Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёрдугаар сарын 27-нд Улаанбаатар хотоос очсон хоёр иргэний шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусний халдвар авсан нь батлагдсан. Тиймээс Завхан аймаг руу орох гарах хөдөлгөөнийг энэ сарын 15 хүртэл хориглоод байгаа юм. Бид Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалтай холбогдож тодруулга авлаа.
-Аймгийн хэмжээнд нөхцөл байдал одоо ямар байгаа вэ?
-Урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн төв рүү орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 15 хүртэл хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг есны өдөр хүртэл цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлээд байна. Шилүүстэй суманд хатуу хөл хорио тогтоосон байгаа. Улаанбаатар хотоос ХӨСҮТ-ийн эмч нар ирж яваа. Сая бидэнтэй холбогдож Баянхонгор аймагт явна гэсэн. Хүмүүсийн маань биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг байхгүй.
-Халдвар хаанаас авсныг нь урьдчилсан байдлаар тогтоосон уу?
-Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт амьдардаг нэг иргэнээс коронавирус илэрсэн юм билээ. Харин Шилүүстэй сумын харьяат тухайн хоёр иргэн маань тэр айлд очсон. Тэгээд дам хавьтал болсон учраас сая энд ирээд хариу нь эерэг гарсан.
-Завханы Их-Уул, Тосонцэнгэл зэрэг хэвтээ тэнхлэгийн зам дайрч өнгөрдөг сумуудаар бусад аймгийн машинуудыг хэрхэн нэвтрүүлж байгаа вэ?
-Дайрч өнгөрч байгаа бусад аймгийн тээврийн хэрэгслүүдийг төв суурин газар зогсоохооргүй шууд явуулж байгаа. Өнөөдрөөс/өчигдөр/ энэ сарын 15 хүртэл Улаанбаатараас зөвхөн зөвшөөрөгдсөн таван салбарын машинуудыг л аймаг руугаа нэвтрүүлж байна. Харин гуравдугаар сарын 15-аас хойш Шилүүстэйн хүмүүсийн маань биеийн байдал гайгүй болоод, мэргэжлийн байгууллагууд боломжтой гэж үзвэл хөл хориог хэвийн болгохоор аймгийн Онцгой комисс дээрээ ярьсан.
-Энэ жилийн хувьд Завхан нутаг өвөлжилт хэр байсан бэ?
-Өвөлжилтийн байдал гайгүй сайхан байлаа. Отгон, Шилүүстэй сумдад жаахан хүндэрсэн, бусад нь сайхан өвөл болоод одоо маш сайхан хавар болж байна.
-Хаваржилт хүндэрч болзошгүй газрууд бий юу?
-Хаваржилт гайгүй ээ. Энэ хоёр суманд л жаахан хэцүү байх төлөвтэй. Гэхдээ малчид маань намраас эхлээд бэлтгэлийг сайн хангасан, өвс тэжээлээ хангалттай бэлдсэн, зарим малаа төллүүлэхгүй байх зэрэг олон арга хэмжээ авсан учраас гайгүй байгаа. Аймгийн зүгээс аймгийн нөөц, улсын нөөцөд байсан өвс, тэжээлээ малчиддаа тараагаад өгсөн. Их хурлын гишүүддээ хүсэлт тавиад тэжээл нэмж тараах ажлыг бас хийсэн. Малын хорогдолын хувьд өнгөрсөн жилийнхээ бодвол харьцангуй гайгүй байгаа.
-Аймгийн хэмжээнд хэчнээн төл хүлээн авахаар байгаа вэ?
-Яг нарийн судалгаа нь гараагүй байна. Ирэх долоо хоног гэхэд бүх судалгаанууд нэгтгэгдээд эцсийн байдлаар тоонууд гарна.
-Завхан аймгийн төв маань хоёр том голын дунд байдаг. Тиймээс шар усны үерийн асуудал гарах эрсдэлтэй. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Аймгийн Засаг даргын захирамжаар яг энэ шар усны үер болоод төв суурин газрыг үер, усны аюулаас хамгаалах чиглэлээр комисс байгуулагдаад ажилдаа орсон. Таны хэлдэгээр манай аймаг хоёр голын дунд байдаг, цэвэр усныхаа нөөц дээр ихэнх хүмүүс нь амьдарч байдаг онцлогтой газар. Тиймээс үерийн далан байгуулах, шар усны болзошгүй үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Ажлын хэсэг гаргаад, холбогдох байгууллагууд маань ажиллаж байна. Гэхдээ энэ жилийн хувьд харьцангуй цас бага орсон учраас энэ талын аюул гайгүй байсан. Харин ойрд хоёр ч удаа цас орчихсон учраас цаашдаа сэрэмжлүүлэхгүй бол болохгүй.
-Загастайн давааны зам засварын ажил олон жил явж байгаа. Энэ ажил юу болж байгаа вэ?
-Үндсэндээ Загастайн давааны оройн хэсэг буюу хориодхон километр зам үлдсэн. Барилгын ажлаа эхлүүлэхээр гүйцэтгэгч компаниуд нь хүмүүсээ ирүүлэх зөвшөөрөл хүссэн хүсэлтээ өгсөн. Бидний зүгээс тусгаарлалтын дэглэм, онцгой байдлынхаа зөвлөмжийг дагаад ирж болно гэсэн зөвшөөрлийг өгчихсөн байгаа.
-Тухайн замыг хэзээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа вэ?
-Зарим газар нь тооцоолоогүй ажлууд гарч ирсэн юм билээ. Үүнийг нь төсөв, дахин тендер зарлах зэрэг ажлууд Зам тээврийн хөгжлийн яаман дээр хийгдэж байгаа. Энэ асуудлууд нь шийдэгдчих юм бол ажлаа эхлүүлээд болж өгвөл Ардын хувьсгалын 100 жилийн ойгоос өмнө ашиглалтад оруулах зорилго тавиад компанийнхантайгаа ярьж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
ЯМАР Ч АСУУЛТАНД ТОДОРХОЙ ХАРИУЛТ ӨГСӨНГҮЙ, АЖЛАА МЭДДЭГГҮЙ ЛАРГА БНА
ойлголоо.