон гүүр нурлаа” гэх нууц үгээр тарах учиртай. “Лондон гүүр нурлаа” гэх нууц үгтэй, богино өгүүлбэрийг Хатан хааны хувийн нарийн бичиг тараах юм. Гэхдээ тараахаас өмнө Хатан хааны амьсгал хураасан онош нь тодорхой болсон байх бөгөөд эмч нарын зөвлөл, Хатан хааны гэр бүлийн зөвшөөрлийн дагуу тараана. Ерөнхий сайдад “Лондон гүүр нурлаа” гэх нууц үг очсон даруйд кабинетийн шуурхай хуралдаан зохион байгуулж төрийн бүх байгууллагуудад эмгэнэлт мэдээг түгээх юм. Улмаар Гадаад харилцаа болон Хамтын нөхөрлөлийн орнуудын ерөнхий газар Лондон хотод нууцаар хуралдан Хамтын нөхөрлөлийн системд харьяалагддаг улс орнуудын төрийн тэргүүдэд хүрэх мэдээг боловсруулна. Төрийн тэргүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад мэдээлэл хүрсний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсны мэдээлэл цацагдана. Хамгийн түрүүнд Британийн Хэвлэлийн зөвлөл, BBC агентлагт албан ёсны мэдээлэл хүргээд, Радиогоор бүх нийтэд зарлан мэдээлэх системээр олон нийтэд зарлана. Ингэж зарлахдаа жирийн үед цацдаг шуурхай мэдээний ая ашиглахгүй бөгөөд “Лондон гүүр нурах” үед ашиглах тусгай бэлдсэн аян дээр эмгэнэлт мэдээг нийтэд хүргэх учиртай ажээ. BBC агентлагийн тухайд ойрын ёс хоногийн хугацаанд төлөвлөсөн хөтөлбөрөө цуцалж, урьдчилан бэлдсэн намтар нэвтрүүлэх, дурсамж хөрөг, цуврал баримтат кино, олон алдартнуудтай холбогдон II Элизабет Хатан хааны үеийн дурсамжийн талаар ярилцсан нэвтрүүлэх цацна. Телевизийн сувгууд мэдээлэл цацахдаа үндсэн эмблемийн өнгийг хар дэвсгэрт шилжүүлэх, телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч, сэтгүүлчид хар өнгийн хувцсаар жигдэрнэ. Голлох, сонин сэтгүүлүүд хар өнгөөр хэвлэгдэн нийтэд хүрнэ.
Мэдээлэл олон нийтэд цацагдаж байх хооронд Британийн язгуур угсааны сонгогдсон зөвлөл яаралтай хуралдан угсаа залгамжлагчийг тодруулахаар хэлэлцэнэ. Түүнчлэн сонгогдсон угсаа залгамжлагчийн нэрийг сонгох, албан ёсоор хэрэглэл сүлдийг сонгохоор хуралдана.
Эцсийн байдлаар угсаа залгамжлагчийг сонгосоны дараа шинэ хатан хаан эсвэл хааныг Британи даяар аялуулах төлөвлөгөөг боловсруулах ажээ. Энэ хооронд Букингемийн ордны харуулын албаны дарга хар өнгийн туузаар чимэглэн, хар дэвсгэр дээр бичсэн эмгэнэлийн үгтэй самбарыг тус ордны гол хаалганы урд байрлуулна. Үүний дараа Букингемийн ордны албан ёсны цахим хуудас дээр ордны урд байрлуулсан эмгэлийг тэр чигт нь байрлуулах ажээ. Хатан хаан таалал болсны дараа парламент ээлжит бусаар хуралдан бүрэн эрхээ хугацаанаас нь өмнө дуусгах, эс дуусгах тухай асуудлыг хэлэлцэх аж.
Нийтийн танхимын хуралдаан дээр Их Британийн Ерөнхий сайд албан ёсоор үг хэлэх ёстой. Их Британийн муж хот, Хамтын нөхөрлөлийн орнуудын төрийн бүх шатны албан байгууллагын далбааг бөхийлгөж, эмгэнэлийн дэвтэр хөтөлнө. Түүнчлэн төрийн бүх шатны алба хаагч эмгэнэлийн хар тууз зүүх учиртай. Хатан хаан таалал болсноос нэг хоногийн дараа Нэгдсэн зөвлөлийн шийдвэрээр Гэгээн Жеймсийн ордонд шинэ хаан эсвэл хатан хааны нэрийг зарлана. Парламент тэр өдрийнхөө орой дахин хуралдаж шинэ угсаа залгамжлагчийн өмнө гишүүний тангарагаа дахин өргөнө. Хатан хааныг хаана амьсгал хураахаас шалтгаалан “алтан шарилыг” хаана байрлуулахаа “Лондон гүүр ажиллагаа”-нд нарийн зааж өгсөн байдаг. Тухайлбал, Уиндсорын шилтгээн, Сендбрингхэм ордонд амьсгал хураавал Букингемийн ордны их танхимд хоёр хоног байрлуулна. Хэрэв Шотландад амьсгал хураавал Эдинбург хотод орших Гэгээн Гилесийн сүмд байрлуулна, хэрэв Их Британийн нутаг дэвсгэрээс гадна харь нутагт амьсгал хураавал Эзэн хааны 32 дугаар нисэх хүчин