Сүүлийн үед “Ариг банкийг дээрэмдсэн, булаасан, хууль бусаар авсан” гэх үндэслэлгүй, илт худал мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байгаатай холбогдуулан Ариг банкны хувьцаа эзэмшигч “Улаанбаатар импэкс” ХХК-ийн зүгээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Дээрх худал мэдээллийг “Улаанбаатар импэкс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Баярсайханы 20 тэрбум төгрөгийг 2016 онд залилан мэхэлж, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцаан төлөөгүй байгаа, уг үйлдэлдээ ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газарт ЗАЛИЛАХ, МӨНГӨ УГААХ гэмт хэрэгт шалгагдаж, Хан-Уул Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхээс 2020 оны 8-р сарын 06-ны өдөр 7 жилийн хорих ял шийтгүүлсэн, Ариг банкны удирдлагын эрх хэмжээг өөрөө болон өөрийн хамаатан садантай хамтран хэрэгжүүлж байхдаа олон мянган хадгаламж эзэмшигчдийн 11.6 тэрбум төгрөгийг өөрөө болон хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан зээл хэлбэрээр авч банкийг хохироож, эрсдэлд оруулсан, уг үйлдэлдээ ЦЕГ-ын ЭЦА-ны ЭЗГХТГ-т шалгагдаж байгаа “Дэм Санхүүгийн Нэгдэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Бадарчийн Эрдэнэбат болон түүний хамаарал бүхий этгээдүүд өөрсдийн үйлдсэн гэмт хэргүүдийг хаацайлах, банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгийг буцаан төлөхгүй байх, дээрх гэмт хэргүүдийг хянаж байгаа Улсын Дээд Шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа Ариг банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах санаа зорилготойгоор тарааж байна гэж хардаж байна.
Нэг. Б.Эрдэнэбатын үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийн талаар:
2016 оны 11-р сард Б.Эрдэнэбат нь Ариг банкны хувьцаа эзэмшигч Улаанбаатар импэкс ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайханы 20,000,000,000 төгрөгийг залилан мэхлэн авч, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг буцаан төлөөгүй байгаа.
Дээрх гэмт хэргийг ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газарт ЗАЛИЛАХ, МӨНГӨ УГААХ гэмт хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж, Хан-Уул Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхээс 2020 оны 8-р сарын 06-ны өдөр ЗАЛИЛАХ, МӨНГӨ угаах гэмт хэргээр ял шийтгэсэн. Улмаар хохирогчийн 20 тэрбум төгрөгийг Б.Эрдэнэбат нь Ариг банкин дахь хувийн дансаараа авч, 1000 гаруй гүйлгээгээр ихэнх хэсгийг өөрийн эхнэр, хүүхдэдээ шилжүүлж, өр төлбөрөө дарж, барилга барьж хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлсэн болохыг шүүхээс тогтоосон. Тухайлбал шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчоос 20 тэрбум төгрөгийг залилан мэхэлж авахдаа өөрийгөө “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ын дарга гэдэг боловч Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Газраас гаргуулан авсан лавлагаа, бичиг баримтуудаар “Эрэл” ХХК-нд огт хамааралгүй, нэг ч хувьцаа эзэмшдэггүй, ямар ч албан тушаал эрхэлдэггүй болох нь тогтоогдсон. Мөн шийтгэх тогтоолоор хохирогчийг хувьцаа эзэмшүүлнэ гэж хууран мэхэлж дээрх их хэмжээний мөнгийг нь авсан Байшин Үйлдвэрлэх Комбинат-1 нь бие даасан хуулийн этгээд биш, Эрэл ХХК-ийн барилгын материалын цех болох нь тогтоогдож, анхнаасаа хувьцаа эзэмших ямар ч боломжгүй байсан учир бодит байдлыг нуун дарагдуулсан гэж үзсэн. Түүгээр ч үл барам дээрх “БҮК-1”-ийн газар, газар доорхи инженерийн шугам сүлжээ, бүх техник, тоног төхөөрөмж, ирээдүйд олох бүх орлого нь Хөгжлийн банкны барьцаанд байсан бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж хохирогчийн 20 тэрбум төгрөгийг залилан мэхэлсэн болох нь тогтоогдсон тул шүүхээс түүнийг ЗАЛИЛАХ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 20 тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байдаг.
