Баруун аймгийн уяачид морьдоо сэрвээний өндрөөр нь уралдуулах хүсэлтэй байна

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 07

Баруун хязгаарын Говь-Алтай, Ховд аймаг нь олон алдарт уяачидтай. Баяр наадмаар эрлийз морь уралдуулах уу, цэвэр цусны монгол адуу уралдуулах уу гэдэг дээр уяачид талцаж байгаа энэ үед уяачидтай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм. Тэдний нэг Говь-Алтай аймгийн алдарт уяач Алзахгүйн Дэлгэржаргалтай Төрийн тахилгат Сутай хайрханы өвөр, Хүйсийн говьд отрын бэлчээрт нь зорьж очсон юм.  Түүнийг Алтай нутгийн ахмадууд “Манай Дээгий дарга чинь уг нь төрийн хар хүн юм шүү дээ. Мэдлэг, боловсролтой, удам сайтай, нутаг амьтай, адуунд нүдтэй Алтай нутгийнхаа монгол адууны үржилд ихээхэн анхаарч ажиллаж байгаа залуу шүү” гэж онцолсон. Хорь гаруй жил адууны үржил, селекцэд анхааран тасралтгүй ажиллаж байгаа тэрбээр  Аймгийн баяр наадмын гурван түрүү, хорь шахам Айраг, бүсийн Даншигийн гурван Айраг хүртэж амжилтаараа Монголын Морин Спорт Уяачдын Холбооны “2019 оны улсын шилдэг уяач”-аар шалгарч удамт хүлгийн түүхээ зузаатгаж яваа юм.

Морины сэрвээний өндрийг барьж уралдуулмаар байна

 

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 2019 оны шилдэг уяач, аймгийн алдарт уяач Алзахгүйн Дэлгэржаргал:
 

-Уяач хүний хувьд цаг үеийн тулгамдаад байгаа асуудал гэвэл сүүлийн үед уяачдын төдийгүй, наадамчдын сэтгэлийг гонсойлгоод байгаа баяр наадмын хууль байна. Ирэх зун Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Үүнд уяачид маань нэлээн ач холбогдол өгч морь малаа бэлдэж байна. Гэтэл эрлийз, монгол гэж морьдыг ангилдаг маргаантай асуудал байна. Энэ л хөдөөд ч, аймагт ч тулгамдсан асуудлын нэг нь болсоор байгаа. Харин Говь-Алтайчууд маань өнгөрсөн жил буюу Үндэсний их баяр наадмаа зохион байгуулахдаа сэрвээний өндрийг барьж уралдуулсан. Энэ нь маргаан дагуулахгүй хамгийн зөв шийдвэр болсон. Одоо үндсэндээ монгол адуу, эрлийз адуу хоёрыг ялгах бараг боломжгүй болж байна. Морин тойруулгын адуу гэхэд чинь л үндсэндээ 1950-иад оноос эрлийз болоод явчихсан, эрлийз цус орсон адуунууд одоо ч сайн давхиад л байгаа. Гэтэл тэр адуунуудыг одоо яаж ялгах нь тодорхойгүй байна.

