Монголчууд “Хаврын тэнгэр хартай” гэж ярьдаг. Энэ үгийн үнэнийг баталж, тэнгэр, газар нийлсэн их шуурга боллоо.
Энэ сарын 13-15-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Монголын баруун аймгууд цахилгаангүй болж, төвийн аймгуудад цасаар шуурч, говийн аймгуудад нүд харанхуйлан шуурч, зүүн аймгуудад хүчтэй салхи тавилаа. Улаанбаатар хотод өглөө нь шороогоор шуурч, үдээс хойш цасан шамарга хаялж, нийслэлийн хойд хэсгээр цахилгаан тасарсан. Түүнтэй зэрэгцэн, говийн нутгаар шуурга намдахгүй байгаагаас олон хүн сураггүй алга болсон тухай мэдээлэл гарч олон хүн “Эсэн мэнд олдоосой” гэж түгшиж, залбирч хонолоо. Гэсэн хэдий ч өчигдөр өглөөний 10:00 цагт ОБЕГ-аас шуурганы улмаас 12 аймгийн 51 суманд шуурганд 586 иргэн төөрч, есөн том хүн, нэг хүүхэд нас барсан гэсэн харамсалтай мэдээг дуулгасан. Мөн ОХУ-аас баруун бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг 458-р агаарын шугамын 216 дугаар тулгуур багана унасан тул Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан. Тиймээс Дөргөний цахилгаан станцаас түр холболт хийгээд дээрх гурван аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангасан байна. Унасан тулгуур баганыг босгохоор “Баруун бүсийн цахилгаан сүлжээ” төрийн өмчит компанийн инженер, техникийн ажилтнууд ажиллаж байгаа аж. Зүүн бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг 207-р шугамд гэмтэл гарснаас Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймагт түр зуур цахилгаан тасарсан бөгөөд гэмтлийг даруй арилгаж, хэвийн байдалд оруулсан байна.
Хаа сайгүй нурсан хашаа, хороо, хүнээ хайсан, малаа алдсан хүмүүс. Зундаа ганд дарлуулж, хэдэн малынхаа аяыг харж, нүүдэл суудал хийсэн говь, талын малчид энэ шуурганд хамгийн их нэрвэгдсэн зураг харагдаж байна. Шуурганд төөрсөн хүмүүсийн дийлэнх нь малчид. Уг нь ийм байдалд хүргэхгүйн тулд, учрах эрсдлийг багасгахын тулд мэргэжлийн байгууллагууд багагүй ажилласан билээ. Энэ тухай анхааруулгыг мэргэжлийн байгууллагаас цаг алдалгүй өгч байсан ч хэдэн малаа дагаж явсан малчид маань амь, хөрөнгөөрөө хохирч үлдлээ. Энэ гамшигт томоогүй нялх хүүхдүүд өртсөн нь хамгийн эмгэнэлтэй. Малчин монголчуудын хувьд хавар мал төллөх үед хүүхдээ бодохтой манатай л байдаг, энэ үнэн. Шуурганд уруудах малынхаа араас дагаад унтаж байсан хүүхдээ орхиод гардаг. Харин учир мэдэхгүй балчмрууд эцэг эхийнхээ араас гарч төөрсөн, эндсэн тохиолдол урьд нь ч гарч байсан, энэ удаа ч давтагдлаа.
Холбогдох байгууллагууд энэ гамшигт үзэгдэл тун удахгүй, гуравдугаар сарын 17, 18-ны үеэр давтагдаж болзошгүйг анхааруулж байна. Хэчнээн хүйтэрсэн ч, шуурсан ч хавар болдогоороо л болно. Монголын хавар ийм л байдаг. Харин бид хэдий болтол хариуцлагагүй, хэнэггүйн шуурганд дарлуулж, хохирч амьдрах вэ.
Дугаар шилжих мөчид 11 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байлаа. Шуурганы улмаас учирсан хохирлын тоог хараахан эцэслэж тогтоогоогүй л байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Эрсэдсэн хүмүүсийн тоо цөөхөн байна овоо ш дээ.
малаа хаших хашаа байдаггүй юм уу өөрсдөө бас хариуцлагагүй л байна даа