Төрийн өмчийн зургаан их сургууль хөтөлбөрийн давхардалгүй болно

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 04

Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичгийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталгаажуулсан юм. Төрийн өмчийн зургаан их сургууль ийнхүү хамтарч ажилласнаар хөтөлбөрийн давхардал арилах юм. Өөрөөр хэлбэл, эдгээр сургуулиуд адил мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөхгүй болж байна. Цаашид нэг нэгнээ нөхөх зарчим үйлчилж, кредитийг хүлээн зөвшөөрөх, дундын номын сантай болох, лаборатори хамтарч ашиглах зэрэг 40 орчим чиглэлээр хамтарч ажиллана.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд судалгааны их сургууль болох суурийг бэхжүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд асан, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын дэмжлэгтэйгээр Жорж Мэйсоний их сургууль, ШУТИС-тай хамтарч ажиллахаар боллоо. Хөтөлбөрийн хүрээнд Монголд хоёр жил, АНУ-д хоёр жил суралцана. АНУ-д суралцагчид өмнө нь дунджаар 30 мянган ам.долларын төлбөр төлдөг байсан бол энэ хөтөлбөрт хамрагдснаар сургалтын төлбөр нь 5000 ам.доллар болох юм. Ойрын үед Канзасын их сургуультай дээрх нөхцөлөөр гэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top