Хоёр. Ариг банкны болон хадгаламж эзэмшигчдийн 11.6 тэрбум төгрөгийг өөртөө болон хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан зээл хэлбэрээр өөрсдөдөө авч, банкийг эрсдэлд оруулсан талаар
Ариг банк ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Дэм Санхүүгийн Нэгдэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат болон түүнтэй харилцан хамаарал бүхий хүмүүс болох Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Жаргалсайхан /Б.Эрдэнэбатын худ ураг/, Гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү /Б.Эрдэнэбатын эхнэрийн дүү/, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Сэргэлэн /Б.Эрдэнэбатын эхнэр/, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Э.Жаргалан /Б.Эрдэнэбатын хүү/, гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Наранбаатар нар банкны удирдлагыг хэрэгжүүлж байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс өөрсдийн бизнесийг дэмжих зорилгоор банкны зээлийн шийдвэрт шууд нөлөөлж өөрсдөдөө Ариг банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгөнөөс 11,600,000,000 /арван нэгэн тэрбум зургаан зуун сая/ төгрөгийг авч Ариг банкны төлбөрийн чадварыг алдагдуулсан гэмт хэргийг Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газарт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа. Дээрх хадгаламж эзэмшигчдийн 11.6 тэрбум төгрөгийг Б.Эрдэнэбат болон түүний хамаарал бүхий этгээдүүд Ариг банкийг удирдаж байх хугацаандаа өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгө болон газруудыг өөрсдийн найз нөхөд, хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бэлэглэлийн болон бусад гэрээгээр шилжүүлж, уг шилжүүлсэн хөрөнгөнүүдээ зах зээлийн ханшнаас хэт өндрөөр үнэлүүлж, барьцаа болгож дээрх мөнгийг зээл хэлбэрээр хувьдаа авч, банк болон хадгаламж эзэмшигчдийг хохироосон болох нь шалгалтын ажиллагаагаар тогтоогдоод байгаа. Мөн Б.Эрдэнэбатын хамаарал бүхий этгээд болох Ариг банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Төмөрхүү нь 2018 оны 06 сарын 14-ны өдөр банкны хадгаламж эзэмшигч нарын мөнгөнөөс 748.0 сая төгрөгийг урамшуулал хэлбэрээр авсан байдаг. Уг мөнгийг Д.Төмөрхүүд олгох үндэслэлгүй, хууль бус шийдвэрийг Б.Эрдэнэбатын хамаарал бүхий этгээдүүд Ариг банкны удирдлагын эрхийг хэрэгжүүлж байсан хамаатнууд гаргасан байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл төлөгдөөгүйгээр барахгүй Д.Төмөрхүү нь АНУ руу зугтаасан байдаг.
Б.Эрдэнэбат болон түүний хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүд Ариг банк ХХК-ийн удирдлагыг хэрэгжүүлж байх хугацаанд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 сарын 01-ний өдрийн А-267 тоот, 2019 оны 06 сарын 03-ны өдрийн А-146 тоот тушаалуудаар Ариг банкинд хийгдсэн шалгалтын тайлангуудаар банкны хууль тогтоомж зөрчиж, хадгаламж эзэмшигчдийг хохироосон маш олон зөрчлүүд илэрсэн. Тухайлбал Ариг банкны активын чанар болон зээлийн бодлого нь бүрэн шаардлага хангахааргүй, активын чанарын үзүүлэлт нь буурсан, банкинд учирч байгаа аливаа эрсдэлийн түвшин өндөр, удирдлагын зүгээс аливаа эрсдэлийг тодорхойлох, хэмжих хянах үйл явц нь хангалтгүй, банкны ашигт ажиллагаа нь хангалтгүй, банкны үйл ажиллагааг хангах хэмжээний ашигт ажиллагааны түвшинтэй байж чадахааргүй, банкны ашиг болон цэвэр хүүгийн зөрүү нь тогтворгүй хэлбэлзэлтэй, өөрийн хөрөнгийн үзүүлэлт нь сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд байгаа, өөрийн хөрөнгө нь банкны зах зээлийн эрсдэлийн түвшинг удирдахад хангалтгүй, алдагдалтай ажиллаж эхэлсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг томилоогүй, банкны удирдлагын зохистой засаглал алдагдсан, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлагын тогтолцоо доголдсон. Монголбанкны ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А-58 дугаар тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөг байхаар тогтоосны дагуу Ариг банкны дүрмийн санг 2017 онд багтаан 50 тэрбум төгрөг болгох үүрэг өгсөн боловч Ариг банкны хувьцаа эзэмшдэг “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК нь банкны дүрмийн санг 50 тэрбум болгоход шаардагдах 9,080,456,771 төгрөгийг гаргаж хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх үүргээ огт биелүүлээгүй.