Сүүлийн үед уяачид маань адууныхаа үржил селекцэд их анхаарч цэвэр цусны азарга нэлээд авч ирэх болсон. Тэндээс сайн чанарын монгол адуу гарч ирсэн. Үүнийг дагаад эрлийз, монголын ойлголтын зөрүүнүүд гарч ирээд улсын наадамд дан монгол адуугаар уралдана гэсэн яриа ч гарсан. Ялангуяа улс, бүсийн наадамд цэвэр монгол адуугаар уралддаг хүн байхгүй болжээ. Тиймээс цэвэр монгол адууг ялгана гэдэг боломжгүй болоод байгаа юм л даа. Ийм нөхцөлд сэрвээний өндрийг барихаас өөр гарц байхгүй гэж үзэж байгаа. Дуламсүрэн, Даваахүү тод Тод манлай нар ярилцлага өгсөн байсныг харсан. Тэд “Дан монголоороо уралдана” гэж ярьж байна. Тэд эрлийз адуугаараа уралдаж уралдчихаад өөрсдөөс нь бид суралцаад, залуу уяачид үлгэр, дуурайл аваад адууны цусаа сайжруулаад ирэнгүүт буцаад монголоороо уралдана гээд байдаг. Даваахүү гуай эрлийз адуугаар улсын наадмаас Айраг, түрүү олон удаа авсан. Тод манлай Дуламсүрэн гуай ч гэсэн Нагааранзын зээрд буюу Батсамбуугийн зээрд эрлийз морио улсад түрүүлүүлж л байсан. “Их хурд”-д Магнай халтар гэж эрлийз азарга  түрүүлүүлж л байсан. Өөрсдөө тэгж Айраг, түрүү авч байсан байж одоо Монголын уяачдыг хоёр талд нь хуваагаад талцуулаад байж болохгүй ээ. Яг монголоороо ялгаж чадаад  монголоороо уралдана гэвэл татгалзах зүйл алга. Нийт уяачдын дийлэнх нь адууныхаа хурдны чанарт анхаарч үржил селекц хийж эхэлсний дараа ингэж яриад байгаа нь цаг үеэ олоогүй л асуудал тул Баяр наадмын тухай хуулиндаа яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж бид хүсэж байна. Миний оруулах санал бол сэрвээний өндрийг барих  л байна.

Хүүхэд, морь хоёр мэнд сайхан наадах л уяач бидний баяр цэнгэл байдаг

Говь-Алтай аймгийн “Алтайн хүлэг” МСУХолбооны дэд тэргүүн, аймгийн алдарт уяач Дүгэрцэрэнгийн Цогбаяр:

-Уяачид бид сум, аймаг, улсын баяр наадамд гүн хүндэтгэлтэй оролцдог. Аль ч газрын наадам маргаангүй сайхан л болвол тэр жилийн наадам жилээс жилд ам дамжин яригдаж ёстой л түүх болж үлддэг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд наадам хэрүүл, шуугиан, маргаан дагуулсаар байгаа. Хэдийгээр бид хөдөө нутгийн уяачид ч гэсэн бидэнд Монгол төрийн наадамдаа оролцох юмсан гэсэн чин хүсэл байна шүү дээ. Наадамд уясан морь бүхэн заавал түрүүлж айрагдахдаа гол нь биш аль ч газрын наадам будилаангүй сайхан уралдаад хүүхэд, морь хоёр мэнд сайхан наадах л уяач бидний баяр цэнгэл байдаг. Манай уяачид дор бүрнээ л Төрт ёсныхоо баярт хүндэтгэлтэй хандаад сумандаа ч бай, аймагтаа ч бай оролцъё л гэж бодож байгаа. Уяач бид наадамд баяр баясгалантай оролцдог байсан бол одоо хасуулчих вий л гэсэн айдастай байдаг болсон.

ММСУХ-ны VII их хуралд аймаг, аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид, уяачид оролцож сэрвээний өндрийг хэмжиж уралдах  дээр санал нэгдсэн. Манай аймаг энэ шийдвэрийн дагуу Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанаа зохион байгуулсан. Маргаан гараагүй, ямар ч хэрүүл гарахгүй л байна. Стандарт хэмжээгээ маш сайн үндэслэлтэй тогтоогоод, тоглоомынхоо дүрмийг нэг болгомоор байна. Баруун хязгаар ч бай, зүүн хязгаар ч бай хаана ч очоод уралдсан нэг л дүрэмтэй баймаар байна. Хуулиндаа заалтаа л оруулчихвал хаана ч л хуулиа л дагана шүү дээ. Ямар холбооны хүмүүс ярих нь хамаагүй. Хуулиа л гаргачихвал бид хуулиа л барих нь тодорхой шүү дээ.