шарилыг зөөж, Эзэн хааны нисэх хүчний Нортхольтын баазад хүргэнэ. Тэндээсээ тусгай тоноглосон автомашинаар зөөн Букингемийн ордонд авчрах учиртай. Хатан хаан хаана амьсгал хурааснаас шалтгаалан Эзэн хааны төмөр замаар Лондон хотод авчирна. Түүнчлэн хаана ч амьсгал хураасан бай хоёр хоногийн дараа Букингемийн ордны Хаан суудлын өрөөнд дөрөв хонуулж Уенстминстерийн их танхимд мөн дөрөв хонуулах номтой. Алдарт “Биг Бен” хонх оршуулах ёслол болох өдрийн өглөөний 09:00 цагт цохино. Түүнчлэн 11:00 цагт салах ёс гүйцэтгэх танхимыг нээж, хаалга нээсний дараа улс орон даяар нэг минут дуугаа хураана. Галт тэрэг, авто машин дуут дохиогоо дугаргана. Тухайн цагт нийтийн тээврийн хөдөлгөөн нэг минут зогсох ёстой. Ийнхүү албан ёсоор салах ёс гүйцэтгэх ажиллагаа Уестминстерийн Гэгээн Петрийн сүмд зохион байгуулагдана. Улмаар шарилыг Уиндсорын шилтгээний Гэгээн Жоржийн дуганд оршооно. Оршуулах ажиллагаа зохион байгуулах ес дэх өдөр дэлгүүрүүд хаалгаа барьж, банк баярын өдрүүдийн хуваариар ажиллана. Хөрөнгийн биржийн арилжаа явагдахгүй. Хэрэв оршуулах ёслол болж буй өдөр спортын ямар нэгэн арга хэмжээ болохоор төлөвлөгдсөн бол тухайн цэнгэлдэх болон спортын танхимд Хатан хааны зургийг байрлуулж, дурсгалыг нь хүндэтгэсний дараа арга хэмжээг нээнэ. Гашуудлын ес хоногийн хугацаанд телевизээр зугаа цэнгээн, инээдмийн хөтөлбөр, уран сайхны кино, хүүхдийн нэвтрүүлэг гарах ёсгүй. Олныг хамарсан зугаа, цэнгээний ямар ч тоглолт болох учиргүй. Гэхдээ дээрх хугацаанд спортын арга хэмжээ зохион байгуулах, эс зохион байгуулах тухай мэдээлэл нийтэд ил болоогүй байна.
Хамтын нөхөрлөлийн орнуудад тогтсон форматын дагуу салах ёс гүйцэтгэх, гашуудлын ажиллагаа зохион байгуулагдана. Тухайн улсуудын төв телевиз, агентлагууд хар өнгийн тууз зүүж гашуудлын мэдээг дамжуулна. Түүнчлэн Британиас ирсэн урьдчилж бэлдсэн нэвтрүүлгүүдийг дөрөв хоногийн турш явуулах учиртай. Гэхдээ гашуудлын хугацаа улс орон бүрт өөр байхаар зохицуулжээ. Австрали улсад л гэхэд арав хоног, Канад, Шинэ Зеландад ес хоног гашуудал зарлана. Харин бусад улсад гураваас, тав хоногийн гашуудал зарлах аж. Аль ч улсад парламент нь яаралтай горимоор хуралдаж, парламентын танхимд тухайн Ерөнхий сайд үг хэлэх учиртай. Шинэ угсаа залгамжлагч тодорч, хаан ширээндээ суусны дараа дахин хуралдан шинэ хаан, эсвэл хатны өмнө тангараг өргөх хуваарьтай.
* * *
Их Британийн Хатан хаан II Элизабет өөрийнх нь оршуулах ажиллагааны тухай төлөвлөгөө байдаг гэдгийг 1980 он хүртэл ёс төдийхөн сонсож байгаад үүнээс хойш хоёр удаа биечлэн танилцжээ. Хаан угсааны бүх хүний оршуулах ёслолын төлөвлөгөө гарсан байдаг тул гэр бүлийнхээ гишүүдийн төлөвлөгөө биечлэн танилцсан гэж "The Guardian" мэдээлсэн байх юм. Ерөнхий сайдаар сонгогдсон хэн ч хамгийн түрүүнд дээрх төлөвлөгөөтэй биечлэн танилцаж, танхимдаа танилцуулах ёстой байдаг. Хамтын нөхөрлөлийн бусад орнууд ч мөн Засгийн газрын тэргүүн нь төлөвлөгөө, нууц үгтэй танилцдаг. Гэхдээ тухайн улсуудад дээрх мэдээлэл төрийн нууцын ангилалд орно. Хамгийн сүүлд 2020 онд “Лондон гүүр ажиллагаа”-нд засвар оржээ. Цацах нэвтрүүлгүүдийн хугацаа, өгүүлэх түүх, найруулга зэрэг нь бүгд нарийн учиртай, цагийн нарийн дэс дараалалтай, Хамтын нөхөрлөлийн орнуудад ч цацах нэвтрүүлгийг тусдаа бэлддэг байна. Хэдийгээр ардчилсан чиг баримжаатай улсад хэтэрхий нарийн зохицуулалт мэт харагдаж болох ч хаант ёсоо авч үлдсэн энэ улсад аливаа арга хэмжээ бүгд хэдэн зуун жилээс нааш мөрдөж ирсэн дэг журмын дагуу болдог юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Mundag yum aa