“Ариг банк” ХХК-ийн удирдлагын эрхийг хэрэгжүүлж байсан Б.Эрдэнэбат болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн явуулж байсан үйл ажиллагаанаас шалтгаалан банкны зохистой засаглал алдагдаж 2019 оны 06 сарын байдлаар 2.6 тэрбумын алдагдалтай ажиллаж олон мянган хадгаламж эзэмшигч, харилцагч зээлдэгчийн байдал хүндэрч Монгол улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх үр дагавар үүссэн тул аргагүйн эрхэнд Монголбанк Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 25, 251 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дах заалт, Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 06 сарын 03-ны А-147 тоот тушаалаар Ариг банкинд Хянагч томилогдсон. Монголбанкнаас Хянагч томилогдсоноор Ариг банкны удирдлагын эрхийг хэрэгжүүлж байсан Б.Эрдэнэбат болон түүний харилцан хамаарал бүхий хүмүүсийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, харилцагч, хадгаламж эзэмшигч, зээлдэгч, хөрөнгө оруулагч нарын мөнгөн хөрөнгийг хамгаалахаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэж үзэж байна.
Гурав. “Ариг банк” ХХК-ийн 42.32 хувийн хувьцаа эзэмшигч “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбатын олон нийтэд Банкаа дээрэмдүүллээ гэсэн мэдээллийн талаар:
Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар импэкс” ХХК-ын зүгээс нийт 53,726,595,223 /тавин гурван тэрбум долоон зуун хорин зургаан сая таван зуун ерэн таван мянга хоёр зуун хорин гурав/-н төгрөгийг “Ариг банк”-нд хөрөнгө оруулалтаар хийсэн боловч 33,726,595,223.1 төгрөгийн хөрөнгө оруулалт нь баталгаажиж Бадарчийн Эрдэнэбатад 20,000,000,000 төгрөгөө залилуулж хохирсоор байна.
Иймд Ариг банкийг дээрэмдсэн гэх мэдээлэл нь огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна.
Монголбанкнаас Ариг банк ХХК-нд Монголбанкны Хянагч томилж үе шаттай арга хэмжээ авсан ч Ариг банк ХХК-ийн үйл ажиллагаа дээрдэхгүй байсан тул Банкны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2 дах хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 01 сарын 24-ны өдрийн А-17, 2020 оны 01 сарын 24-ны өдрийн А-21 дугаар тушаалуудаар Ариг банк ХХК-нд “Нөхцөлт удирдлагын арга хэмжээ” авсан.
Ариг банкны Бүрэн эрхт төлөөлөгчөөс Ариг банк ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд тус банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 50 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дах заалт, Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.14, 48.1.16 дах заалтуудад зааснаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 08 сарын 18-ны өдрийн А-335 тоот тушаалаар “Ариг банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан.
“Ариг банк” ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 05 тоот тогтоол, “Ариг банк” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 02 тоот тогтоолуудаар “Ариг банк” ХХК-ийн дүрмийн санг 50 тэрбум төгрөг болгохын тулд “Ариг банк” ХХК-ийн зарласан хувьцааны тоонд багтаан нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 709 ширхэг энгийн хувьцаа гаргасан. Тус хувьцааг “Ариг банк” ХХК-ийн дүрэмд заасны дагуу “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-д 429 ширхэг буюу 9,080,456,771.1 төгрөгөөр, “Улаанбаатар импэкс” ХХК-нд 280 ширхэг буюу 5,926,638,452 төгрөгөөр тэргүүн ээлжинд худалдан авах санал болгож худалдан авах, хэсэгчлэн хэрэгжүүлэх эсэх санал, хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийн түр дансанд шилжүүлсэн баримтын хамт бичгээр 2020 оны 11 сарын 20-ны өдрийн дотор “Ариг банк” ХХК-нд ирүүлэхийг мэдэгдсэн.
