Аж ахуйн нэгжүүд нийт 43.7 мянган тонн тэжээл импортолжээ

2021 оны 03 сарын 16

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 83 аж ахуй нэгжтэй 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд 133.0 мянган тонн малын тэжээл импортлох “Бодлогын гэрээ” байгуулаад байна.

Тухайлбал, хивэг 23.7 мянган тонн, хорголжин 23.5 мянган тонн, овьёос 15.6 мянган тонн, эрдэнэ шиш 5.5 мянган тонн, арвай 2.0 мянган тонн, шар буурцгийн шахдас 5.5 мянган тонн, тэжээлийн улаанбуудай 36.6 мянган тонн, премемикс 0.8 мянган тонн, бусад төрлийн тэжээл 19.9 мянган тонн импортлохоор төлөвлөсөн.

2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 63 аж ахуйн нэгж нийт 43.7 мянган тонн бүх төрлийн тэжээл импортлоод байна. Энэ нь төлөвлөсөн тэжээлийн 32.9 хувийг эзлэх үзүүлэлт юм.

Яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгжүүд дунджаар нэг тонн хивгийг 640 000 төгрөг буюу 25 кг шуудайтайг 16 000 төгрөгөөр, нэг тонн хорголжин тэжээлийг 660 000 төгрөг буюу 40 кг  шуудайтайг  26 400 төгрөгөөр, нэг тонн овьёосыг 743 750 төгрөг буюу 40 кг шуудайтайг 29 750 төгрөгөөр худалдаалж байна.

Тэжээлийн дундаж үнэ, төгрөгөөр

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийсэн үнийн судалгаагаар 25 кг савлагаатай хивгийн дундаж үнэ 19 465 төгрөг байсан бол тэжээл импортолсноос хойш буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 17 965 төгрөг болсон нь өмнөхөөс 8 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Харин 03 дугаар сарын 11-ний байдлаар 16 000 төгрөг  буюу  01 дүгээр сарын үнээс 10.9 хувиар буурсан байна.

Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтуудаар тэжээлийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу импортлох үйл ажиллагаа эхэлж байна. Тус боомтоор 3000 тонн тэжээл импортлохоор 6 аж ахуйн нэгж яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан. Ингэснээр баруун аймгуудын тэжээлийн үнэ буурч, хангамж нэмэгдэх боломж бүрдсэн. Өнөөгийн байдлаар Бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн тэжээл импортлох, борлуулах үйл ажиллагаа хэвийн, үнэ буурч, нийлүүлэлт тогтвортой байна. Тэжээл импортолж буй аж ахуйн нэгжүүдэд тэжээлийн нөөц хуримтлагдсан байдалтай байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top