Ерөнхийлөгч Х.Баттулгыг "ХОНГИЛЫН ШҮҮГЧ" нарт ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ шаардлаа 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр /2021.03.22/ шударга бус шүүгчдийн шийдвэрээс болж хохирсон иргэдийн төлөөлөл шаардлага хүргүүллээ.

Тэд Төрийн ордны гадна хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, үзэл бодлоо илэрхийлсэн юм. 

Ерөнхийлөгчид хандсан иргэд "Бид шүүгч нарын ёс зүйгүй үйлдэл, бичлэг дэлгэгдсэн өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт шаардлага хүргүүлсэн. Бидэнд хоёр хоногийн дараа шаардлагын хариуг өгсөн. Ингэхдээ та бүхний хүсэлт, шаардлагыг АТГ-т шилжүүллээ гэж мэдэгдсэн байдаг. Энэ байдлаас харахад, тэр шүүгч нарыг шалгуулах ямар ч сонирхолгүй байгаа нь илт. УИХ-ын нэр бүхий гишүүд ч хэлсэн. Ерөнхийлөгчийн шууд хамаарлын А.Гансүх гэдэг хүн хонгилын асуудалд гүн гүнзгий орсон байна. Бид А.Гансүхийг ажлаа өгч, шалгуулах ёстой гэсэн боловч Ерөнхийлөгч таг чимээгүй байна. Дээр нь Болдбаатар гэдэг шүүгч маш ноцтой хүн. Учир нь, Х.Баттулгын орооцолдсон 280 сая ам.долларын төмөр замын хэргийг шүүж байсан шүүгч. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр ёс бус үйлдэл гаргасан, бичлэг нь тарсан хонгилын шүүгч нарыг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцох хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга нь хонгилын шүүгч нартай холбоотой болох нь тогтоогдсон тул ажлаа өгөх ёстой" гэсэн байр суурь илэрхийллээ. 

Тэгвэл "Эх нутаг, хүн зоноо хамгаалъя" төрийн бус байгууллагын тэргүүн Б.Хандсүрэн "Хамгийн гол нь төрийг дээрэмддэг байлаа. Одоо иргэний амьдрал руу орж байна. Бид А.Гансүх гэдэг хүнтэй уулзахад өмгөөлөгч Б.Баасанцогт гэдэг хүн манайхтай хамаагүй гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр бүх зүйл ил болж байна. Ард түмний амьдралыг шийддэг шүүгч нар нь хонгил болчихсон байна. Зарлиг гаргаад, зүгээр шалгуулчих хэрэгтэй шүү дээ. Төрдөө итгэх үү, хөх тэнгэртээ итгэх үү мэдэхгүй байна. Шударга бусын хонгил, бүлэглэл үүссэн асуудалд хүчээ нэгтгэж, тэмцэх хэрэгтэй байна" гэж ярилаа.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top