Тус мэдэгдлийн дагуу “Улаанбаатар импэкс” ХХК 2020 оны 11 сарын 17-ны өдөр Ариг банкин дахь Бүрэн эрхт төлөөлөгч Б.Оргилсайханд өөрт ногдох 5,926,648,452 төгрөгөөр худалдан авах боломжтой Монголбанкны тусгай 3503021 тоот дансанд байршуулж хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр байршуулах гэрээг байгуулах хүсэлтэйгээ уламжилсан.
Харин мэдэгдсэн хугацаанд “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-с санал ирүүлээгүй байсан бөгөөд Төв банкнаас удаа дараа Ариг банкны хувьцаа эзэмшигч Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК-д Ариг банкинд эзэмшиж байгаа хувьцаанд ногдох 9,080,456,771.1 төгрөгийг Монгол банкны тусгай дансанд байршуулахыг мэдэгдсэн боловч дээрх мөнгийг тогтоосон хугацаанд байршуулаагүй, байршуулахаас татгалзсан. Өнөөдрийг хүртэл дээрх мөнгийг байршуулаагүй, байршуулах тухай нэг ч удаа Төв банкинд мэдэгдээгүй. Иймд арга буюу Төв банкнаас “Ариг банк” ХХК дахь Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020 оны 11 сарын 23-ны өдрийн Б-742 тоот албан мэдэгдлээр “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-нд нэмж гаргаж байгаа энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсанд тооцсон болохыг мэдэгдсэн байна.
“Улаанбаатар импэкс” ХХК-нд “Ариг банк” ХХК дахь Монгол банкны Бүрэн эрхт төлөөлөгчөөс 2020 оны 11 сарын 24-ны өдрийн Б-743 тоот албан мэдэгдлээр “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК нэмж гаргаж байгаа энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсанд тооцож “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн татгалзсан 429 ширхэг хувьцааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн худалдан авах эсэх талаарх саналаа 2020 оны 12 сарын 02-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн. Тус мэдэгдсэн хугацаанд “Улаанбаатар импэкс” ХХК Ариг банкны хэвийн үйл ажиллагааг хангах, зохистой засаглал бий болгох, төлбөрийн чадваргүй болох нөхцөл байдлаас, 40 мянга гаруй харилцагч, зээлдэгч, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх үүднээс 2020 оны 11 сарын 30-ны өдөр 9,080,456,771.10 төгрөгийг Монголбанкны тусгай дансанд байршуулсан. Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар импэкс” ХХК Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд нийт 2016 оноос хойш нийт 33,726,595,223.1 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 57.68%-ийн хувьцааг эзэмшиж, “Дэм Санхүүгийн Нэгдэл” ХХК нь 16,290,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 42.32%-ийн хувьцааг эзэмшиж байна.
Иймд 2016 онд хохирогч Ш.Баярсайханы 20 тэрбум төгрөгийг залилж, уг гэмт хэргүүддээ шүүхээр ЗАЛИЛАХ, МӨНГӨ угаах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, Ариг банкны хадгаламж эзэмшигчдийн 11.6 тэрбум төгрөгийг хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан зээл хэлбэрээр хувьдаа авсан, банкны 748 сая төгрөгийг өөрийн хамаарал бүхий Ариг банкны захирлаар ажиллаж байсан Д.Төмөрхүү гэгчид хууль бусаар олгож банк болон хадгаламж эзэмшигчдийг хохироосон этгээдүүдийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийн үйлдсэн гэмт хэргийг хаацайлах, шүүхэд нөлөөлөх зорилгоор тарааж байгаа Ариг банктай холбоотой мэдээллүүд нь худал мэдээлэл болохыг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
УЛААНБААТАР ИМПЭКС ХХК
2021 оны 03 дугаар сарын 15 өдөр