Хэний морь түрүүлэх нь чухал уу, монгол адууны соёлын алсын бодлого чухал уу

Говь-Алтай аймгийн “Алтайн хүлэг” МСУХ-ны тэргүүлэгч гишүүн, аймгийн алдарт уяач Чүлтэмийн Балбаатар:

-Би бага залуугаасаа л моринд хорхойсож явсан. Сургууль, соёлын мөр хөөж яваад 2004 оноос хойш морь уяж байна. Ихэвчлэн аймгийн болон улсын чанартай бүсийн наадмууд морьдоо сойгдлоо. Энэ хүмүүсийн яриад маргаан дэгдээгээд байгаа сэдэв уяач бидэнд үнэхээр тулгамдсан асуудал болоод байна. Уяачид бид 25хувь, 50 хувийн цус орсон адуугаар уралдах юм уу, цэвэр монгол адуугаараа уралдах юм уу гэдгийг шийдвэрлэхгүй бол маш хүнд байна. Үүнийг шийвэрлэхгүй бол уяачид маань бохир улс төржсөн юм шиг шийдэлд хүрчих гээд байна. Энэ асуудлыг яаралтай нэг талдаа багтаах хэрэгтэй. ММСУХ-ны VII их хурлаас сэрвээний өндрийг барьж уралдах санал дэмжигдсэн. Энэ санал хууль болж батлагдаагүй учраас наадмуудаар гол маргаан дагуулж байгаа асуудал болжээ. Хөдөөний хөх уяачид бид улсын наадамд очиж уралдаж чадахгүй болох нь. Сүүлийн жилүүдийн улсын наадамд уралдаж байгаа морьдыг харж байхад дандаа гаднын цус орсон адуунууд уралдаж байна. Бид хөдөөнөөс цэвэр монгол адуутай Улаанбаатар хотод очиж улсын наадамд уралдаад амжилт гаргана гэдэг боломжгүй зүйл.

Хөдөөний бид чинь адуундаа хольц оруулалгүй хоцорчихлоо гээд хаячихаагүй зарим нэг уяачид маань ганц нэг эрлийз адуутай болж тэрийгээ нутагшуулж орон нутагтаа дасгаж эрлийз цусны адуутай болоод  байгаа. Түүнтэйгээ улс, бүсийн наадамд мордох гэхээр одоо уралдуулахгүй гээд байх юм.  Манай баруун хязгаарт цэвэр цусны азарга авч эрлийзжүүлэх ажилд хожуу ч гэсэн хийгдсэн. Тэгэхээр бодлого боловсруулагчид маань хурдан шийдвэрээ л гаргах хэрэгтэй байна. Гэхдээ манай нутгийхан эрлийз адуунд дурлаад байдаггүй. Ялангуяа тачир өвс, ургамалтай баруун аймгуудын нутагт энэ нь хүндрэлтэй. Би улсын наадамд морь уралдуулж байгаагүй. Баруун бүсийн наадам Говь-Алтай, Ховд аймагтаа дөрвөн удаа наадамд оролцсон. Улсын, бүсийн наадамд  морь маань айрагдаж, аймгийн наадмуудад морьд маань түрүүлж байлаа. Ихэнх адуугаа эрлийзжүүлнэ гэдэг боломжгүй. Манай аймаг гаднаас ирсэн морьдыг ялгахгүй, бүгдийг нэг гараанаас гаргаж, эрлийз, монголоор нь ялгаад хэл амгүй уралдуудчихдаг сайхан холбоо байсан.  Сүүлийн үед сошиал суваг, телевизүүдээр явагдаад байгаа уяачдын тал, талд талцуулсан асуудлыг хараад нэг зүйлд итгэхгүй заримдаа эргэлзээ ч төрж байгаагаа нуух арга алга. Монголын уяачдын тулгамдсан асуудлыг харж чадаж байна уу, монгол адууны соёлын алс холыг харж чадаж байна уу, зөвхөн 100 жилд хэний морь түрүүлэв гэсэн амжилтын араас хөөцөлдөөд байна уу гэсэн эмзэглэл уяачдын дунд маш их байна.  

