АНУ-ын оролдлогод Умард Солонгос хариу өгөхгүй байна

2021 оны 03 сарын 17

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден өнгөрсөн нэгдүгээр сард тангаргаа өргөн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш гадаад бодлогодоо шинэ салхи оруулахад  анхаарсан билээ. Тэрээр хоёрдугаар сараас эхлэн хэд хэдэн сувгаар Умард Солонгостой холбоо тогтоож, яриа хэлэлцээ эхлүүлэх оролдлого хийсэн талаар СNN агентлаг албаны эх сурвалжид тулгуурлан мэдээллээ.

Эх сурвалжийн хэлснээр АНУ-ын тал сөргөлдөөн үүсэх эрсдлийг бууруулахаар өнгөрсөн хоёрдугаар сарын дунд үеэс эхлэн Хойд Солонгосын засаг захиргаатай харилцах арга эрэлхийлж янз бүрийн сувгаар холбогдсон юм. “Гэвч өнөөдрийн байдлаар бид БНАСАУ-ын талаас ямар ч хариу сонсоогүй байна” хэмээжээ. АНУ бүр өмнөх Төрийн тэргүүн Дональд Трампын үеэс жил гаруйн хугацаанд идэвхтэй яриа, хэлэлцээ хийхээр олон тооны оролдлого хийсэн боловч амжилт олоогүй ажээ.

Умард Солонгосын тал хөрш орнууддаа төдийгүй олон улсын хүрээнд аюул занал учруулж болзошгүй үйлдлийг удаа дараа хийж ирсэн бөгөөд өсөн нэмэгдэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, мөн АНУ, БНАСАУ-ын хооронд шинэ түвшний харилцаа хөгжүүлэх зорилгоор хоёр талын засаг, захиргааны хооронд харилцан яриа өрнүүлэх боломжтой хувилбаруудыг эрэлхийлсээр байгаа ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден энэ зорилгоор Хойд Солонгостой өмнө нь яриа хэлэлцээ өрнүүлж байсан туршлага бүхий албаны хүмүүс, тэдний дотор экс Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны бүрэлдэхүүнд энэ чиглэлээр ажиллаж асан хуучин ажилтнуудын харилцаа холбоог ашиглахаас гадна Япон, БНСУ-ын холбооотнуудтайгаа ч холбогдож буй аж.  Албаны эх сурвалжийн мэдээлснээр сонирхол нэгтэй талууд болон АНУ-ын энэ оролдлого ойрын долоо хоногуудад амжилт олох магадлалтай гэжээ.

Жозеф Байдены засаг захиргааныхан өнөөг хүртэл Хойд Солонгосын талтай харилцаа тогтоохоор чармайж буйгаа олон нийтэд хүргэхээс болгоомжилж байсан юм. Учир нь хуучин Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын лидер Ким Чен Унтай бүр нүүр тулж биечлэн уулзаж, яриа хэлэлцээ хийж, харилцаагаа сайжруулж байсан боловч түүнээс нааштай үр дүн гарч байгаагүй учир нэлээд хашир болгоомжтой хандаж байгаа ажээ.

Түүнд ийнхүү хаширлах шалтгаан бий. Экс Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 онд Цагаан ордонд хийсэн нэгэн мэдэгдэлдээ “Ким Чен Унаас маш сайн агуулгатай захидал хүлээн авсан. Энэ захидалд тэрээр өөрийгөө АНУ-ын Төрийн тэргүүнтэй сайн харилцаатай хэмээн тэмдэглэсэн” гэж хэлсэн удаатай. Гэвч тухайн үед нь Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Сон Гвон үүнийг “Ташаа мэдээлэл” хэмээн нэрлэж, “АНУ-ын Ерөнхийлөгч бүр өмнө нь явуулж байсан илгээлтийг андуурч байж мэдэх юм. Энэ удаа удирдагч Ким Чен Ун АНУ-ын талд ямар ч захидал илгээгээгүй” хэмээн зарлаж байв. Энэ мэт яриа Умард Солонгосын талаас дахин гарах вий гэдгээс Ерөнхийлөгч Жозеф Байден болгоомжилж буй бололтой.

Өнгөрсөн 2020 оны намар АНУ-ын Ерөнхийлөгчийн урьдчилсан сонгуулийн үеэр Жо Байден Умард Солонгосын лидер Ким Чен Уныг “Толгой авагч” хэмээн нэрлэж, түүнтэй Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хүчин чадлыг бууруулахаар тохиролцсон цагт л уулзана гэж байсан юм. Гэвч Жо Байден өдгөө энэ бодлоо өөрчилж, эхний ээлжинд шинээр яриа хэлэлцээ өрнүүлэх нь чухал гэсэн байр суурийг баримтлах болжээ.

Хоёр талын сүүлийн жилүүдийн харилцааны түүхийг сөхөж үзвэл бүр 2018 оны зургаадугаар сард хоёр талын удирдагч нар Сингапурт анх удаа нүүр тулан уулзах үеэр “Хэрэв Вашингтоны зүгээс аюул занал учруулахгүй бол Солонгосын хойгийн аюулгүй байдалд ямар нэг эрсдэл учруулахгүй” гэсэн амлалтыг Ким Чен Ун өгсөн юм. АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь уулзалт Ханой хотод 2019 оны хоёрдугаар сарын 27-28-нд болсон. Тэр үеэр Дональд Трамп, Ким Чен Ун нар хэд хэдэн удаа ганцаарчлан уулзсан боловч тодорхой тохиролцоонд хүрч, хамтарсан баримт бичгт гарын үсэг зурж чадаагүй билээ.

2019 оны зургаадугаар сарын 30-нд Дональд Трамп, Ким Чен Ун нарын гурав дахь удааагийн нүүр тулсан уулзалт БНСУ, БНАСАУ-ын хилийн дундын цэрэггүй бүсэд болсон юм. Түүнээс ч мөн төдийлөн нааштай үр дүн гараагүй. Өнгөрсөн 2020 оны аравдугаар сарын 5-нд АНУ, Умард Солонгосын төлөөлөгчид Шведэд уулзсан түүх бий. Гэвч ажил төрлийн түвшинд хийсэн зөвлөгөө үр дүнгүй өндөрлөсөн юм. “Харин одоо ямар нэг үр дүнтэй харилцааг шинэчлэн тогтоож чадна гэж Ерөнхийлөгч Жо Байден үзэж буй бололтой”хэмээн гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тоймложээ.­­

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top