Зургаан аймаг НИЙСЛЭЛЭЭС иргэдийг хүлээж авахгүй байхаар шийджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

Улсын онцгой комиссын 2021.03.08-ны өдрийн хурлаар Нийслэл болон аймгийн Онцгой комисс эрсдлийн үнэлгээ хийж, зорчих хөдөлгөөндөө өөрсдөө зохицуулалт хийхээр болсон.

Үүн дагуу халдварын тохиолдол Улаанбаатар хотод эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн Онцгой комисс нийслэлээс иргэдийг авахгүй байх шийдвэрийг өөрсдийнхөө эрх хэмжээний хүрээнд гаргаж, Улаанбаатараас тус аймгууд руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаад байна.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын тухай Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.1-д Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн зарчмаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулна гэж заасан байдаг.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу бүх шатны Засаг дарга нь нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх /ГХТХ-ийн 32.1.1/ эрхтэй.

Тиймээс дээрх аймгуудын Засаг дарга, Онцгой комисс нь коронавируст халдварын цар тахлын үед Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу өөрийн аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох шийдвэр гаргах боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ayush(202.9.46.7) 2021 оны 03 сарын 11

dornogowi ubs hvmvvs suuwurluhuu bolimoor yuma hamgiin wersdeltei baij yagad hvmvvs awad bnwe

0  |  0
Top