Яг адилхан морь уралдахад боломжтой хүнийх нь морь явдаг, боломжгүй хүнийх нь морь хасагддаг  ийм л нугалаа гарчихаад байна

Ховд аймгийн “Алтайн  Унага” Морин Спорт Уяачдын Холбооны нарийн бичгийн дарга, аймгийн алдарт уяач Доржийн Батхуяг:

-Уяачид урьдын адил хөх өвсөөрөө уяхгүй, бараг бүгд л жилийн дөрвөн улиралд морьдоо тэжээгээд тэжээл, усанд нь анхаараад завгүй л бэлтгэдэг. Тэгж тэгж арай гэж наадамд очоод уралддаг, хасагддаг. Яг адилхан морь уралдахад боломжтой хүнийх нь морь явдаг, боломжгүй хүнийх нь морь хасагддаг  ийм л нугалаа гарчихаад байна. Иймээс ММСУХ-ны VII их хурал нийт уяачдын дунд тулгамдсан энэ асуудал дээр хэлэлцүүлэг хийж олонх төлөөлөгчид сэрвээний өндрийг хэмжиж уралдах гэдэг дээр санал нэгдсэн. Одоогийн байдлаар хамгийн  боломжит хувилбар нь энэ. Бүх адуун сүргээ паспортжуулаад хэддүгээр үеийн цустайг, ямар гарал үүсэлтэйг тогтоох боломжгүй байгаа энэ цаг үед сэрвээгээ бариад л уралдуулах саналыг УИХ-д оруулж баяр наадмын тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлтийг оруулах нэн шаардлагатай байна. Бид хуулиа л дээдэлж хуулийн хүрээнд л баяр наадмаа зохион байгуулна шүү дээ. Харин технологийн дэвшил гаргах зайлшгүй хэрэгцээтэй.

Баруун хязгаарын Алтай нутагт цэвэр цусны эрлийзжүүлсэн адуу тун ховор

Говь-Алтай аймгийн “Алтайн хүлэг”  МСУХ-ны тэргүүлэгч гишүүн, аймгийн алдарт уяач Номинчимэдийн Батболд:

-Би Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын гаралтай. Бид ах, дүү, бүлүүд, найз нөхдөөрөө нэгдэн нийлж нэг гал болдог. Манай галыхан сум, аймаг, бүс, улсын наадмуудын хурдан морины уралдааны нас, наснаас түрүү, айраг олон авсан алдартай хурдан хүлэг морьд, авьяастай алдарт уяач олонтой. Энд ААУ Балбаатар зэрэг хүмүүс байна. Миний төрсөн дүү Батбаяр олон наадмын түрүү авч байсан. Удамт хурдан бор азарганы унаганууд болон нас, насны хурдан хүлгүүдээ наадмаас наадамд уяа, сойлгыг нь тааруулан жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллаж байна. Мөн бид адуун сүргийнхээ үржил, селекцэд анхаарч зүүн аймгаас хурдан удмын  азарга авч ирсэн. 

Манай аймгийн МСУХ-ны тэргүүлэгч гишүүд бүгд л баяр, наадмын “Хурдан морины комисс”-т орж ажилладаг. Одоо төр засаг, бодлого боловсруулагчид баяр, наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай хийж сэрвээний өндөр, эрлийз монголоор нь ялгаж уралдуулахын аль нэг талд нь багтааж шийдвэр гаргахгүй бол хурдан морины уралдаан маргаан дагуулдаг болоод байна. Баруун хязгаарын Алтай нутагт цэвэр цусны эрлийзжүүлсэн адуу тун ховор. Тэгээд ч наадмаар эрлийз, монгол адууг ялгаж уралдуулна гэдэг маш хэцүү. Бид сэрвээний өндөр хэмжиж уралдах  гэдэг дээр санал нэгтэй байна.

Д.Ганмягмар

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 07

Хамгийн зөв гарц нь улсын том наадам хийдгээ больчих хэрэгтэй. Бөх, морь, сур аль аль нь хэрэггүй. Бөөн зардал. Төвлөрсөн газар наадамдахыг хорьж хөдөөд хот айлаараа бөхөө барилдаж морио уралдуулж сураа харваж сайхан наадах хэрэгтэй. Сум, аймаг хот, улсын наадмыг энэ 2021 оноос бүрмөсөн болиулах хэрэгтэй.

0  |  0
Top