Малчид таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжтой боллоо

2021 оны 03 сарын 16

УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, уг хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. 

Тус хуулийн үйлчлэлд Халамжийн болон нийгмийн даатгалын сангаас өндөр насны, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй, 1995-2019 онд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа шимтгэл төлөөгүй, 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч Монгол Улсын иргэн хамаарах юм.

 

Малчдын сард нөхөн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгийн 10 хувь буюу 42.000 төгрөг байхаар тогтоосон байна. Шимтгэлээ нөхөн төлөхийн тулд албан татвар төлсөн мэдээллээ заавал татвар дээр очиж лавлах шаардлагагүй, шууд нийгмийн даатгалын хэлтэст хандаж хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах 12 төрлийн татвар төлөлтийн мэдээллийн сангаас шүүлгэх боломжтой болжээ.

Түүнчлэн мал маллаж байсан гэдгийг нотлох үндсэн баримт нь Үндэсний статистикийн хорооноос бүртгэсэн ‘’Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого’’-ын бүртгэл буюу малын ‘’А’’ данс юм. Малын ‘’А’’ дансны лавлагаа нь архиваас олдохгүй, бичиг баримт нь байхгүй малчид сумынхаа “иргэний малчнаар ажилласан хугацааг тодорхойлох” орон тооны бус зөвлөлд хандах шаардлагатай.

Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр малчдын тухайд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой буюу 5 жилийн өмнө өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй болох юм. Тодруулбал, 55 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй; 50 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top